АН Сонгинохайрханд ялалт байгуулахаар шийдэж Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг илгээжээ
АН-ын нэр дэвшүүлэлтийн содон хоёр төрх болсон нэг багийн тоглогчид болох Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг “Хэн нь хэн бэ” буландаа онцолж байна.
Ардчилсан нам энэ тойргийг ихэвчлэн МАН-д найр тавин “бэлэглэж” ирсэн бол энэ удаа хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө тус тойрогт илгээсэн нь ялах эрмэлзлэл хэр их байгааг илтгэнэ. Тиймдээ ч Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Баянголд дүүрэгт нэр дэвшин 26 мянган хүний санал авч байсан залуу лидер П.Галиндэв нарыг ялалтаа өвөртөлчихлөө гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тухайд хоёр ч тойргийн саналаас татгалзан энэ тойрог руу өөрөө ирсэн гэх. Өмнө нь Орхон аймгаас сонгогдож байсан, тойрогтоо ч чамгүй ажил хийчихсэн улстөрч. Эрдэнэтийн хувийг иргэн бүрд хүртээх ёстой хэмээн тэмцэж, үр дүнд хүрсэн учраас орхончууд түүнд хир халдаадаггүй. С.Ганбаатар, Н.Алтанхуягийн хоршил орхончуудад таалагдаж байсан юм билээ. Гэтэл энэ удаа Орхоны тойрогт АН-ынхан Ерөнхийлөгч асан Х.Баттулгын багийг илгээж, харин Н.Алтанхуягаа төрсөн нутаг Увс аймаг руу нь биш унаган дүүрэг рүү нь “Өөрчил шинэчил, хамгийн гол нь иргэдийг ажлын байртай, амьдрах баталгаатай болго” гэсэн хүндхэн хийгээд тун чухал томилолт өвөртлүүлэн илгээжээ. Унаган хэмээн тодотгосон нь Н.Алтанхуяг гишүүний тухайд олон жил тус дүүргийн иргэн байсан бөгөөд улс төрийн олон сонголтоо Сонгинохайрханаас хийж байжээ. УИХ-д сонгогдон ажиллаж байсан түүхтэй. Анх багш болоод худалдаж авсан “Өнөр” хорооллын байрандаа олон жил амьдарсан учраас тус дүүргийн унаган иргэн хэмээн тодотгож буй хэрэг юм. Тиймдээ ч “Нам хаана томилно, би тэнд нь очиж ялалт байгуулах ёстой. Миний амьдарч байсан, хайртай дүүрэг учраас би асуудлыг нь, зовлон бэрхшээлийг нь хамгийн сайн мэднэ. Тиймдээ ч нам итгэл хүлээлгэж энэ рүү илгээлээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон байна билээ. Хамгийн ахмад улстөрч хэдий ч шижигнэсэн залуусын багийг удирдан орж буй түүний багт сонгинохайрханчууд тун их найдлага тавьж буй нь рейтингийн судалгаагаар харагдсан гэх.
Нэр дэвшигч П.Галиндэвийн тухайд 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө улс төрд ч, намдаа ч “битүү морь” байлаа. Гэтэл энэ залуу бүлэглэл, фракцийнхаа эрх ашигт хүлэгдсэн АН-ын эсрэг жигүүр байгуулан залуустайгаа тэмцэж, намаасаа гарч байгаад бүлэглэлийн толгойлогчтой өрсөлдөнө хэмээн С.Эрдэнийг амлаж авснаараа улс төрийн хүрээнд анхаарлын төвд орж ирсэн юм. Нэрийн хуудсаа бариад өглөөнөөс орой болтол Баянгол дүүргийг хөндлөн гулд явж, иргэдтэй нүүр тулан уулзсаны үр дүнд тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болохоо шахсан. Тэр ч байтугай өмнөх УИХ-ын гишүүн болсон нэр дэвшигчээсээ тун цөөхөн саналаар ялагдаж, 26 мянган санал авч, улс төрийн түүхэнд нэгэн содон түүх бичиж байжээ. Өнөөдөр Улсын их хуралд сууж буй 54 гишүүнээс илүү санал тухайн үед авсан гэхээр хэр зэрэг чансаатай улстөрч болохыг нь илтгэнэ.
Тиймдээ ч энэ удаа дахин Баянголд очих болов уу гэсэн хүлээлт байсан ч эсрэгээрээ АН-ынхан Сонгинохайрхан дүүрэг рүү Н.Алтанхуягтай хамт илгээсэн нь содон хийгээд сонихон сонголт байв. Н.Алтанхуяг, П.Галиндэв нар хоёулаа нэг баг болж 10 гаруй жил ажиллаж байсан, үндсэндээ нэг багийн тоглогч нар. Хоёулаа намынхаа бүлэглэлийн эсрэг тэмцэж, намаасаа гарч байгаад 2020 онд тус, тусын тойрогт бие даан өрсөлдөж Н.Алтанхуяг 19 мянга, П.Галиндэв 26 мянган иргэний санал авч байлаа. П.Галиндэвийн тухайд мөн л Сонгинохайрхан дүүргийн иргэн бөгөөд дүүргээсээ ИТХ-д өрсөлдөж, ялалт байгуулан төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Газрыг 100 жилээр гадныханд өгнө гэх утгатай УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын УИХ руу түлхсэн хуулийн төслийг УИХ-аас эргэн татуулахын тулд 21 аймгаар тойрч, 100 гаруй мянган иргэний санал цуглуулан хуулийн төслийг буцаан татуулж байсан нь түүний улс төрийн том гавьяа болж яригдах болжээ. АН-ын дараагийн дарга хэмээн улс төрд яригдах хэмжээнд улс төрийн ранкаа тогтоосон, шартай, аатай өрсөлдөгч учраас сонгинохайрханчуудын хүлээлтэд нийцэж буй өрсөлдөгч хэмээн АН түүнийг энэ тойрог руу илгээсэн аж. Тэр хэрээрээр ч рейтинг нь өндөр яваа сурагтай. Энэ хоёрын нэгдэл ч МАН-ын өрсөлдөгч нарынх нь зүрхэнд шар ус хуруулж буй юм.
МАН хөлөндөө эрдэв үү, хүнийн нөөцгүйгээс алдаа гаргав уу
Сонгинохайрханыг энэ удаа МАН-ынхан тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Соёлын сайд Ч.Номин, Анагаахын доктор Н.Хүрэлбаатар, Хотын орлогч П.Сайнзориг, Н.Энхбаярын хүү гэдгээс бусдаар төдийлөн сайн танигдаагүй УИХ-ын гишүүн Э.Батшугар зэрэг шинэковуудад даатгаад үлдээчихсэн. Товчхондоо, “Готов нь авна уу, Шадав нь авна уу” гэдэг байдлаар хандсан гэсэн үг. Х.Нямбаатарыг Хотын дарга болгоод явуулсан. Д.Сумъяабазараа улс төрийн тоглоомоос бодлогоор шахаад гаргачихсан. Н.Учрал хэдийнэ Сүхбаатарыг тойглох болсоор хоёр он улирч буй. Зориуд хаях гэж хаяагүй байж болох ч Н.Учралын толгойг МАН энэ удаа өөр дүүрэгт ашиглаж эхэлсэн учраас сонгиночууд МАН-д үндсэндээ хаягдчихсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй нь ээ. Энэ тойрогт МАН-ын илгээсэн нэр дэвшигчдийн Э.Батшугараас бусад нь УИХ-д сууж үзээгүй, улс төрд “түүхий” кандитатууд. “Тооноор шар гэрэл тусаад” гэдэг шиг МАН-ын цонхоор ороод ирсэн “HD Монгол” телевизийн захирал бүсгүй Ч.Номин энэ тойргийн ард иргэдийн зовлон, жаргал хэр ойр тусахыг мэдэхгүй. МАН харин мэднэ гэж илгээжээ.
Анагаахын салбартаа л мундаг хэдий ч ард түмний төлөөлөл болж ажиллаж чадах эсэх нь тодорхойгүй Н.Хүрэлбаатар, Хуульзүйн сайд Х.Нямбаатарыг дагаж улс төр хийхдээ хүн загнахыг нь хамгийн сайн сурсан Хотын орлогч П.Сайнзориг гэх мэтээр дандаа боловсроогүй, түүхийгээрээ яваа улстөрчдийг эрх баригч нам сонгинохайрханчуудын сонголтод явуулсан нь тунчиг сонин. Өмнөх улстөрчдийн бэлтгэсэн сонгуулийн хөлөнд бардав уу, эсвэл үнэхээр энэ “хаягдсан” тойрогт илгээх хүний нөөцгүй болчихов уу. Эс бөгөөс ”П.Анужин, Б.Жаргалмааг сонгодог юм чинь эднийг ч гэсэн сонгочих биз” хэмээн даапаалсан ч юм шиг тунчиг хачирхалтай сонголтыг тэд хийжээ.
Намыг нь байтугай хүнийг нь ч танихгүй жул сонголт
Улс төрийн тавцанд гуравдагч хүчний орон зайг хүчтэй бүрдүүлнэ, гадаадад боловсрол эзэмшсэн залуусаар эх орноо хөгжүүлнэ хэмээн асар итгэл дүүрэн буй “ХҮН”-ынхан энэ удаа мөн л нэрээ бодож таван өрсөлдөгч тус тойрогт илгээжээ. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд МАН-ын БЭТ аятай ажиллацгааж, намаа ч улс төрд таниулж чадаагүй. Тэр утгаараа ийм богинохон сурталчилгааны өдрүүдтэй, улс төрийн сонгуулийн хугацаанд танигдаж амжихгүй кандитатууд харагдаж байх юм. ХҮН-ын таван нэр дэвшигч дунд ганц хүн л олны танил хэмжээнд буй нь “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг. Монголын мянга, мянган бизнес эрхлэгчдийн нэг хэмээн олонд танигдаж, төрөөс хүүтэй зээл авсан ч түүнийгээ төлж чадахгүй компаниа дампууруулсан гэх мэтээр үргэлж олны анхаарлын төвд байдаг, сайн муу, саар муухай бүхэнтэй нэр холбогдож явдаг бүсгүй. Харин бусад дөрвөн өрсөлдөгч болох Ш.Отгонтуяа, Ж.Төмөрхуяг, Г.Батзориг, Ч.Баярсайхан нарын талаар нарийн мэдээлэл байхгүй учраас энэ удаа түр азная. Улс төрийн нам нь өөрөө нэр дэвшигчдээ олонд таниулж, ядахдаа л намтартай нь нийтэд цацсан бол хэн нь хэн болох, хаана юу хийж яваа, хаана сургууль төгссөн зэргийг бичиж болох ч гэлээ тийм мэдээлэл олдсонгүй.
Сэтгэгдэл (9)