Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд хариуцлага тооцох уу?

Н.Мижидмаа
2021/02/04

Эрүүл мэндийн яаманд Я.Амаржаргал гэж албан тушаалтан байх. АНУ-д мастер, ОХУ-д докторын зэрэг хамгаалсан тухайгаа намтартаа дурдсаныг харахад тэрбээр салбартаа л боловсролтой эмч нарын нэг мэт уншигдана. 2005 оноос Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн, ахлах, хэлтэс, газрын орлогч болон газрын дарга зэргээр үргэлж дээш өгссөн түүний албан тушаал өдгөө Төрийн нарийн бичгийн даргын эрэмбэтэй явна. Явна ч гэж 2019 онд яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард бүр жинхэлсэн юм. Гэвч эзэмшсэн боловсрол шиг нь ёс зүйг хүн бүрт заяагаад байдаггүй бололтой. 

Хорт хавдартай хүүгийнхээ амь насыг аврахын тулд байж болох бүхий л боломжийг эрэлхийлсэн нэгэн эхийн урдаас “Тавилан юм даа” хэмээн хөөж туух нь холгүй ярьсан оны өмнөхөн ил болж л байлаа. Хэлж ирдэггүй аюулт өвчнөөс хүүгийнхээ амь насыг аврах хүсэлтэй жирийн нэгэн ээжийн тавьсан хүсэлт эргэн төлөх нөхцөлтэйгөөр эмчилгээний зардал олгох боломжтой эсэх. Гэвч өөрөөсөө мөнгө өгөх гэж байгаа мэт авирласан Я.Амаржаргал даргын үйлдэл наанадаж төрийн албан хаагчийн ёс зүй, цаанадаж өргөсөн тангарагаасаа няцсаныг бүрэн илтгэнэ. 

Үүгээр зогсохгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг буцаах үйл ажиллагаатай холбоотой шинжилгээ авах ажил түрүүчээсээ шүүмжлэлийн бай болсон. Зохион байгуулалтаас гадна бэлтгэл муутай уг ажлын үр дүнд олон мянган иргэн нутаг руугаа буцах нь битгий хэл хүндрэл, чирэгдэл дунд өдөр хоногийн өнгөрүүлж асан нь саяхан. Гэтэл уг ажлыг гардан гүйцэтгэж, удирдлагын чиг үүргээр хангах учиртай Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллийн технологийн компани руу хамаг бурууг тохож, албан тушаалынхаа зөөлөн сэнтийд шигдэж үлдсэн. 

Цаашлаад бүтцийн өөрчлөлт нэрийдлээр олон жилийн туршлагатай төрийн албан хаагч нарыг ажлаас нь чөлөөлж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилсон тухай мэдээлэл ч явсан. 
Төрийн нарийн бичгийн даргынхаа уваагүй, ёс зүйгүй, хариуцлагаас бултсан ээлж дараалсан үйлдэл, Эрүүл мэндийн яаманд угжирсан асуудал, идээ бээр нь эцсийн дүндээ дөнгөж амаржсан эх, үр хоёрыг тусгаарлахдаа өмссөн хувцастай нь авч явснаар “хагарсан”. Нийгмээрээ эмзэглэн хүлээж авсан энэ асуудал эсэргүүцлийн жагсаалаар өдөлснөөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нь огцрох өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлснээр намжсан. 

Гэвч хүнд цаг үед хамтран ажиллаж байсан багийнхаа нөхдийг явуулахгүй гэдгээ мэдэгдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргасныг УИХ хүлээн авч, ёсоор болгосон. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ХӨСҮТ-ийн захирал, “Өргөө” амаржих газрын захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрүүд гарч шат шатандаа хариуцлага хүлээсэн ч хачирхалтай нь, Я.Амаржаргал дарга Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг чөлөөлснөөс бусдаар өөрөө хариуцлага хүлээсэнгүй. 

Угтаа бол салбарын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд шат шатанд нь удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь Төрийн нарийн бичгийн даргын хийх ёстой нэн тэргүүний ажил. Тийм атал анхнаасаа удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй Я.Амаржаргал газрынхаа даргыг чөлөөлсөн нэрийн дор өөрийгөө ингэж “уснаас хуурай” гаргажээ. Нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан гэж үг бий. Үүн шиг нэг удаа хариуцлагаас мултарсан Я.Амаржаргал нэлээд олон хариуцлагаас зугтаж, өнөөгийн албан тушаалдаа шигдэж суугаагийн цаад шалтгаан юу вэ? 

Хэд хоногийн өмнөхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажиллах үеэр бас нэгэн үнэн ил болсон. Тэр нь Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллахад удирдлага, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй гэдгийг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр Ерөнхий сайдад учирласан. Хариуд нь ““Өргөө” амаржих газраас болж Засгийн газар ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг битгий мартаарай! Шат шатандаа хариуцлагаа хүлээж ажиллах ёстой шүү!” гэдгийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад сануулсан. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээр ч нэг сануулга өгөөгүй нь мэдээж. Харин өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс, Шуурхай штабыг холбох менежерийн үүрэг гүйцэтгэж ирсэн Я.Амаржаргал даргад хамаатуулж хэлсэн нь лав. Тэгж хэлэх ч үндэслэлтэй. Учир нь, хариуцлага алдсан л бол үг дуугүй ажлаа хүлээлгэж өгдөг сайн жишиг Монголын төрд тогтож эхэлж байгаа учраас энэ удаад Я.Амаржаргалын толгойг илээд өнгөрөөх, эсвэл сурсан зангаараа “уснаас хуурай” гаргах гээд бүтэхгүй л болов уу?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 5 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 5 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 6 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр