Шөнийн сурвалжилга: СОГТУУ УЛААНБААТАР

Н.Мижидмаа
2021/12/22

Улаанбаатар хотын шөнийн амьдралыг сурвалжиллаа. 

Тодруулбал бар, караоке, буудал, цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байр, хотын гудамж, гэмтлийн эмнэлэг гэсэн газруудаар шөнийн 23:50-03:00 цаг хүртэлх хугацаанд амьдрал хэрхэн өрнөдөг талаар сурвалжлав.

"Одоо хаачих вэ", "битгий өдөөд байгаарай" 

23 цаг 52 минут Сансар 

Тамхи татаж, шүлсээ хаясан, гуйвсан залуучууд Сансар хавийн гудамжаар олноороо холхилдно.  Тамхилан зогсох халамцуухан залуусын дунд "Одоо хаачих вэ" гэх яриа өрнөнө. Харин тойрч зогссон хэсэг залуус нэгэнтэйгээ маргалдаж "Өдөөд байгаарай" хэмээн хашгирч хоорондоо түнжин муутай харагдана. Муудалцаж буй залуусын голоор салгахаар нэг нь орно. "Боль л доо эрүүлдээ ярилц, хөөе боль"  хэмээн сүржин баргил хоолойгоор нэг эрэгтэй орилж муудалцсан хоёрыг салгахаар аядаж байв. Мөн л энэ хооронд бадриун биетэй, бариун хар пальто өмссөн залуу хүмүүсийн дунд "За баар байна шүү" хэмээн уриалгахан орилж сонсогдоно.

Суга таягтай согтуу иргэн газар хэвтэж, хажуудах хүн нь хог шүүрдэн зогсоно

00:00 минут Сансар

Суга таягтай орон гэргүй гэмээр иргэн гудамжинд согтуу хэвтэнэ. Согтуу иргэний хажууд куртикныхаа малгайг толгойдоо угласан 40 гаруй насны эрэгтэй цагдаа нарыг  хармагцаа үйлчилгээний газрын гадаах үүдний хогийн шүүрийг барьж, хог шүүрдэн зогсоно.

Мөн л орон гэргүй гэмээр харагдана. Цагдаагийн алба хаагчид хоёр иргэн дээр очиж шаардлага тавив. 

Хоёр иргэнийг хэрхэх талаар тодруулахад, Цагдаагийн алба хаагчийн хэлснээр орон гэргүй иргэдийг 103-т үзүүлээд Энэрэл эмнэлэг, болон холбогдох газруудад нь хүргэж өгдөг гэв.Өвлийн хүйтэнд орон гэргүй хүмүүс, архи ууснаасаа болж осгох тохиолдлууд бүртгэгдсээр байдаг талаар ярьж байв.

Ах, дүү хоёр намайг зодчихлоо хэмээн цээжээ нүцгэлж гудамжаар орилов

00:30 минут Чингис зочид буудал

Цагдаагийн алба,  хаагчдын ярьснаар тухайн газарт 1000 хүний шинэ жилийн хүлээн авалт болсон аж.  Эрүүл, согтуу, ганган, гуйвсан гээд янз бүрийн хүмүүс гарч ирж харагдана. Олны бужигнаан дундаас анхаарал татаж 20 нэлээн гарсан залуу цээжээ нүцгэлээд хашгирч эхлэв. Залуу "Ах дүү хоёр нийлээд намайг зодчихлоо, би ална" хэмээн хашгирч байх зуур гоёлын нимгэн даашинзныхаа гадуур шуба угласан охин хүлээн авалт болсон газраас алхсаар замын хажууд таксинд гар өргөн, чичирч зогсов.

"Нөхрөө ирж ав л даа", "Би Баянхошуунд байна уу, Баянзүрхэд байна уу"

00:48 минут БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

Цагдаагийн хэлтсийн үүдний сандал дээр 30 гаруй насны эрэгтэй согтуу байдалтайгаар эхнэртэйгээ утсаар ярин сууна. Тэрбээр утсаар ярингаа цагдаагийн алба хаагч руу орилов. "Манайх Баянхошуунд байдаг, би яг одоо хаана байна" хэмээн хараалын үгийг цагдаагийн алба хаагч руу чулуудаж байлаа. Энэ зуур Цагдаагийн алба хаагч 30 гаруй насны залуугийн утсаар эхнэртэй нь үргэлжлүүлэн ярьж, Баянзүрхийн цагдаагийн нэг дээр байна, нөхрөө ирж ав л даа хэмээн ярив. Согтуу залуу цагдаагаас утсаа авч эхнэр рүү гээ залгасан дуудлагаа салгахтайгаа зэргэцэн "Хөөе би Баянхошуунд байна уу, Баянзүрх дүүрэгт байна уу. Та нар хууль зөрчөөд намайг саатуулж, миний эрхэнд халдлаа" хэмээн орилсоор байв.  Энэ зуур бас л согтуу нүүр нь хоёр, гурван хэсэгтээ шалбарсан 60 гаран насны иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төв гэх улаан алаг хувцас өмссөн эмэгтэй ирж үзэв. Ингэхдээ таны нэр хэн бэ, хаана чинь өвдөж байна , ах аа би таны биеийн байдлыг үзэх гэж байгаа юм хэмээн ярих аж. Харин цагдаагийн алба хаагчид руу агсам тавих шахам хашгирч байсан 30 гаруй насны залууг ойролцоо насны эрэгтэй ирж, сугадсаар хаалга руу дөхөв. Согтуу залуу хаалгаар гарахдаа цагдаа руу харж "Би та нарыг элэгдэнэ ээ" хэмээн орилсоор найздаа чирэгдэн цагдаагийн хэлтсээс гарсан юм.

"Хүнээ өглөө 10 цаг гээд ирж ав, 5000 төгрөг заавал тушаана шүү "

01:20 цаг БГД-ийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байр 

Ахыг авах гэж байгаа байдлаар эрүүлжүүлэх байрны алба хаагчаас асуув.

-Хүнээ яаж авах вэ?

-Одоо авах боломжгүй, авч ирсэн цагдаа нь явчихсан. Өглөө ирээд аваарай.

-Өглөө хэдээс ирэх юм?

-10 цаг гээд ирээрэй. Үүдэнд таван мянган төгрөг заавал тушаана шүү

-Яагаад

-Эрүүлжүүлэх байранд хоноглохоор хүн бүрээс авдаг юм аа. 

-Дотор дулаахан уу?

-Дулаахан хонож байгаа, санаа зоволтгүй.Өглөө ир.

Эрүүлжүүлэх байрны өөр нэг алба хаагчаас асуув.

Шинэ жилтэй холбоотой эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгдсэн үү? 

-Шинэ жилээр маш их болчихдог шүү дээ. Манай энэ эрүүлжүүлэх байрны ачаалал бараг 30-40 хувь  нэмэгддэг шүү дээ.

Гудамжинд согтуу байгаа хүн бүрийг эрүүлжүүлэхгүй биз дээ?

-Яалаа гэж дээ. Бид эхлээд шаардлага тавиад харгалзах хүнтэй бол аль болох эрүүлжүүлэх байранд авч ирэхгүй байхыг хичээдэг. Харгалзах хүнгүй, нийтийн хэв журам алдагдуулаад, осгох эрсдэлтэй бол эндээ л авч ирнэ шүү дээ.

Шагчид: "Хямдруулаад ярьж хөөрөөд ав, миний дугаарыг бичээд авчих"

01:43 минут 1-р хороолол

Нэгдүгээр хорооллын арын замаар хэдэн эрэгтэй бөөгнөрөн зогсож, хажуугаар нь явах машинаас хүмүүс толгойгоо цухуйлгаад

- "Юм байна уу миний дүү"?

-Байна шүү дээ ахаа,  хямдруулаад ав. Ярьж хөөрөөд хямдруулаад ав. Үнээ гурван ширхэг нь 40 мянга,  хямдхан архи нь 30-д байна. Авах юм уу?

-Эргээд хүрээд ирье

За миний утас 809514..шүү хэмээн хоцров.

Согтуу хүмүүс газраар сууж, сандал дэрлэн унтаж байв

 02:00 цаг ГССҮТ- Яаралтай хүлээн авах тусламжийн хэсэг

 ГССҮТ-ийн  Яаралтай хүлээн авах тусламжийн хэсэгт оров. Тухайн хэсэг архи ханхалсан согтуу иргэдийн хөлд дарагджээ. Учир нь үүдээр нь ормогц исгэлэн эхүүн, удаан зогсоход толгой өвтгөм эвгүй үнэр ханхална. Согтуу бололтой хоёр хүн газар хөлөө жийж зэрэгцэн сууж байгаад гарч явав. Харин эсрэг талын сандал дээр зузаан нохой гутал өмссөн хүн гүн нойронд автан, хурхирах аж.

 Үүдний хэсэгт дотогш орсон нэгнээ хүлээх зуураа зарим нь утсаа оролдож, зарим нь хоорондоо сонин, сайхан ярилцан үнэртэх эвгүй үнэрийг үл тоон зогсоно. Үүний хажуугаар торонд хувцсаа хийгээд бөндийлгөөд барьсан хүмүүс ч үе үе орж ирээд гарна.  

"Нойл ёстой пүү чорт"

02:05 минут Халимаг үстэй, ахимаг насны цэнхэр хувцастай сувилагч эмэгтэй эмчилгээний хэсгээс үүдний хажууд байх нойл руу чиглэн ирээд "Энд байгаа хүн амьд байна уу" гээд нойлын хаалгыг нээж толгойгоо оруулан шагайв. Анх энэ хэсэг рүү орж ирэхэд үнэртсэн, одоо ч үнэртэж байгаа исгэлэн, шээсний үнэр нойлын хаалга нээмэгц улам тодров. Нүднийхээ булангаар хартал нойлын өрөөнд цээж нүцэглэн, хөлөө жийж газар суух эрэгтэй харагдав. Эрэгтэйн үс ялимгүй бууралтсныг харахад 50 нас нэлээн гарсан бололтой.  Сувилагч эмэгтэй нойлын хаалгыг хаагаад "Нойл ёстой пүү чорт, өмдөө тайлчихсан сууж байна шүү дээ" хэмээн уулга алдсаар буцаад эмчилгээний хэсэг рүү орлоо.Энэ зуур хүлээн авахын нэг өрөөнд нялх хүүхэд уйлж дуулдав. Удалгүй 40 гаруй насны эмэгтэй нүүрээ түлчихсэн 2-3 насны охиныхоо нүүрэнд түрхлэг, түрхүүлчихсэн охиных нь нүүр овойгоод хавдаж өвчнөөсөө болж уйлах аж. Ээж нь том хөнжилд охиноо ороогоод тэвэрчихсэн, эмнэлгийн хаалгаар гарч явав.

"Хэдүүлээ хүлээнгээ машинд хонох уу"

02:15 минут Хөлөө гэмтээчихсэн бололтой эрэгтэй хоёр хүнээр түшүүлэн яаралтай тусламжийн хаалгаар орж ирэв.Тэдний араас татсан тамхиа арай хийн унтраасан ахимаг насны суга таягтай эрэгтэй уртаар санаа алдан орж ирэв. Үүний хажуугаар саяхан гаднаас яаралтай тусламжийн хэсэгт орж ирсэн таван хүн тойрон зогсоод "Хэдүүлээ хүлээнгээ машинд хонох уу" "Би эндээ хүлээж байгаад, хэрэгтэй юм байвал та хэд рүү залгах уу" гэх яриа сонстоно. Яаралтай тусламжийн хэсгийн талбай жижиг, бас хаалга нь байн байн онгойх тул үүдэнд хүлээн зогсох хүмүүс даарсан байдалтай харагдаж байв.

02:23 минут Зүүн нүд нь харахын эцэсгүй болж бондойтлоо хавдсан залуу хувцсаа чамбайлан өмсөөд яаралтай тусламжийн хэсгээс гарч явав. Энэ зуур сахиураар орж буй 50-аад насны эрэгтэй гадуур хувцсаа гялгар торонд бөөоөнхийлөн хийгээд тавчик, саарал өнгийн бэлтгэлийн өмдөө зогсож солиод дотогш орлоо.

 02:30 "За яаж байна, та хэд хариад амарч байх юм уу?" гэсээр гурван хүн хоорондоо ярих дуулдав. Эхүүн үнэр орж ирсэн цагаас хойш ханхалсан нойлын өрөөнөөс халамцуу  хөгшин эрэгтэй гарч ирмэгцээ "Цаг хэд болж байна миний дүү" хэмээн над руу дөхөв. Эрэгтэйгээс нөгөө л эхүүн, шээсний үнэр хамар сэнгэнэтэл үнэртэж байв. "Ах аа цаг 02:38 болж байна" гэж хэлсээр холдтол буцаад нойлын өрөө рүү оров.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай 7 цагийн өмнө
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ 7 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана 8 цагийн өмнө
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм 10 цагийн өмнө
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна 10 цагийн өмнө
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна 10 цагийн өмнө
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” 10 цагийн өмнө
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой 11 цагийн өмнө
“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ 11 цагийн өмнө
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно 11 цагийн өмнө
Авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна 12 цагийн өмнө
С.Амарсайхан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийснээр энэ салбар утгаараа хөгжинө 12 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хоршооллоор малчин айлын сарын дундаж орлого 5 cая төгрөгт хүрнэ 12 цагийн өмнө
ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлнэ 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ 14 цагийн өмнө
Ховор металлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 14 цагийн өмнө
Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна 15 цагийн өмнө
Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ 15 цагийн өмнө
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна 15 цагийн өмнө