А.Дашням: Улаанбаатар газар хөдлөлтийн маш өндөр эрсдэлтэй хот

Н.Мижидмаа
2021/04/16

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашнямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Он гарснаас хойш нийслэлд аюулт үзэгдэл, осол хэдэн удаа гарсан бэ. Өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн үү, буурав уу?

-Нийслэл Улаанбаатар хот маань гамшгийн өндөр эрсдэлтэй бүсэд оршдог. Жилийн 4 улирлаа дагаад гамшгийн эрсдэл нь өөр өөр байдаг. Тухайлбал, хавар, намрын улиралд  ой, хээрийн гал түймэр, шар усны үер, зуны улиралд үер усны осол, өвлийн улиралд объектын гал түймэр гардаг. Мөн газар хөдлөлтийн эрсдэл маш өндөр  хот юм.

Нийслэлийн Онцгой байдлын газар он гарснаас хойш объектын гал түймрийн дуудлага 562, аврах ажиллагааны 40 дуудлага хүлээн авч, үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Эдгээрийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад объектын гал түймэр 18.9, аврах ажиллагааны дуудлага 32.2 хувиар буурсан. Нийт дуудлагын тоо 19.9 хувиар цөөрлөө. Харамсалтай нь, он гарснаас хойш 14 иргэн гал түймэрт өртөж амиа алдсаны дотор зургаан хүүхэд байсан. Гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 1.2 тэрбум болсон нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 29.4 хувиар буурсан. Үүнээс гадна гал түймрийн аюулаас 292 иргэнийг аварч, 30 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Ханш нээж, дулааны улирал эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор манай газраас нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар цагдаа, Байгаль орчны газар, ой хамгаалагчид, онцгой байдлын албаныхан хамтран эргүүл хийж буй. Он гарсаар шар өвсний түймэр 26 удаа дэгдэж, 20 га газар өртсөн. Онцгой байдлын албаныхан цаг алдалгүй очиж, түймрийг унтраасан. Дулаарахаар иргэд зусландаа гарч, цасан доороос гарч ирсэн шар өвс, хогийг шатааснаас болж өөрийн болон өрөөл бусдын эд хөрөнгийг сүйтгэдэг. Тиймээс бид иргэдэд жил бүр сэрэмжлүүлэг өгдөг ч түймэр гарсаар л байна. Тиймээс цаашид уг ажлыг илүү эрчимжүүлэх, иргэдэд мэдээ мэдээллийг шуурхай хүргэхэд түлхүү анхаарч ажиллаж байна.

-Нийслэлд ахуйн болон объектын гал түймэр зонхилдог. Цар тахлын улмаас сэрэмжлүүлэг хүргэж, арга хэмжээ авахад хүндрэл учирч байгаа юу?

-Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын хамгийн өндөр хувийг объектын гал түймэр эзэлдэг. Шалтгаан нь гэр хорооллын айлуудын пийшин, зуухны яндангийн цонолт, үнс нурам ил, задгай асгах, тамхи, чүдэнзний цог хаях, цахилгаан хэрэгсэл, машин, техник буруу ашигласнаас үүсдэг. Эдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр айл өрхүүдэд очиж, аюулгүй байдлыг хангуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ер нь бид сэрэмжлүүлэг хуудас, гарын авлага тараахаас илүү цахим сүлжээ ашиглаж мэдээлэл, сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэхийг зорьж байна. Ингэхдээ зөвхөн болгоомжлоорой гээд өнгөрөх бус, хаана ямар асуудал үүссэнийг мэдээлж, айл бүхэнд  ийм аюул тулгарч болзошгүйг сэрэмжлүүлж буй. Нийслэлийн хэмжээнд манай Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс байна. Бас дүүрэг бүрд чиглэл хариуцсан мэргэжилтнүүд бий. Тэд халдвар хамгааллын дэглэм сахиж, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд хүргүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган, зохион байгуулалттайгаар ажилладаг.

-Алба хаагчид аюулт үзэгдэл, ослын дуудлагад ажиллахаас гадна цар тахалтай тэмцэхэд үүрэг гүйцэтгэж буй. Ингэснээр ачаалал хэр нэмэгдсэн бэ. Тэдний нийгмийн асуудлыг хэрхэн зохицуулж буй бол?

-Нийслэлийн Онцгой байдлын газар томоохон бүтэцтэй. Онцгой байдлын ерөнхий газрын тушаалаар саяхан бүтэц, зохион байгуулалтаа шинэчилсэн. “Ковид-19”-тэй тэмцэх ажлыг өнгөрсөн оноос эхлэн жил гаруйн хугацаанд зохион байгууллаа. Одоогийн нөхцөл байдал хүнд байгаа. Алба хаагчид маань олон талын ажилд оролцож байгаа учраас ачаалал ихэссэн. Ингэснээр ар гэр орхигддог асуудал бий. Тэгэхээр энэ бүгдэд зохион байгуулалтын хувьд шийдвэрлэх, бие биеэ дэмжих, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах асуудал гарч байгаа.

-Энэ оны эхэнд орон нутагт хэд хэдэн удаа газар хөдөлж, чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдлээ. Гэтэл гамшгийн дуут дохио дуугарсангүй, аюулыг мэдээлсэнгүй гэж иргэд нэлээд шүүмжилсэн. Болзошгүй аюул учирлаа гэхэд иргэдэд амжиж анхааруулах, улмаар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн түвшинд ямар ажлууд хэрэгжүүлж байгаа вэ?

-Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхтэй бүсэд оршдог.  2013 онд Япон улсын Жайка  Олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх  чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд  газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж,  хотын ойр орчимд 6.5-7.7 магнитутын хүчтэй газар  хөдөлсөн тохиолдолд  барилга байшингийн 48 хувь нь нурах, гал түймэрт  7601 барилга байшин өртөх, 200-300 орчим хүн  амь насаа алдах магадлалтай гэсэн тооцоо гарсан. Бид  дээрх нөхцөл  байдалтай уялдуулан Олон улсын жишигт нийцүүлэн нийслэлийн нутаг дэвсгэрт  болзошгүй  газар хөдлөлтийн гамшгийн үед түр цугларах 193 аюулгүйн талбайг томилгоожуулж, тэмдэг тэмдэглэгээг байршуулж, түр хоргодох 40 байр, 2002 оноос хойш баригдсан газар хөдлөлтийн 7-8 баллд тэсвэртэй 108 спорт заал, 113 сургууль, цэцэрлэгийг томилгоожуулан ажиллаж байна.

Онцгой байдлын байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх 7 хоногт газар хөдлөлтийн аюулаас  урьдчилан сэргийлэх, таниулах, нүүлгэн шилжүүлэх  танхимын болон дадлага сургуулийг  иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад  зохион байгуулж байна. “Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дээрх сургалтуудыг цахимаар зохион байгууллаа.  

Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах үүрэгтэй 60 дуут цамхгийг  анх 2003 онд Улаанбаатарын тойрогт бүрэн хүрэх байдлаар тооцоолж суурилуулсан юм билээ. Гэхдээ суурилуулснаас хойш нийслэлд өндөр барилга олныг барьсантай холбоотойгоор дуут дохио нь бүх хүнд тэр бүр хүрэхгүй, хугарал, сарнил үүсэх зэрэг асуудал тулгардаг. Тэгэхээр бид цаашид Улаанбаатарын нийт иргэдэд дохиог сонсгохын тулд цамхгуудыг нэмж тавих шаардлага тулгарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт гурав, Сонгино хайрхан дүүрэгт хоёрыг тухайн дүүргийн хөрөнгөөр шийдвэрлэн байрлуулсан. Мөн нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд  санал тавьж, 2021 оны төлөвлөгөөнд хоёр дуут цамхаг худалдан авах хөрөнгийг шийдвэрлүүлсэн. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар,  Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийг улсын хэмжээнд 2022 оноос хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дээрх цамхгууд нь Улаанбаатар хотоос 250-300 километрийн радиуст байрлах газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар долоон баллаас дээш буюу   газар хөдлөлтийн улаан түвшний мэдээллийг хүлээн авч, автоматаар  дамжуулах үүрэгтэй. Саяхан Улаанбаатар хотод болсон газар хөдлөлтийн балл нь энэ түвшинд хүрээгүй тул цамхгууд дуугараагүй гэдгийг мэргэжлийн байгууллага  тайлбарласан. Цаашдаа газар хөдлөлтийн долоон баллаас доош чичирхийллийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж мэдээ, мэдээллээр хангах  талаар Шадар сайдын тушаалаар  ажлын хэсэг томилогдон олон улсын жишигт нийцүүлэн  журам гаргахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 18 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 18 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 23 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08