Хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цагдаагийн алба хаагчдад нэг иргэн зодуулснаас нас барлаа гэдэг асуудал гарсан. Үүн дээр та хүний эрхийн өмгөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Яг энэ асуудлаар би цахим орчноос хоёр ч мэдээллийг олж үзсэн. Нэгдүгээрт, амь хохирогчийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын гадаа хэвлэлийн хурал хийж, гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Хоёрдугаарт, болсон нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас хийсэн мэдээллийг сонссон. Мэдээж хүний эрхийн чиглэл, тэр дундаа гэмт хэргийн хохирогч, холбогдогч нарын эрхийн хамгааллын асуудлаар ажилладаг хүний хувьд хуулийн байгууллагад шалгагдах явцдаа алтан амиа алдсан. Тэр дундаа эмнэлгийн орон дээр гавтайгаа байж байгаад нас барсан нь үнэхээр харамсалтай санагдсан. Олон жил ийм хэрэг дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэхэд, энэ бол ганц удаагийн тохиолдол биш. Нөхцөл байдлаас нь харахад тухайн хүний эрүүл мэндийн байдал дордсон байна. Цагдан хоригдож байгаа хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлье гэхэд ямар их хүнд суртал, олон шат дамжлагатай тулгардгийг иргэд болон дарга нар тэр бүр мэддэггүй. Олон жилийн өмнөөс л 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байгаа эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ авч чадахгүй байдлаас болоод эрсдэлт нөхцөлд орж, хүүхэд зулбах хүртэл тохиолдлууд гарч байсан. Тиймээс дөрвөн жилийн өмнөөс энэ асуудлыг хөндөж 461 дүгээр хорих ангид эмэгтэйчүүдийн жигүүр, эмэгтэйчүүд, хүүхдүүдээс мэдүүлэг авах өрөөг хүртэл тохижуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангуулах ажлыг зохион байгуулж байсан юм. Хүн ер нь хуулийн дагуу нийгмийн харилцаанд оролцож байх эрхээ хугацаатайгаар хязгаарлуулж, үйлдэл, эс үйлдлээ шалгуулж болно. Гэхдээ Үндсэн хуулиар олгогдсон хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь тухайн иргэнийг цагдан хорьж байгаа хуулийн зохицуулалтаар бүрэн хангагдаж байх учиртай. Харамсалтай нь эдгээр эрх нь хуулиар биш, тухайн байгууллагын дотоод журам заавраар хангалтгүй зохицуулагдаж хүний эрх зөрчигдөөд байна. Цагдан хорих байгууллагыг Эрүүл мэндийн яам өөрийн харьяа биш гээд анхаардаггүй.
ХЗДХЯ болохоор цагдан хоригдож байгаа хүний эрхийн элдэв асуудлыг нь мэдрэмжтэйгээр олж хардаггүй байдалтайгаар явсаар өнөөдрийг хүрсэн. Цагдан хоригдож байгаа иргэдийн хүний эрхийн асуудлыг одоо ил гаргаж тавих, хууль тогтоомжуудад нь өөрчлөлт оруулж, хүний эрхийг зөрчих, хорихоор асуудлыг шийдвэрлэх цаг нь болсон гэж үзэж байна. Гэнэтийн асуудал үүсэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадамж хүрэлцээ тааруу байгаагийн тод жишээ бол энэ. Дээрээс нь хүний бие муудлаа гэхэд хугацаа маш их алддаг. Тухайн хүнийг дараагийн шатлалын эмнэлэгт аваачихын тулд прокурор, мөрдөгчид танилцуулна. Нөгөөдүүл нь зөвшөөрөл өгөх гэж бөөн юм болдог. Миний хувьд энэ талын маш олон хүсэлт гаргаж байсан. Даанч маш бага хувьд нь л зөвшөөрөл өгсөн байдаг. Энэ мэт л шат дамжлагаас болоод эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж авч болох цаг хугацаа алдсанаас амиа алдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш 21 настай хүүхдэд хууч өвчин гэж юу байх вэ дээ. Хууч өвчин нь сэдрээд амиа алдахад хүрчээ гэж өнгөц урьдчилсан дүгнэлт хийж байгаа бол хууль зөрчсөн төдийгүй ажил,мэргэжлийн хувьд асар ёс зүйгүй, хариуцлагагүй дүгнэлт болно.
-Ер нь сүүлийн үед ямар нэгэн асуудал болоход эхлээд тухайн хүнд л бурууг нь тохох гэж оролддог болчихсон мэт харагдаад байгаа?
-Хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн албан хаагчдын үйлдэл, эс үйлдлээр хүний амь нас хохирсон, нэр төр, эрхэд нь халдсан байвал хариуцлага хүлээх гэдэг асуудал шат, шатандаа байхгүй болсон. Ерөөсөө төрийн ажил, төрийн албан хаагчдын хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ хууль, хүчний байгууллагын хүний эрхийн асуудалд хандаж байгаа байдал юм. Энэ удаад ч гэсэн цагдаагийн байгууллагаас ямар мэдээлэл хийх нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байсан. Харамсалтай нь удаа дараа гаргаж байсан хүний эрхийн асуудлыг орхигдуулж ажилладаг үйлдлээ давтан гаргасан. Хохирогч 10 гаруй гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байсан, өвчтэй байсан гэх цагдаагийн байгууллагын мэдээлэл нь хүний эрхийг хүндэтгэж байна уу. Хохирогчийн гомдлыг хуулийн хугацаанд нь шалгаж хариу мэдэгдсэн, хохирогчийг зодсон цагдаагийн албан хаагчид арга хэмжээ авч шалгасан, хэрэг үүсгэсэн үр дүнг мэдээлсэн үү. Иймэрхүү зүйл өмнө нь мөн гарч л байсан. Зүүнбаянгийн цэргийн ангид нэг цэрэг амиа алдахад зодуулснаас үүдсэн хөхрөлт, толбоных нь зургийг олон нийтэд харуулж байгаад Цагдаагийн байгууллагын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан эмэгтэй “Энэ бол хүүрийн толбо” гэж урьдчилсан дүгнэлт хийж мэдээлж байсан. Харин тухайн амь хохирогчийн эрхийг хамгаалж, шат, шатны шүүхээр гадны нөлөөтэй нас барсан болох нь нотлогдож, холбогдох хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Яг л энэ асуудал давтагдаж байна. Манай цагдаагийн байгууллагаас болсон нөхцөл байдал дээр хүний эрхийн мэдрэмжгүйгээр урьдчилсан дүгнэлт хийдэг. Эсвэл амь хохирогчийг буруутгадаг. Хүний хувийн байдлын талаарх мэдээллийг хүндэтгэж үзэхгүйгээр дур зоргоороо мэдээлдэг. Энэ бол байж боломгүй зүйл. Үүнийг журамлан зохицуулах ёстой. Тухайн хүн ямар гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаас үл хамаарч аюулгүй л байх ёстой. Саяын амь хохирогч хүү бол төрийн хамгаалалтад байсан шүү дээ.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр шүүж 4.9 жилийн хорих ял өгсөн нь бас л маргаан дагуулж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудлыг хүмүүс өөр өөрийнхөөрөө л дүгнэж байх шиг байна. Харин миний хувьд бол тэр хүн хэн байхаас үл хамаараад Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хэрэгжилт нь хэр байна вэ гэдэг дээр анхаарал хандуулж, хэд хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг. Энэ эрх нь хангагдсан уу гэдэг дээр л бид нийтээрээ анхаарах ёстой. Яагаад гэвэл өнөөдөр Н.Өнөрцэцэгийн, маргааш таны асуудал, нөгөөдөр үр хүүхдийн тань эрх зөрчигдөх магадлал байж болохгүй шүү дээ. Тийм болохоор хүний эрх хаана зөрчигдөж байгааг байнга илэрхийлж, энэ талаар дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байхыг миний хувьд эрхэмлэдэг. Мөн Үндсэн хуулийн 55 дугаар зүйлд шүүгдэгч хууль зүйн туслалцаа авах, түүнийгээ мэргэжлийн хүнээр дамжуулан авах эрхтэй гэж заасан байдаг. Энгийн маргаан, зөрчил дээр хувь хүн өөрийгөө өмгөөлж чадна, болно гэсэн итгэл үнэмшил, чадвар байж болно. Гэтэл эрүүгийн гэмт хэрэг буюу хүний эрх хязгаарлагдаж, хувь заяа шийдэгдэх гэж байгаа үед мэргэшсэн өмгөөлөгчөөс мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцааг авах зайлшгүй шаардлагатай. Энгийн иргэн хуульч, прокурор буюу улсын яллагчтай мэтгэлцэж чадах эрх зүйн хангалттай мэдлэггүй шүү дээ. Ийм нөхцөлд аваачиж байгаа нь л өөрөө хүний эрхийн зөрчил.
-Нэг өмгөөлөгч нь хуралдаан давхацсан. Нөгөөгөөс нь өөрөө татгалзсан буюу шүүхэд саад учруулах гэсэн гэдэг дээр та юу хэлэх вэ?
-Шүүхийн мэдээ гэдэг сайт дээр өмгөөлөгчөөр хангасан. Тэд нь татгалзсан гэсэн нэг талын байр суурьтай мэдээлэл гаргасан байна лээ. Харин энэ асуудал дээр би өөр байр суурьтай байгаа. Үйлчлүүлэгч өөрөө татгалзсан өмгөөлөгч бол зөвхөн нэг дээр нь буюу хөнгөн гэмт хэрэг дээр нь хууль зүйн туслалцааны гэрээ байгуулсан байдаг. Яг хүнд гэмт хэрэг буюу хавтас хэрэг дээр ажиллаж байсан. Нууцын материалтай танилцаж гарын үсэг зурсан өмгөөлөгч нарыг ирсэн ганц өмгөөлөгч нь орлож өмгөөлөх ямар ч боломж байхгүй. Тийм учраас өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр татгалзах нь зүйтэй гэж үзсэн байх. Мөн шүүх хурал давхацсан өмгөөлөгчийг манай шүүх хурлаас хойно тов нь гарсан шүүх хуралдаанд орсон гэсэн буруутгасан хандлагатай мэдээлэл байсан. Гэтэл анхан шатны шүүхүүд 14-30 хоногийн өмнө зарлагддаг бол давж заалдах шат болохоор ердөө долоо хоногийн өмнө л товлогддог. Ингэхээр сарын өмнө зарлагдсан хуралдаа орно гээд давж заалдах шатны шүүх хуралдаандаа орохгүй байж болохгүй шүү дээ. Мөн энд бас нэг өнцөг харагдаж байгаа.
-Тэр нь юу вэ?
-Шүүх хуралдаа ирж чадаагүй өмгөөлөгчийн үр дагаврыг шүүгдэгчид гаргаж хэрхэвч болохгүй. Тэр мэдээн дээр нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж бичсэн байсан. Гэтэл Н.Өнөрцэцэг саад учруулаагүй. Тэр хуралд ирчихсэн байсан. Харин шүүх хуралд ирээгүй өмгөөлөгчид сануулах, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох боломжтой. Дээрээс нь хурлыг нэг удаа хойшлуулах дархан эрх нь шүүхэд бий. Тиймээс хүний хувь заяаг шийдэх гэж байж шүүх хуралдааныг хойшлуулж болох байсан. Үүнийг чинь л хүнлэг, энэрэнгүй нийгмийн үндэс гэж хэлээд байгаа юм. Мөн шүүх хурлаар татвараас зугтсан буюу 50 гаруй сая төгрөгийг улсад төлөх шаардлагатай гэж гарсан. Үүнийгээ төлж барагдуулах тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн ч шүүх хүлээж аваагүй гэж ээж нь ярьж байсан. Учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргавал шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж заасан байдаг. Ингээд тухайн төлбөрийг барагдуулчихвал хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болдог хуультай. Үүнийг амьдрал дээр шүүх байгууллага уг нь сайн ч хэрэгжүүлдэг. Гэтэл иргэн Н.Өнөрцэцэг дээр хүсэлтийг нь хүлээж аваагүй нь сонин санагдсан. Тэр шүүгч нь дүүргийн болон нийслэлийн прокурорт олон жил ажилласан туршлагатай ч шүүгчээр томилогдоод удаагүй юм билээ. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн гурав дахь зохицуулалтыг хэрэглэсэн байх гэж үзэж байна.
-Ингэж болдог хэрэг үү. Энэ нь үнэхээр хэр зөв юм бэ гэдгийг танаас асуумаар байна?
-Хүний эрх, эрх чөлөөг шийдэж алх цохино гэдэг тийм амар хялбар ажил биш, асар хариуцлагатай алба. Ажил, мэргэжлийн хувьд өндөр шалгуур шаардлага тавигддаг байх учиртай. Манай прокурорууд цалингийн ялгаатай байдлаас шүүгчийн сонгон шалгаруулалтад их ордог. Тэр бүү хэл нийслэл, дүүргийн прокурорууд шүүгч болно гээд шалгалт өгөөд явж л байдаг. Төрийн өмнөөс хүнийг гэм буруутай гэж яллах гээд явж байсан хүн гэнэт нэг өдөр шүүгч болоод хүний хувь заяаг дэнслээд сууж байгаа нь хэр зохистой вэ. Үүнийг ер нь олж харж, анхаарах хэрэгтэй. Дээрээс нь прокурор буюу улсын яллагч гэж хэн юм бэ гэдэг шалгуур журмыг шинэ шатанд гаргах ёстой. Үүнийг би ч хэлээд байгаа юм биш. НҮБ-ын Хүний эрхийн комиссын шинжээчид манай улсад ирээд хоёр ч удаа зөвлөмж, анхааруулга өгсөн. Дээрээс нь шүүгчээр ямар хүн ажиллах ёстой вэ гэдгийг эргэж харах л ёстой. Хүний амьдралыг шийдэх гэж байгаа тэр хүн ядаж амьдрал таньсан, хуулийн салбартаа тодорхой дадал бий болгосон, хууль хэрэглээний өндөр чадвартай хүн байх хэрэгтэй. Өөрөө гэр бүл болоогүй байж бусдын гэр бүлийн маргааныг дэнсэлж, гэрлэлтийг нь цуцлах шийдвэр гаргаад сууж байгаа шүүгч байгаа шүү дээ. Анхан шатнаасаа нарийн бичиг, шүүхийн туслахаар ажиллаж байгаад шүүгч болсон хүмүүсийн хандлага арай өөр байдаг. Гэтэл хуулийн өөр байгууллагад ажиллаж байгаад ирсэн нь шүүх танхимаа зохион байгуулж байгаа байдал, хүнээс асуулт асууж байгаа хандлага, харизм нь ч өөр байдаг юм. Тиймээс л шүүгч болох хүмүүсийн шалгуур дээр хүний эрхийн мэдрэмжтэй байдлыг нь анхаарч үзэх шаардлагатай болжээ.
-Н.Өнөрцэцэгийг төрийн нууц хадгалсан гэж буруутгасан. Харин олон нийт болохоор тэгвэл төрийн нууцыг хамгаалж байх ёстой, дамжуулсан хүн нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ гэж байна. Энэ тал дээр та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Хүмүүсийн адил цахим орчин дахь мэдээлэлтэй л байна. Ер нь төрийн нууц гээд байгаа зүйл нь яг төрийн нууц байсан уу. Хүн бүрийн гар дамжаад, хэн нэгний машинд явж байдаг зүйл юм уу гэдэг чинь өөрөө асуудал дагуулж байна. Төрийн нууцад тамга тэмдэг дараад орчихсон л бол түүнийг хадгалж, хамгаалах төрийн нууцын ажилтан гэж бий. Хэн гэдэг хүн тэр мэдээллийг өгсөн юм гэдгийг тогтоосон уу. Дээрээс нь Н.Өнөрцэцэгийн хурууны хээ түүн дээр нь байна уу. Тэр мэдээллийг хадгалснаараа үр шимийг нь хүртэх гээд дараагийн алхамд бэлдэж байсан нөхцөл байдал тогтоогдсон уу гээд маш олон зүйлийг олж харах ёстой. Үүн дээр л өмгөөлөгч нарын чинь ур ухаан, мэдлэг боловсрол гарах ёстой байсан. Энэ гэмт хэргийн хариуцлага нь зургаан сараас гурван жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жилийн хорих ял оногдуулах хуультай. Тэр нууцыг хадгалснаараа үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулсан ямар үйлдэл, эс үйлдэхүй бий болсон бэ гэдэг нь нотлогдсон байж энэ зүйлчлэлээр тухайн хүнийг буруутгах учиртай. Мөн хэргийн субьектив талыг нь сайтар тогтоосон байх ёстой. Гэтэл өөрөө ч мэдэхгүй, барааг нь хараагүй гэж мэдээлэгдэж байсан. Энэ мэтчилэн олон асуудал дээр өмгөөлөгчийн орон зай, мэтгэлцээний зарчим хэрэгжих байсан болов уу.
-Мөн хүний эмзэг мэдээллийг олон нийтэд мэдээлсэн гэж үзсэн юм шиг байсан. Гэтэл та яг энэ байдлыг хууль, хүчний байгууллагынхан өөрсдөө гаргаж, хүний эмзэг мэдээллийг ил болгодог. Гэсэн хэрнээ хариуцлага хүлээдэггүй талаар хэлсэн?
-Дорноговь аймагт 13 настай охины амь насыг хохироосон тухайн этгээдийн өмнө нь гэмт хэрэг үйлдсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж хариуцлага хүлээлээ. Үнэхээр гомдолтой байна гэж ээж нь ярьж байхыг сонссон. Яг энэ мэдээллийг Н.Өнөрцэцэг түгээсэн өдөр нь аравдугаар сарын 7-ны өдөр гэнэ. Гэтэл манай цагдаагийн байгууллагын албанаас н.Гантулга гэж хүн холбогдсон байж болзошгүй тул эрэн сурвалжилж байна. Тэр нь ийм гэмт хэргүүдэд холбогдож байсан гэсэн хэвлэлийн хурлыг хоёр хоногийн өмнө хийсэн гэж ярьсан. Хэрвээ энэ үнэн бол хүний эмзэг мэдээллийг түгээсэн гэдэг эргэлзээтэй болоод ирж байгаа юм. Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагын албан хаагчийн гаргасан мэдээллийг цахим орчинд мэдээлсэн нь хүн бүр хүний эмзэг мэдээллийг түгээсэн болох юм уу.
-Тэгвэл ярилцлагын эхэнд дурдсан амь насаа алдсан залуугийн талаар цагдаагийн байгууллагаас 10 гэмт хэрэгт шалгагдаж байсан гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг нь дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хүний эмзэг мэдээллийг тараасан гэм буруутай болчих юм уу?
-Хэрвээ ингэж үзвэл эрх чөлөөт, хүмүүнлэг нийгэм мөн үү гэдэг асуулт гарна. Их л эвгүй байдал биднийг хүлээж байна аа даа. Амь хохирсон залуугийн хувьд авч үзвэл 18-21 насны хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж авч үздэг. Энэ бол зөвхөн манай улсын хууль гэлтгүй Хүүхдийн эрхийн конвенцид ч энэ талын заалт байдаг. Харамсалтай нь өнөөдөр манайд 18 нас хүрсэн л бол шууд 461 дүгээр ангид аваачаад тэнд байнга орж, гарч байдаг удаа дараа гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдтэй хамт нэг тасагт хийчихдэг. Хүний эрхийн мэдрэмжтэй байх гэдэг чинь үүнээс л эхэлнэ. Зайлшгүй нийгмээс тусгаарлах ёстой гэж үзэж байгаа бол өсвөр насны иргэдийг тусад нь хорьдог өрөө байр байх хэрэгтэй. Ер нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар ярьвал олон асуудал бий. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, хорих ял авсан хүмүүс өөрийнхөө толгойг хагартал хана мөргөж, гар хуруугаа тултал цохидог. Үнэхээр хүнд цохилтод орсон энэ үедээ хүн юу ч хийж болно. Тиймээс хэрхэн яаж тохижуулсан ямар хамгаалалттай өрөөнд байлгахаас эхлээд хийх юм олон байна. Манайд ганцхан байдаг эмэгтэйчүүдийн хорих ангид халуун, хүйтэн ус байхгүй. Хоригдол эмэгтэйчүүд нарны илчинд жаврыг нь гаргасан болоод л хүйтэн усанд хувцсаа угаадаг. Олон хүүхэд ээжтэйгээ цуг хоригдсоор байна.Дөнгөж хорвоод мэндэлсэн тэр жаахан хүүхэд тэнд хоригдох ёстой юм. Яагаад эмэгтэйчүүд хорих ангид хүүхдээ төрүүлэх ёстой юм. Нөгөө зорчих эрхийг нь хязгаарладаг цахим гавыг хүүхдийг нь төртөл, мөөмнөөсөө гартал нь зүүлгэж болохоор хуульд өөрчлөлт оруулах нэн шаардлагатай байна. Ер нь хуульд тухай бүр нь хүний эрхийн дэвшилтэй зүйл заалтуудыг оруулж байх хэрэгтэй. Ингэснээр хуулийн зохицуулалт нийгмийн харилцааны хөгжлөөс хоцрохгүй болно шүү дээ. Дээрээс нь Шүүхээс хаалттай, нээлттэй гэж хорих ял эдлэх дэглэмийг зааж ял өгдөг ч тэр хоёр нь нэг дор байдаг. Багануурын хорих анги яг ийм. Хаалттай, чанга дэглэмтэй ангид ял эдэлж байгаа нөхдүүдтэй цуг л анх удаа ял эдэлж байгаа, нээлттэй хорихын хүмүүс нэг хашаанд нарладаг. Энэ мэтчилэн олон асуудлыг өөрчилж, хүний эрхийг хангасан мэдрэмжтэй зохицуулалтыг тус тусын хуульд нэн даруй оруулах шаардлагатай.
-Зарим нэгэн хүний эрхийн мэдрэмжгүй цагдаа, хууль хүчний байгууллагын ажилтнуудаас болоод нийтээрээ үзэн ядах хандлага гаргаад байна гэх хүмүүс ч байдаг?
-Хамгийн гол зүйл бол хууль, хүчний байгууллагын хуулиудад хүний эрхийн зохицуулалт бараг тусгагдаагүй. Тэдгээрт ажилладаг албан хаагч, ажилтнууд нь хүний эрхийн мэдлэг мэдрэмжгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байгаагаас нийт иргэдэд бухимдал бий болж төр засагт итгэх итгэл нь алдарч, төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаалтны нэр хүнд сайнгүй болсонд дүгнэлт хийж засах цаг нэгэнт болсон байна. Төрийн албаны шалгалт нь төрийн албанд ажиллах хүний эрхийн мэдлэг, мэдрэмж хэр юм бэ гэдгээс эхлэх ёстой юм. Хэдэн хууль цээжлүүлээд хуулийн заалтуудыг төсөөтэй зохицуулалт болгож хувиргасан асуултуудыг тааж бууддаг байдлаар нь оноо өгч шалгадгийг одоо халах цаг болсон шүү. Төрийн албаны зөвлөлүүд нь жинхэнэ төрд ажиллах хүн чанартай, ёс суртахуунтай, мэдлэгтэй хүн үү, хүнийг хайрладаг, хүний эрхийн мэдлэгтэй юу гэдгээр нь шалгаж төрийн албан хаагчдыг шилж сонгох ёстой. Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа хүний эрхийн сургалтад хамруулах гээд олон зүйлийг хийж болно. Хандлага гэдэг хамгийн чухал зүйл. Төрийн хувцас өмсөхөөрөө бяр хүч орчихдог. Хүмүүсийг үл хүндэтгэж ханддаг зарим нэг албан хаагчдын хандлага бүр андашгүй харагддаг. Үүнийг өөрчлөхийн тулд удирдлагууд нь хүний эрхийн асуудлаар сургалт явуулж албан хаагчаа таньж, ажилтан бүртэйгээ тулж ажиллах ёстой. Өөрчлөхийн тулд хуулиас нь биш эхлээд хүнээс нь эхлэх ёстой юм байна. Төрийн албан хаагчдын хүнтэй харьцах харилцаа хандлага чинь мянган сайн хуулийн зохицуулалтыг муу болгоод байна. Манай хуулийн байгууллагын удирдлагын хандлага хутга хавирч байгаа аятай хар яр болсон. Үүнийгээ ухаарч, удирдлагын багаа хүний эрхийн мэдрэмжтэй л болгох хэрэгтэй байна гэж үзэж байна. Хуулийн хяналт болон өдөр тутмын хяналт шалгалтыг хариуцсан албан тушаалтан, мэргэжилтэн, холбогдох хүмүүс ажлаа зохих ёсоор хийх нь хоцрогдоод байна. Бодит амьдрал дээр нэг баг хамт олон болчихоод нэгнийгээ хянана гэдэг нь зохицолдохгүй харилцаа юм.Иймд цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын газрыг өөрчилж, прокурорын байгууллагын шууд хяналтад оруулах цаг нь нэгэнт болсон байна. Мэдээж ажлаа үнэхээр чин сэтгэлээсээ, хүний эрхийг дээдэлж хийдэг мянга мянган албан хаагчид байгааг дурдах хэрэгтэй. Чадахгүй байгааг нь өөрчилж, чадаж байгаагийнх нь илүү цаг, нэмэгдлийг нь өсгөж, нийгмийн асуудал хийгээд аж амьдралынх нь чанарыг эрс сайжруулах шаардлагатай байна. Иймэрхүү хууль эрх зүйн шинэчлэлийг Хууль зүй, дотоодын хэргийн яамныхан сайн зоригтой хийгээсэй.
Үргэлжлүүлэн ажиллахаар болсон Ерөнхий сайд иргэдийнхээ бухимдалтай байдлыг хүний эрхийн талаарх хууль тогтоомжуудыг шинэчлэх байдлаар арилгаасай, хүнийхээ хөгжил болон төрийн албан хаагчдын сэтгэлгээнд өөрчлөлт оруулаасай. Ерөнхийлөгч маань хүний эрхийн зөрчил дээр дүгнэлт хийж үгээ хэлж иргэдийнхээ анхаарлыг хандуулаасай гэж хүсч байгаагаа илэрхийлье.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН, Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна