Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний орчимд автомашинтай иргэд Туул голд суусан тухай дуудлага өнөөдөр 13:48 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, Туул голын усанд суусан нийт 6 автомашин болон 17 иргэнийг аюулгүй газарт татан гаргасан байна.
Тодруулбал, иргэн А-гийн эзэмшлийн “Toyota Wish” автомашинд зорчиж явсан 3 том хүн, 2 хүүхэд, иргэн Е-гийн эзэмшлийн “Toyota Prius 41” автомашинд явсан 4 том хүн, иргэн Б-гийн эзэмшлийн “Subaru Impreza” автомашинд явсан 2 том хүн, иргэн И-гийн эзэмшлийн “Toyota Prius 41” автомашинд явсан 3 том хүн, иргэн Ц-гийн эзэмшлийн “Toyota Prius 41” автомашинд явсан 2 том хүн, мөн иргэн Ц-гийн эзэмшлийн “Toyota Allion” автомашинд явсан 1 том хүн тус тус байжээ.
Ингэснээр нийт 15 том хүн, 2 хүүхэд буюу 17 иргэн болон 6 автомашиныг Туул голын уснаас аюулгүй газарт татан гаргаж, осол гэмтэлгүйгээр авран хамгаалсан байна.
Онцгой байдлын байгууллагаас гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед зориулалтын бус гарц, голын сайр, усархаг бүсээр автомашинтай зорчихгүй байхыг иргэдэд анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна