Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй

O.Аззаяа
1 цагийн өмнө

-Сэтгүүлч бодит фактыг хардах үндэслэлтэйгээ дэлгэчихээд байхад Б.Батцэцэг сайд “Би хамааралгүй” гэсэн тайлбараас өөр юмгүй суугаад  үнэхээр гайхаж байна-

Төрийн том тендерүүд, Монгол Улсын иргэн бүрийн хувийн нууцтай холбоотой гадаад паспорт тойрсон шуугианд нэр холбогдоод буй төрийн өндөр албан тушаалтан бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нэр бүхий сэтгүүлчид Б.Батцэцэг сайдын албан тушаалаа ашигласан байж болзошгүй асуудлуудыг баримт нотолгоотой дэлгэсэн ч Гадаад харилцааны сайд өнөөдрийг хүртэл баримтуудыг няцаасан нэг ч нотолгоо гаргаж тавиагүй байна. Нотолгоо, тайлбар өгөхийн оронд  тэрээр албан тушаал, улс төр дэх нөлөөллөө ашиглаж  баримт дэлгэсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг шүүх, цагдаад өгч, гомдол мэдүүлж яваа билээ. Бид өмгөөлөгч, хуульч Б.Пүрэвсүрэнтэй энэ сэдвийг тойрч ярилцлаа. 

-Та нэгэнтээ “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэн нэгнээс олгодог юм биш. Улс төрийн эрх ашиг яригддаг талбар бүр ч биш” гэж хэлж байсан. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг төрийн өндөр албан тушаалтнууд хуулиар далайлган мэргэжлийн зүрх зоригийг нь мохоох үйлдэл гаргах нь нийтлэг үзэгдэл болчихлоо.  Хамгийн сүүлийн жишээ гэхэд Гадаад харилцааны  сайд байна. Б.Батцэцэг сайд нэр төрд  нь халдсан гээд Туг сайт, сэтгүүлч С.Будрагчаа нарын сэтгүүлчдийг шүүхэд дуудах боллоо. Сайдын талаар сэтгүүлчдийн бэлтгэсэн  нэвтрүүлгийг харахаар сайдыг хардах хангалттай үндэслэл гэж үзэхүйц баримт тайлбарууд өчнөөн байх юм. Энэ тал дээр Та ямар тайлбар өгөх вэ?

-Өмгөөлөгч, хуульчийн зүгээс болж буй асуудлыг ажиглаж,  хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцын мэдээллийг авч байна. Нийтийн цахим сүлжээнд шууиан тариад буй мэдээллийн эсрэг сайд шүүхэд гомдол гаргасны эсрэг танай сониноос гадна нэр бүхий сайт, телевиз мөн МСНЭ мэдэгдэл гаргасныг ч харсан. Үнэндээ энэ асуудал их ээдрээтэй. Хууль зүйн үүднээс Монгол Улсын иргэн нэр төр, алдар хүндэд  нь халдлаа хэмээн өргөдөл гаргах эрхтэй.  Гэхдээ бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулдаг хэвлэлүүдээр цацагдсан нэвтрүүлэг баримт, факттай байж болохуйц байхад нэхэмжлэл гаргаж гомдоод байгаа нь учир дутагдалтай. Засгийн газрын гишүүн бол  төрийн өндөр албан тушаалтан. Төрийн өндөр албан тушаалтны үйл ажиллагаатай  холбогдуулан мэдээлэл баримт гаргаж тавьсан тохиолдолд иргэний адил гомдох эрх нь нээлттэй бус байхыг хүлээн зөвшөөрдөг олон улсын жишиг бий. Учир нь төрийн албыг  томилгоогоор хашдаг. Цаг хугацаа, тодорхой томилгоотой,  тодорхой хугацаанд үйл ажиллагаа нь яваад дуусдаг албан ажил. Насаараа сайд байхгүй учраас хүлцэнгүй хандахыг шаарддаг, нийтийн албан тушаалтан шүү дээ. Хэрвээ нэр төрд халдсан гэж гомдвол ажил албаа өгчихөөд иргэний хувиар шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ бол олон улсын зарчим. Хаан ширээ залгамжлагч биш учраас албаа өгчихөөд иргэний хувьд гомдол гаргах нь ёс зүйн хувьд тогтсон жаяг. Харамсалтай нь манайд энэ жаяг эсрэгээрээ байдаг.  2020 оноос хойш Иргэний шүүхэд нэр төр, алдар хүндийн маргаан дээр  гомдож буй этгээдүүдийн 47 хувь нь улстөрчид байна. Энэ 47 хувийн 30 гаруй хувь нь  хэвлэл мэдээллийн байгууллагыг онилсон байдаг. Дэлхийд байхгүй тоо.

 

Төсвийн мөнгөтэй холбоотой, баримттай, эх сурвалжтай  асуудлын эсрэг маргаад явна гэдэг нэлээд муйхар улстөрчийн шийдэл

-Сэтгүүлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгээс харахад Б.Батцэцэг  сайдтай илт хамаарал бүхий хүмүүс гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанид эзэн суучихсан байх жишээний. Гадаад паспорт хэвлэдэг  “Төрийн үнэт цаас хэвлэл ТӨОХХК-ийн анхны удирдлага Э.Ариунгэрэл гэж эмэгтэй сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Монголын үнэт цаас ХХК-ийн захирал байсан хүн. “Төрийн үнэт цаас хэвлэл компанийн 49 хувийг эзэмшигч “Мигасон” компанийн захирал Н.Цэрэндолгор насаараа сайдын хувийн компанид хуулийн зөвлөх хийсэн эмэгтэй. “Төрийн үнэт цаас хэвлэл” компани сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгасан “Эко пак” компани руу мөнгө шилжүүлсэн баримтууд ил болчихсон. Ингээд дурдвал Б.Батцэцэг сайдтай хамааралтайг батлах өчнөөн баримт дурдаж болж байна. Гэтэл Б.Батцэцэг сайд хамаарал бүхий компаниудаасаа “Б.Батцэцэг сайд манай компанид хамааралгүй” гэх тодорхойлолт авчихсан  байна билээ. Хамаарал бүхий гэдэг ангилалд яг ямар шалтаг шалтгааныг хамаатуулж ойлгодог юм бэ, хууль зүйн хүрээнд?

-Хамаарал гэх ойлголтын тухайд 2023 оны Иргэний тухай хуульд хамааралгүй эсэхээ нэхэмжлэгч өөрөө нотолдог байсан. Харин 2022 оны Иргэний тухай хуулиар хамааралтай эсэхийг хөндлөнгийн иргэн эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага нотлох ёстой болчихсон. Нотолгооны зарчим нь эсрэгээрээ байгаа биз. Уг нь гомдогч этгээд шүүхэд баримтуудаа өөрөө нотлох ёстой юм. Харин одоо мөрдөгдөж буй хуулиар нотлох үүрэггүй хүмүүс нь нотлоод байна.

Хоёрдугаарт, нийтийн  эрх ашиг гэдэг ойлголтыг онцгойлон авч үздэг жишиг дэлхийд бий. Өнөөдөр Монгол Улсын 3.5 сая  иргэний үнэнийг мэдэх эрхийг хэвлэл мэдээллийн байгууллагууд хангадаг. Иргэд мэдэх эрхээ хугацаагүйгээр хэвлэл  мэдээллийн байгууллагуудад шилжүүлж өгсөн гэж үздэг. Олон нийтийн эрх ашигт нийцсэн гэдэг ойлголтын хүрээнд хамгаалагддаг эрх зүй. Энийг олон улсад НҮБ, ЮНЕСКО-гийн  тэмдэглэлт өдрүүдээр нотолж байна. Бид дэлхийн 193 улс тэмдэглэн өнгөрүүлдэг Хэвлэлийн эрх чөлөөний өдөр,  Мэдээллийн түгээмэл хүртээмжийн өдөр, Сэтгүүлчдийн  эсрэг ял шийтгэл үйлдэж буйг таслан зогсоох  олон улсын эрхийн өдрийг тэмдэглэдэг. Олон нийтийн үнэнийг мэдэх эрх хэр чухал болох нь эндээс ойлгогдож байгаа байх.  Өдгөө өрнөж буй асуудлын цаана төсвийн мөнгө яригдаж байна. Төсвийн мөнгө гэдэг иргэн бүрийн  халааснаас гарч буй мөнгө. Тэр утгаараа нийтийн эрх ашиг мөн үү, мөн. Нийтийн эрх ашгийг хамгаалж, дуугарах үүрэг нь сэтгүүл зүйнх. Энэ удаагийн тохиолдлын тухайд үлгэр зохиол биш баримтад тулгуурласан зүйл дэлгэгдлээ гэж харж байгаа. Нэхэмжлэгч гомдож шүүхэд хандахаасаа өмнө ёс зүй, хууль эрхзүйн хүрээнд эргэцүүлэх ёстой. Төсвийн мөнгөтэй холбоотой, баримттай эх сурвалжтай асуудлын эсрэг маргаад явна гэдэг нэлээн муйхар улстөрчийн шийдэл. 

Хамааралтай эсэх асуудлын тухайд тухайн компанийг үүсгэн байгуулсан үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч гэхчлэн тодорхой тодорхойлолт бий. Харин практик дээр хуулийн тодорхойлолтод үл хамаарах этгээд буюу ажилтан, найз нөхдөө тавьж болно. Хуулиар тодорхойлогдох боломжгүй. Гэхдээ хууль бодит фактийг шалгачихна. Байдал ийм байхад олон нийтийг хуурч байгаа юм шиг ямар ч хамааралгүй гэж хэлэх нь “асуудал”-тай. Төрийн нууцтай холбоотой асуудал ч бий. Жишээ нь сонгуулийн саналын хуудас. Тэмдэглэгээ нь тагнуулын байгууллагын хяналтад явдаг, худалдан авах ажиллагаа нь төрийн нууц. 2016 оны Төрийн  болон албаны тухай хуулиар зохицуулагддаг. Иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага мэдэх боломжгүй. Хэрэв төрийн нууцыг олж авах эсвэл задруулбал Эрүүгийн тухай хуулиар бие даасан гэмт хэрэгт тооцно. Энэ тохиолдолд сэтгүүлчид асуудлыг магадлалтай хэмээн хөндөж, зохиомол бус бодит таамаглал дээр тулгуурлаж дэлгэлээ. Аудитын асуудалтай гэх дүгнэлт нь ил тод байна. Сэтгүүлч бодит фактыг хардах үндэслэлтэйгээ дэлгэхээс өөр яах юм бэ. Ийм асуудал дээр Гадаад харилцааны  сайд би хамааралгүй гэж тайлбар  тавиад сууж байгааг үнэхээр гайхаж байна. 

 

Ашиг сонирхол нь илт байхад тасралтгүйгээр олон жил ашиг хүртэнэ гэдэг наад зах нь ёс зүйн  шалгуурт ч нийцэхгүй асуудал шүү дээ

-Төрийн өмчийн оролцоотой компанийн захирлаар томилох хүнд тавих шалгуур гэж байна уу?

-Сүүлийн 20 жил цэгцлэх гээд чадахгүй байгаа асуудал бол ТӨК-ийн асуудал. Хуулийн төсөл яригдаж байсан ч батлагдаагүй. Тиймдээ ч захирлаар нь томилогдох  хүнд тавигдах шаардлага, босгогүй. Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 5400 гаруй төрийн байгууллага бий. Энэ тоонд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд ороогүй шүү.  Нөгөөтэйгүүр өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын тоо хоёр дахин өссөн. Цэгцэлж чаддаггүй. Иргэний эрх зүйн асуудал буюу эрх зүйн бүрэн чадвар чадамжтай, 18 нас хүрсэн, сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй бол боловсрол мэдлэг, тусгайлсан шаардлагагүйгээр ТӨК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагаар томилогддог.  Яах вэ, олон нийтийн төлөөлөл бүхий хараат бус нэг хүн тавина гэдэг ч дүр эсгэсэн үйлдэл гэдгийг бид бүгд л мэднэ. Улс төрийн  удирдах алба, намын үйл ажиллагаанд олон жил ажилласан, эсвэл яам, тамгын газрын дарга нар очдог. Үндсэн  ажлынхаа хажуугаар шагнал  мэт төрийн  өмчит компаниас цалинжиж байдаг. Харамсалтай нь зүй тогтол ийм л байна.

-Төрийн үнэт цаас хэвлэл компанийн 51 хувийг УБЕГ, 49 хувийг Б.Батцэцэг сайдын  хувийн компанийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоо ч хувийн компанид нь оффислодог гэх Н.Цэрэндолгор гэдэг эмэгтэйн “Мигасон эзэмшдэг. Энэ компани ҮАБЗ-ийн нууц бичгээр ямар ч шалгуургүйгээр гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн 49 хувийг эзэмшчихсэн. Ингээд ч зогсохгүй. Б.Батцэцэг сайдын хувийн компанийн хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан, одоо ч  Ерөнхийлөгчийн гадаад айлчлалд хамт явдаг Н.Цэрэндолгор “Мигасон”-ы захирлаас гадна УБЕГ 51 хувийг нь эзэмшдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн цор ганц эцсийн өмчлөгч гэдэг нь иргэдийн зэвүү, дургүйцлийг хүргээд байна. ҮАБЗ-ийн бичгийг харъя гэхээр төрийн нууц гэсэн үг хамгаалалт нь болчихож байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

- Төрийн нууцтай холбоотой учраас ямар шалтаг шаардлагаар хамтарч байгуулсныг бүрэн судлах боломжгүй. Гэхдээ төрийн болон албан нууцын тухай хуулиар Засгийн газар тогтоол гаргаж, нууцаас гаргах боломж бий. 2017 оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиар төрийн нууц мэдээлэл 575 болж бараг 10 дахин өссөн. Өмнө нь төрийн нууц 60 л байсан. Төр өөрт байгаа  байгаа мэдээллээ нууцлах сонирхол асар  өндөр байгаагийн цаана авлига, ашиг сонирхол,  хулгай баримтууд байгаа. Хулгай баримттай, цаасан дээр үлддэг. Гэвч нууцын тэмдэг  дараад хамгаалчихсан. Энэ бүхнийг бодлогоор цэгцлэх хэрэгтэй. Нууцаас гаргахаар хулгай нь илчлэгдэх учраас хэн ч энэ талаар дуугардаггүй юм.

Ер нь хэвлэл мэдээллийг хамгаалахаасаа илүүтэй хязгаарлах оролдлого улс төр, эдийн засаг, эрхзүйн хүрээнд үеийн үед л байсан. Тиймдээ ч хэвлэлийн эрх чөлөөний индекс тасралтгүй унаж 180 улсаас 120-д жагсаж байна. Хэвлэлийнхэн Эрүүгийн тухай хуулийн 13-ын 14 дэх заалт буюу гүтгэх  доромжлохыг ч хамаатуулаад шийтгээд байсан худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэргийг халчихлаа гэж баярласан. Гэтэл гүтгэх гэдэг томъёоллоор бүр айхтар юм орж ирээд унасан. Намар ахиад л орж ирнэ, харж л байгаарай. Бас нэг төвөгтэй зүйл нь 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль. Ямар ч хамгаалалтын механизмгүй, суурь зарчим нь тунхагийн шинжтэй. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин хүндэрч, дордоод  байгаагийн шалтаг нь хамгаалалтын механизм гацсантай л холбоотой. 

 Монгол Улсад өнөөдөр 937  хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч ямар ч хууль  хэвлэл мэдээлэл тэр дундаа эрэн сурвалжлах  сэтгүүлзүйг хамгаалаагүй. Ганцхан зохицуулалт нь Эрүүгийн тухай хуулийн 13-ийн 3 буюу үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд саад учруулахыг гэмт хэрэгт тооцох заалт.  1998 оноос хойш ганц удаа хэрэгжсэн. Өнгөрсөнд хэвлэл мэдээллийг хамгаалсан тохиолдол байхгүй. Эсрэгээрээ хязгаарлаж буруутгасан нь дэлхийд байхгүй том тоотой. 1999-2022 оны хооронд Эрүү, иргэний 1142 хэрэг шийдвэрлэгдсэнийн 37 хувь буюу гурав хэрэг тутмын нэгд хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл сэтгүүлчийг буруутгасан. Харин нэхэмжлэгчийн гуравны нэг нь  улстөрч эсвэл төрийн байгууллага байдаг.

ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХЭЭ ЭДЛЭЕ ГЭХЭЭР ГОМДЧИХДОГ, ШҮҮХ  ЦАГДАА БОЛДОГ УЛС ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН БАЙЖ БОЛОХГҮЙ

-Б.Батцэцэг сайдыг ажлаа өгөөд шалгуул гэх шаардлагыг хэвлэлийнхний зүгээс тавьсан. Ажлаа өгөхгүй өөрийгөө хамгаалах хууль эрхзүйн зохицуулалт арай байхгүй биз дээ?

-Олон нийтийн зүтгэлтэн  буюу улс төр, урлаг соёлын нөлөө бүхий алдартан  асуудалд орвол ажлаа өгөөд иргэний  журмаар шалгуулах ёстой.  Эсвэл гүтгэгдэж буйгаа олон нийтийн өмнө нээлттэй баримттай тайлбарлаж болно. МСНЭ болон бусад хамтарсан мэдэгдлүүдээс ийм шаардлага тавьж  байна гэж ойлгосон. Ер нь улс төр, бизнесийн хамаарлыг салгах хамгийн гол зүйл нь ёс зүй. Энэ бол хуулиас ч дээр тавигддаг зүйл. Давуу эрхээ ашиглаад бизнесээ амжилттай явуулаад байж болохгүй. Дипломат  ёсонд нийцэхгүй, төрийн албан хаагчийн ёс зүй гэх хүрээнд тайлбар өгөх нь учир дутагдалтай. Монопольчилж давуу байдлыг бий болгож, төрийн нууцаар хаацайлж, эрх ашиг,сонирхол байгааг мэдсээр байж тасралтгүйгээр олон жил ашиг хүртэнэ гэдэг яг үнэндээ ёс зүй, зан суртахууны шалгуурт ч нийцэхгүй зүйл.

Түүнээс гадна манайхан хардах эрх гээд байдаг. Хууль зүйн  ойлголт нь  олон нийтийн мэдэх эрх. Үнэнийг мэдэх эрх ганц иргэн, ганц улстөрчийн асуудал биш. Төрийн мөнгө, худалдан авалтын асуудал яригдаж байгаа л бол бүх хүнд хамаатай. Үнэнийг мэдэх эрхээ эдлэе гэхээр гомдчихдог, шүүх  цагдаа болдог улс төрийн өндөр албан тушаалтан байж болохгүй. Нууцын тамгатай асуудлыг задруулсан гээд сэтгүүлчийг буруутгах бол мэргэжлийн зүрх зоригийг  нь мохоож, хараат бус мэдээлэл бэлтгэхэд нь саад учруулж буй хэрэг мөн. Шуугиан болж буй асуудлын тухайд үндэсний эрх зүйн механизмаар шийдвэрлэгдэнэ. Гэхдээ олон улсад нээлттэйгээр мэдээлэгдэх, баримт болж үлдэх бүрэн боломж бий. Хуульчийн хүрээнд бус дипломат ёсоор хариулахад бусад Гадаад харилцааны  сайд нарын  анхааралд ижил түвшинд очих хүчтэй механизм олон улсын эрхзүйн орчинд байгаа.  Олон улсын анхааралд хүрэх бүрэн боломжтой. Б.Батцэцэг сайд олон улсын Гадаад харилцааны  сайд нартай  харьцаж байсан хүний хувьд Монгол шиг ардчилсан засаглалтай оронд ёс суртахуунгүй, бизнес, улс төрийг хослуулсан сайд байхгүйг мэдэх байх. Энэ бол хувь хүний асуудал бус Монгол Улсын нэр төртэй холбоотой.  Монгол Улсыг гадаад харилцааны салбарт бүрэн төлөөлөх асуудал. 

-Өмнө хэлсэн дээ. “Төрийн үнэт цаас хэвлэл компанийн 51 хувийг УБЕГ эзэмшдэг бол 49 хувийг Б.Батцэцэг сайдын хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан Ви Эс Эм ХХК-ийн гүйцэтгэх захирал, гэр бүлийн бизнес гэдэг Мөнхийн үсэг ХХК-ийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Цэрэндолгор гэдэг эмэгтэйн  Мигасон эзэмшдэг гэж.   Аудитаас “Төрийн үнэт цаас компани ашигтай ажилласан атлаа УБЕГ-т ногдол ашиг өгөөгүй байна гэсэн утгатай  дүгнэлт гаргачихсан байдаг. Ингэж болох уу?

-Ашигтай гарсан бол ногдол ашгийг нь өгөх ёстой. Албадан гаргуулах боломжтой. Аудитын байгууллагад эрх нь бий. Магадгүй асуудал хүндэрвэл нээлттэй сонсгол явуулж болно. Нээлттэй сонсголын хуультай шүү дээ, бид. Парламентын бүрэн эрхийн асуудал. Ашигтай ажилласан гэх дүгнэлт гарсан л бол заавал төлөгдөх ёстой. Төлөхгүй бол төлүүлэхтэй холбоотой шүүхийн маргаан өрнөх хууль зүйн боломж бий. Нөгөөтэйгүүр ашиг, аудитын дүгнэлт,төрийн нууц, монопольчлол, тендергүй худалдан авалт бүрийг нэгэнт авсан, өгсөн, өнгөрсөн гэж  орхилгүй цэгцлэх гаргалгаа ч бий. Тодорхой асуудлыг  нууцаас гаргаж болно гэж хэлсэн дээ. Монгол Улсын Ерөнхий сайдад тогтоол гаргах мэдэл нь байна. Мөн парламентын эдийн засгийн асуудал хариуцсан хяналт шалгалтын хороонууд дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх болон хууль тогтоох хоёр эрх мэдэл дээр боломж нь байгаа. Дээр нь сонсгол явуулах боломж байна. Сонсголын эрхзүйн орчин баталгаажчихсан. Сонсголд баримтуудыг үнэн мөнөөр  гаргаж өгөх үүрэгтэй. Буруу худал ярьж хуурамч баримт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Шүүх  дээр худлаа баримт  худал мэдүүлэг өгөхтэй яг адилхан ял шийтгэлтэй. Харин шүүх сайдын нэхэмжлэлийн дагуу нэр төрд халдсан эсэхийг л тогтооно. 

Хардагдаж яригдаад буй асуудлын тухайд ямар ч шийд гарахгүй. Товчхондоо нийтийн эрх ашиг, нийтийн мөнгөний араас явж байгаа сэтгүүлзүйн салбарынхан нээлттэй сонсгол явуулахыг шаардах нь хамгийн зөв гаргалгаа л гэж зөвлөнө дөө, би. Нийтийн мэдэх эрхийг хамгаалах үүрэгтэй хэвлэл мэдээллийн салбарынхан олж гаргасан баримтаа үр дүнд хүргэх ёстой. Сэтгүүлчид Засгийн газарт шаардлага хүргүүлсэн гэсэн. Засгийн газрын тэргүүн нь, сайдаа улс төрийн хариуцлага алдсан гэж огцруулж болно. Тэгвэл Ерөнхий сайдын энэ үйлдэл сэтгүүлчийн иргэний мэдэх эрхийн төлөөх ажлын нэг үр дүн болно.

Нууцтай холбоотой асуудлыг зэрэглэлээс нь гаргаж, УИХ нээлттэй сонсгол явуулж, яригдаад буй хэдэн тэрбум төгрөгийн мөрийг мөшгөөд  буруутай бол хамтарсан компанийг татан буулгаж болно. Бас нэг үр дүн мөн үү гэвэл мөн.

Эцэст нь хэлэхэд, хамтарсан компани байгуулах зөвлөмж ҮАБЗ-өөс ирсэн бол төрийн онц чухал нууц гэх ангилалд багтсан гэсэн үг. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “...Төрийн нууцтай холбоотой тендер дээр сонгон шалгаруулалт зарлахгүй байж болно” гэсэн ганц өгүүлбэр бүхий заалт улстөрчдийн сонирхлоор орж ирсэн байдаг. Зөвхөн “Мигасон” дээр ч биш, бүх хулгайгаа нуудаг нуувч нь болчихсон юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 11 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 1 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 11 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 21 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 21 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 22 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр