Сэтгүүлч Б.Ганчимэг Н.Өнөрцэцэгийн талаар дараах нийтлэлийг бичжээ.
“Ганирах цагийн аясан дээр гавтай зогсоо анд минь” гэж манай Бямбын Ерэнтэй ах тэр жил бичиж байж билээ. Бид бас нэгийгээ шүүхийн хаалганы цаана яллуулчихаад байсан үе л дээ.
Олон жил өнгөрсөн ч байдал огт өөрчлөгдсөнгүй ээ.
Өнөөдөр өргөст торны цаана 100 гаруй хоног хоригдож байгаа Н.Өнөрцэцэг сэтгүүлч өлсгөлөн зарлажээ.
Туйлдатлаа хоригдсон, эрүүл мэндийн хувьд уначихсан бие энэ акцыг нь дийлж гарах уу. Үнэхээр бодохоор л шархирч байна.
Шүүхэд үл итгэж буй учраас өөрийнхөө эрүүл мэндээр дэнчин тавьсан тэмцлийн энэ аюултай хэлбэрийг арга буюу сонгожээ гэж би харж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу хоёр хоногийн дараа болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа шоронгоос илгээсэн ил захидлаараа илэрхийлээд байгаа юм. Мэдээж холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудлаар ямар нэг хариу өгсөнгүй.
*Тэгэхээр урьдийн адил хаалганы цаана шүүх нь тодорхой байна.
*Ер нь Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон бид бүхэн шүүхээс юу хүсээд байгаа юм бэ?!
Ахиад хэлье.
*Түүнд тулгасан хэргүүд дотроос Төрийн нууц гээд байгаа хэргээс бусад , тэр нууцад нь хамаарахгүй хэргүүдээ нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцүүлье л гэж хүсэж байгаа юм шүү дээ.
Хэсэгчлэн нээлттэй шүүлгэе гэж л удаа дараа гуйж байна. Олон удаа хүсэлтээ албан ёсоор уламжилж байна. Шүүхээс зүй бус ямар ч юм шаардаагүй.
*Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрхээ эдэлье гэж л хүссэн.
*Гэвч энэ эрхийг нь эвхэж хураасан хэвээр байлгаж байгаад дахиад шүүх нь бараг тодорхой байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн ял оноосон. Хэн ч ийм хэмжээний ял ноогдуулна гэж төсөөлөөгүй.
*Ингэхэд түүнийг ямар ямар хэргээр яллаад байгаагийн зах зухаас хэлье л дээ.
Н.Өнөрцэцэгийг ялласан нийт ялын хоёр жилийг адгийн хүчирхийлэгч, 13 настай охины амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн алуурчны хувийн мэдээллийг ил болгосных нь төлөө Монголын шүүхээс түүнд оноогоод байгаа юм.
Үнэхээр ингэнэ гэж хэний маань ч ой тойнд орж ирээгүй.
Жишээ нь;
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ талаар Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлэхдээ "Хүчирхийлэгчийн мэдээллийг ил болгоод, ял авдаг шударга ёс хаана байна вэ. Энэ бол хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн асуудал. Гадаадын оронд байшин авахдаа хүртэл, эргэн тойронд нь хүчирхийлэгч бий эсэхийг шалгадаг шүү дээ” гэж хэлж байна. Энэ үнэн.
Ахиад тодруулъя. Дорноговь аймагт 13 настай охин амиа алдсан эмгэнэлт хэргийн үеэр алуурчны талаарх мэдээллийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг дэлгэсэн.
Тодруулбал, охиныг хичээлээс тарахад нь машиндаа суулгаж, машиныхаа өнгийг будаж хувирган өөрчлөх замаар цагдаа нарыг төөрүүлж байгаад, охины амийг хэрцгийлэн хороож, цогцсыг нь газарт булсан Г.Гантулга гэгч жигшүүрт алуурчныг гэмт хэргийн бүртгэлтэй этгээд болох талаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө л хоёр жилийн ял авч байгаа юм.
*Монголын шүүхээр ийнхүү нэр төрөө хамгаалуулж байгаа Г.Гантулга гэгч алуурчин нь үнэн хэрэгтээ
1995 онд 19 настайдаа хулгайлан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс зургаан сарын ял сонссон.
Дараа нь, 1998 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 12 жилийн хорих ял авсан.
1999 онд ял эдэлж байх хугацаандаа оргож, энэ үеэрээ дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул 2.3 жилийн ял нэмүүлсэн.
2009 онд дахин оргосон. Энэ хэрэгтээ зургаан жилийн ял нэмүүлсэн.
2014 онд танхайрч, олон тооны гар утас хулгайлсан хэргээр мөн зургаан жилийн ял шүүхээс сонссон.
Ингээд хоёр жилийн дараа буюу 2016 онд нь магадлангаар суллагдсан. Хугацаанаасаа долоон жилийн өмнө гэсэн үг.
*Хэрэв ингэж ял завшуулаагүй бол өнөөдөр тэр бяцхан охин амьд байх байсан тухай асуудлыг бид яриагүй шүү дээ!!!!
*Ийм этгээд 13 настай охиныг хөнөөжээ гэдгийг л Н.Өнөрцэцэг олон нийтэд мэдээлсэн.
Энэ мэдээлэл улсын маань амин чухал нууц мэдээлэл биш. Цагдаагийн бүртгэлээс эхлээд шүүхийн шийдвэрийн мэдээллийн санд тогтоолтойгоо ил байж байгаа мэдээлэл.
Ер нь Г.Гантулга шиг жигшүүрт гэмт хэрэгтний хэргийн түүхийг олон улсын жишигт ч хувийн нууцад хамааруулж авч үздэггүй.
Харин ч олон нийтдээ дэлгэрэнгүй байдлаар мэдээлж, сонор сэрэмжээ өндөр байлгахыг анхааруулж байдаг.
*Энэ бол үнэн хэрэгтээ Н.Өнөрцэцэгт хорсон анаж байсан агуу суут нэг ухаантны бодож олсон л хэрэг. Алуурчны аавд Н.Өнөрцэцэгт гомдох ухаан сэхээ байгаагүй гэдэгт би арван хуруу шигээ итгэнэ.
Н.Өнөрцэцэгийн дайснуудад Г.Гантулга гэгчийн аавыг олох мэргэн ухаан төрж, "Хувийн нууц задрууллаа" хэмээн гомдол гаргуулснаар Н.Өнөрцэцэгийн үйлдсэн гэх таван гэмт хэргийн нэг нь ийнхүү ян тан бэлэн болсон байдаг юм. Зөвхөн энэ хэрэгт нь шүүх түүнд хоёр жилийн ял оноох аргачлал ч зохиомжийн дагуу төгс боловсруулагдсан.
Н.Өнөрцэцэг бол тал талаас бүчсэн хараа занаан дунд явсан сэтгүүлч. Үүнийг олон жил сэтгүүлчийн амьдралаар амьдарч, сайн муу нэр зүүж, хутганы ирэн дээгүүр алхах үедээ алхаж ирсэн сэтгүүлчийн хувьд , нөхөр гэхээс илүү дайснуудын занаан дунд амьдардаг энэ тавиланг туулж яваа хүний хувьд би мэдэж байна.
Өнөөдөр ч өөрийнхөө төвөгтэй нэр алдраас болж үр хүүхэд, гэр бүлээ хохироон хэлмэгдүүлж, өөрөө ч хараал зүхлээр булуулж яваа болохоор үзгээ шүүрч, үгээ хэлж байгаа юм.
Зүгээр л нэг манайд орж ирээд хөндлөн гулд тоглож байсан ОХУ-ын иргэн, жижиг гарын тонуулчны нэр төрд халдсан хэргээр хил дээр саатуулагдаж, зорчих эрхээ хасуулчихсанаа ч мэдэхгүй галт тэрэгнээс зулгаалгаад бууж явсан хөгийн үеэ санан яс янгинаж байгаа учраас ярдаглан бичиж байгаа юм.
*Н.Өнөрцэцэгт буруу огт байхгүй гэж бид дайраагүй. Буруу зөвийг нь хуульд зааснаар хэсэгчлээд ч болов нээлттэй хуралдаан хийгээд өгөөч л гэж хүсэж байгаа. Өөр юу ч хүсээгүй.
Ялласан хэргүүд дотор нь ийм зүйл байгаа учраас буруутгагдсан бусад хэргүүд дээр нь ч би хувьдаа эргэлзээ дүүрэн байгаагаа нууж чадахгүй.
*Эргэлзэж байна. Итгэхгүй байна.
Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулахыг шаардаж байна!!!
Мөн давж заалдах шатны энэ шүүх хуралдаанд өмгөөлөгч нарыг нь хууль ёсны эрх дархаар нь бүрэн хангаж ажиллуулахыг шаардаж байна !!!
Тийм ээ, Өнөрцэцэг бол алдаа онооны цуглуулга.
Мэргэжилтний хувьд түүний гаргасан алдаануудад би дотроо шүүмжлэлтэй ханддаг. Гадагшаа гаргаж ер нь хэлж байгаагүй.
Энэ мэргэжлийн тавилан өөрөө шүүсийг нь шахаад өгөх учраас тэр бүр ам хэлээ билүүдэж, атаа жөтөө болж, арцалдаж явсангүй ээ. (Надаас 14 дүү хүүхэд шүү дээ)
Нас нь залуу юм, энэ нэг нэр алдрын өвчнөөс тэртээ тэргүй ангижирна.
Нэг хэсэг ингэж бүчиж, нисгэж байгаад аяндаа адгийн улс төр, эрх мэдлийн хэлхээгээр хэрэлдсэн чөтгөрүүд ашиглаж дуусаад явцгаана.
Энэ хэтэрхий тодорхой зүйл болохоор ийнхүү бодож байсан.
Н.Өнөрцэцэг ажилдаа бүх юмаа өгсөн хүн. Тэр сэтгэл зүрхээ дүрж ажилладаг.
Түүнд ахин нэг школ нь болох зовлон жаргал амссан редакци гэж байсангүй.
Хянаж, зөвлөж, түшиж явах дархан ухаантай бурхан эрхлэгч нар байсангүй.
Тийм ч болохоор тэр өөртөө эзэн, өөртөө дарга, өөртөө ажил олгогч явав.
Энэ мэт цаг үеийнх нь цаанаасаа олгоогүй замаар тэр алхсан.
Тэр бол амжилт ялалтаар халууран шатсан гэнэн охин, алдаа оноондоо хадууран өвдсөн ганц шувуу байв.
Тэр хэтрүүлдэг байсан. Хэт улайрдаг байсан.
Энэ үнэн.
Түүнд бусдаас давуу боломж тавьж өгөн нисгэж, бусдад нь гялтгануулан үзүүлбэр болгон харуулж, хагарал хорсол үүсгэн тохуурхан тоглож байсан улстөрчид, нэг л мэдэхэд гарт нь баригдахгүй, гал мэт дүрэлзсэн орон зай болон томорсныг нь хараад тэр гал руу ус шүрших шаардлага үүссэнийг мэдсэн хэрэг.
Ингээд л Шүүхийн Ерөнхий зөвлөл гэдэг төрийн байгууллагаа Н.Өнөрцэцэгт гомдуулаад эхэлсэн …
Үүнийг санаж байгаа биз дээ.
Улстөрчид болон нэгэн цагийн эрх мэдэлтнүүд, хөрөнгө чинээний эзэдтэй сэтгүүлч хүн өөрийгөө нөхөрлөж байна гэж бодож болдоггүй. Учир нь тэд хэзээ ч нөхөрлөдөггүй.
Одоо тэр энэ бүхнийг таньсан.
Илүү ухаан суун тамиржиж ирээд… илүү хүчтэй ажиллах болно…
Будант цагийн шуурган дундуур буруу дэвсэн шувуу минь…
Буцаад ир….
Сэтгүүлч Б. Ганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна