"2015 онд батлагдсан "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль цаг үеийн үүргээ гүйцэтгэсэн ч даруй шинэчлэгдэх шаардлагатай. Монгол хүний дундаж наслалт, хүний хөгжил, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй томоохон хүчин зүйл бол архины хэрэглээ юм. Эрчүүдийн дундаж наслалт 67 байгаа нь дэлхийн дунджаас ч бага байна. Архины хэт их хэрэглээнээс шалтгаалсан өвчлөл, нас баралтууд ихэссэн. Гэм хэрэг, гэр бүл, хүчирхийллийн 90 хувь нь архины шалтгаантай байдаг. Олон улсын судалгаагаар архи худалцах цэгийн нягтрал гэмт хэрэг, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл шууд хамааралтайг тогтоосон байдаг. Бүх төрлийн гэмт хэрэг буурч байгаа ч хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дорвитой буурахгүй байгаа. Иймд архи худалдах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа нь мэдэж өгдөг тогтолцоог шинэчилж төрийн хатуу зохицуулалттай, өндөр шаардлагатай болгох шаардлагатай. Монголд 270 хүн тутамд нэг цэг байна. Харин скандинавын оронд 4000-8000 хүн тутамд төрийн хатуу хяналт дор худалддаг. Хамгийн хатуу нь Швед 10,000 хүн тутамд 1 байна. Архины градусаас хамаарсан өөр өөр зохицуулалт үйлчилж байна. Иймд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг яаралтай шинэчилж өгнө үү" гэж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх тухай өргөдөлд тусгажээ.
Өргөдөлд 6 дугаар сарын 3-наас эхлэн иргэдийн гарын үсгийг авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 317 хүн өргөдөлд гарын үсэг зуржээ. Дэмжиж гарын үсэг зурсан иргэдийн тоо 100 мянгад хүрч байж хуулийн шинэчлэлийг хэлэлцэх боломж бүрдэх юм. Санал хураалт дуусахад 12 хоног үлдсэн байна.
Өргөдөлд гарын үсэг зурахыг хүсвэл https://petition.parliament.mn... -ээр нэвтрэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна