Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаяр: Аавын маань бие тааруу, “Охиноо гарч иртэл нь тэсэх юм уу гээд уйлдаг”


"Үнэнийг мэдээлнэ" уриатай Isee.mn сайтад нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна. 

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болж, түүнд анхан шатны шүүхээс дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон байдаг. Улмаар түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд товлогдсон бөгөөд уг шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулах хүсэлтийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхнээс нь Шүүхэд хандан гаргаад буй.

 Иймд бид сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.Өнөрбаярыг “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 38 дахь дугаарт урьж, түүний ар гэрийнхний байдал болон холбогдох хэргийн талаарх зарим зүйлийг ярилцлаа.

ВИДЕО: 

-Юуны өмнө урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. Сэтгүүлч гэх мэргэжил бол дэлхийн хамгийн хүнд мэргэжлүүдийн нэгд тооцогддог. Таны дүү буюу Н.Өнөрцэцэг сэтгүүлч маань иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор ажиллаж яваад долдугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван хэрэгт холбогдуулан 4 жил 9 сарын хорих ял авсан. Одоо хаалттай хаалганы цаана эрхээ хасуулсан байдалтай гурван сар гаруй хугацаа өнгөрч буй. Улмаар энэ сарын 7-ний өдөр давж заалдах шатны шүүх уг хэргийн хэлэлцэх гэж байна. Н.Өнөрцэцэг маань хоёр хүүхэдтэй. Одоогийн байдлаар хоёр хүүхэд нь ямар нөхцөл байдалтай байна. Мөн ээжийнхээ талаарх асуудлыг мэдсэн үү?

-Н.Өнөрцэцэг маань хоёр хүүтэй. Хүүхдүүд нь одоо аавтайгаа байгаа. Бага хүү нь энэ жил нэгдүгээр ангид элссэн. Ээжийгээ мэдсэн байна лээ. Харин том хүү нь өсвөр насны хүүхэд учраас сошиалаас хараад мэдсэн. Хэцүү л байсан байх аа. Бага хүү нь бусад хүүхдүүдэд “Манай ээж Япон явсан. Удахгүй ирнэ” гэдэг юм билээ. Харин том хүү нь өсвөр насны хүүхэд болохоор би их санаа зовдог л доо. Ёстой өрөвдмөөр. Долдугаар сарын 19-ний өдөр ээжийнх нь шүүх хурал болоход шүүхийн үүдэнд ирсэн гэсэн. Гэхдээ ээжтэй нь уулзуулаагүй.

-Аав ээж нь их өндөр настай хүмүүс байдаг. Одоо яаж байна ?

-Аав их хэцүү байгаа. “Би охиноо гарч ирэх хүртэл тэсэх юм уу даа” гээд л их уйлдаг. Заримдаа өглөө эрт залгана. Утсаа авахаар уйлчихсан байдаг.

Би аавыг “Юундаа уйлдаг юм бэ. Бүгд л зовж байна шүү дээ” гээд тайвшруулахыг хичээнэ. Өөдөөс “жоохон уйлж байгаад гайгүй болчихдог юм аа” гэдэг. Ер нь их л хэцүү байна даа.

-Та дүүгээ эргэж очив уу. Бие тэнхээ, сэтгэл санаа нь ямархуу байна вэ?

-Би долоо хоног бүрийн хоёр дох өдөр уулзалтаар очдог. Эхний сар хавагнаад, царай алдаад их хэцүү байсан. Өнөрөө маань долдугаар сарын 19-ний шүүхийн шийдвэрийг тэгж гарна гэж огт бодоогүй байх. Хийсэн хэрэг байхгүй юм чинь цагаадаад гарна гээд л харж байсан байх. Гэвч гэнэт тийм аймшигтай шийдвэр гарсан. Ер нь ард түмэн дүүд маань их хайртай байдаг юм.

-“Монголын төрийн гурван өндөрлөгтэй уулзмаар байна” гэж долдугаар сарын 19-ий өдөр болсон анхан шатны шүүхийн дараа мэдэгдсэн. Энэ гурван хүн та бүхнийг хүлээн авч уулзсан уу?

-Уулзаагүй ээ. Төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлтийг би өөрийн гараар бичиж өгсөн уулзах байх гэж найдаад хүлээж л байна.

-Бид тухайн хэрэг явдал болохоос өмнө нэг нийтлэл бичиж байсан юм. Тодруулбал, Беларусын мэдээллийн сувгийг үндэслэгч “NEXTA”-ийн сэтгүүлчийг хэрэг овоолж байгаад цаазаар авчихсан. Энэ жишээ шиг Н.Өнөрцэцэг сэтгүүлчид хэрэг овоолох арга хэрэглэсэн юм биш биз хэмээн хардаж байна. Мөн хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч У.Болортуяа Н.Өнөрцэцэгт холбогдох таван хэргийн тухай тухай сурвалжилга хийсэн байна. Анхан шатны шүүхээр дөрвөн жил есөн сарын ял оноосноос хамгийн өндөр гэж тооцож буй нэг хэрэг байна. Өнгөрсөн жилийн өдийд говийн бүсийн нэг аймагт бага насны хүүхдийг онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Нийгмийг цочирдуулсан уг хэргийн үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг тухайн хэрэгтний хувийн хэргийг задруулсан гэж эрүүгийн хуулийн 13.11-ээр хоёр жилийн ял оноосон. Гэвч У.Болортуяагийн ярьж буйгаар анхдагч эх сурвалж нь Н.Өнөрцэцэг биш гэдгийг хэлсэн. Энэ үнэн үү?

-Энэ хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 13-нд болсон. Цагдаагийн байгууллагаас ч мэдэгдэл гаргасан. Мөн тухайн үед маш олон мэдээллийн сайтаар гарсан байсан. Цагдаагийн байгууллагаас мэдээлэл гарсны дараа л манай дүү мэдээлэл гаргасан байдаг. Хоёр хоногийн дараа мэдээлсэн хоёрдогч эх сурвалжийг яагаад шийтгэж хорих ял оноов гэдгийг маш их гайхаж байна. Одоо давж заалдах шүүхэд хоорондоо маш сайн ярилцаж нухацтай шийдвэр гаргана гэж найдаж байна.

-Бас нэг зүйл анги нь Эрүүгийн хуулийн 18.13 “татвар төлөхөөс зайлсхийсэн” гэх. Үүнээс улбаалан 18.16-аар зургаан сарын хорих ял оноосон. Энэ нь үнэн юм уу?

-Үнэн. 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн гэж байгаа. Би татварын хүмүүсээс асууж үзсэн. Энэ бол захиргааны журмаар шийдээд явж болох асуудал гэж хэлсэн. Заавал эрүүгийн хуулиар шалгаж байгаа нь сонин санагдаж байна. 

Долдугаар сард болсон шүүх хурал дээр миний дүү Н.Өнөрцэцэг “Татварын өрийг нь би төлчихье” гэж гуйсан байгаа юм. Ингээд гуйсан ч хүсэлтийг нь хүлээж аваагүй. Ялласан. Миний мэдэхээр лав татвартай холбоотой хэргээр шоронд орсон хүн байхгүй байх.

-Мөн Эрүүгийн хуулийн 19.11 “Төрийн нууцыг хууль бусаар олж авсан” гэж буруутгаад байх шиг байна. Үүн дээр албан бус эх сурвалжуудын мэдээллээр төрийн нууц гээд байгаа тамгатай цаас бол Н.Өнөрцэцэгийн албан өрөөнд нь, гэрт нь, өөрийнх нь машинд байгаагүй юм билээ. Өөрөөс нь цалин аваад ажилладаг нэг хүний автомашинаас л олсон юм гэнэ лээ гэх зүйлийг яриад байгаа. Энэ үнэн үү?

-Үнэн. Анх 2023 оны арванхоёрдугаар сарын 04-нд хоригдсон. Түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа тэр бичиг олдсон гэж яриад байгаа юм. Үймээн самуун болоод ажилчид нь араас нь явах гээд түлхүүрээ хайтал хоёр ажилтных нь түлхүүр олдохгүй байсан гэсэн. Тэгээд нэг ажилтан нь шүүгээнд байсан бүх юмыг нь торонд хийгээд аваад машиныхаа ард хийсэн юм шиг байна лээ. Тэр нь ажилтных нь машинд хоёр долоо хоног явсан байгаа юм. Улмаар Авто тээврийн үндэсний төвөөс тэр ажилтан руу залгаж, “машины чинь цонхыг согтуу хүн хагалчихлаа” гэж хэлсэн гэсэн. Гараад очиход хоёр цагдаа машинд нь нэгжлэг хийгээд тортой бүх бичиг баримтуудыг нь аваад явсан байгаа юм. Тэр бичиг баримт дундаас төрийн нууц гээд байгаа тамгатай цаасыг олсон гэж хэлсэн.

-Тэр төрийн нууцтай холбоотой, төрийн нууцыг задалсан гэх хүнд хариуцлага хүлээлгэсэн үү?

-Мэдэхгүй байна. Үгүй байх.

-Энэ баасан гарагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Би иргэнийхээ хувиар Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хуралд ажиглагчаар оролцмоор байна” гэдэг хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн хариу Ч.Лодойсамбуу гишүүнд ирсэн болов уу? Та бүхэнд сонссон зүйл байна уу?

-Ч.Лодойсамбуу гишүүний хүсэлтийг хүлээж аваагүй гэж би сонслоо. Манай дүү Н.Өнөрцэцэг өөрөө бас хүсэлтээ өгсөн байгаа. Миний сонссоноор хорих ангиас нь онлайнаар шүүх хуралд оролцуулж магадгүй юм шиг байна лээ. Иймд “Давж заалдах шатны шүүх хуралд биеэрээ оролцьё. Шүүх хурлыг нээлттэй явуулаад өгөөч” гэх хоёр хүсэлт өгсөн. Биеэрээ очиж оролцохыг нь зөвшөөрөөд, нээлттэй явуулахыг нь зөвшөөрөөгүй байна лээ. Мөн Хүний эрхийн комиссоос ажиглагчаар сууя гэсэн хүсэлт гаргасныг бас хүлээж аваагүй. Татгалзсан хариу өгсөн. Ингээд хараад байхад шүүх хурлыг заавал “Хаалттай” явуулах гээд байгаа юм уу гэдэг бодол төрөөд байна. Хэрэв шүүх хурлыг хаалттай явуулбал бидний зүгээс суулт зарлаж, холбогдох хүмүүс нь анхааралдаа аваад өгөөч гэж л гуймаар байна

-Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Гол нь эрүүл байхыг хүсье.


4
angry
2
care
3
haha
14
liked
19
love
38
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ 7 цагийн өмнө
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана 9 цагийн өмнө
300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана 9 цагийн өмнө
Галт зэвсгийн тооллого үргэлжилж байна 12 цагийн өмнө
"Enlightened" шилдэг киногоор шалгарлаа 15 цагийн өмнө
Н.Амаржин: Утаанд 2 их наяд төгрөг зарцуулсан ч өөрчлөлт гаргаагүй 15 цагийн өмнө
Дархан аварга Н.Батсуурь зодоглоно 17 цагийн өмнө
-11 градус хүйтэн байна 18 цагийн өмнө
Импортын бараа хямд үед дотоодын ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолж, хаалгаа барихад хүрнэ Өчигдөр
​ Б.Билгүүн: Миний хөтлөлт хэнийг ч уйдаахгүй Өчигдөр
Э.Батшугар: Төсвийн урсгал зардал дэндүү их болохоор хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна Өчигдөр
Утааны сонсгол хийх цахим өргөдөлд 70480 иргэн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ө.Шижир: Засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй битгий бүрхэг болгоосой Өчигдөр
Д.Сарангэрэл: Миний хань П.Сүхбат "Арслан" цолоо авч чадаагүй гомдолтойгоор хорвоогоос буцсан Өчигдөр
Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халдсан хэмээн Цагаан ордноос мэдээллээ Өчигдөр
Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд 1620 иргэний газрын нөхөн олговрыг шийдвэрлэжээ Өчигдөр
Хятад иргэдийг барьцаалж, нэгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ Өчигдөр
Угаартах айдасгүй “Нүүдэлчин эко” зуухыг сонгох шалтгаан Өчигдөр
2025 онд тэтгэврийн нэмэгдэлд 400 тэрбум төгрөг зарцуулна Өчигдөр
Хальтиргаа үүссэн тул нислэгийн хуваариас 2-3 цагийн өмнө ирэхийг анхаарууллаа Өчигдөр