АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛБАЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗӨРЧИЛ ҮҮСНЭ


Д.ОРОСОО

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн

эрх зүйн хорооны гишүүн, хуульч

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн өнөөдөр биш, өмнө ч олон удаа яригдаж, хөндөгдөж байсан. Өмнөх туршлагаас үзэхэд хууль санаачлагч хангалттай хугацааны өмнө хуулийн төсөл өргөн мэдүүлж, хуулийн төсөл нь ил тод, нээлттэй байдаг байлаа. Харин энэ удаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хүчтэй яригдаж байгаа ч одоогоор УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн хуулийн төсөл байхгүй байна. Олон нийт, эрх баригчид зөвхөн зөвлөлдөх санал асуулгаар хөндөгдсөн хэд хэдэн асуудлын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг Зөвлөлдөх санал асуулгын 6 сэдэв, дэмжигдсэн 4 асуудлын хүрээгээр хязгаарлаж болохгүй юм. Хууль санаачлах, хуулийн төсөл өргөн мэдүүлэх эрх зөвхөн хууль санаачлагчид байдаг. Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт хийх вэ гэдгээс илүүтэйгээр ямар дэг журам, процедураар нэмэлт, өөрчлөлт оруулах вэ гэдэг туйлын чухал байдаг. Гэтэл эрх баригчид энэ процедур, дэг журам дээр олон алдаа, зөрчил гаргах болов. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа "... Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн санаачилга, үйл ажиллагаа эхэндээ зөв байсан ч сүүлдээ дур зоргын шинжтэй болж хувирч байгаа нь харамсалтай, зөрчлүүдийг нь түүвэл жижигхэн товхимол болох хэмжээний юм бий, энэ санаачилга нь Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзэх үндэстэй юм ..." гэж тодорхой хэлсэн байдаг.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга гарган явж буй эрх баригчид сүүлдээ хууль зөрчигч болж хувирч байгаа нь дор дурдсан жишээ, баримтаас тод харагдана. Тухайлбал,

Нэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлээгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хууль санаачлагч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлж, улмаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх тодорхой дэг журамтай. Уг хуулийн 6.2-т "Улсын Их Хурал хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөлгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болохгүй" гэж хориглосон. Гэтэл сар гаруй хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно, сонгуультай хамт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулна гэж ярьж байгаа ч тун бага хугацаа үлдсэн байхад өнөөдрийн байдлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй байна. Анхнаасаа хуулийн төсөл өргөн мэдүүлж явах учиртай байсан. Хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүлсэн ч хангалттай хэлэлцэх хугацаа үлдсэнгүй. Хуулийн төслийг өргөн мэдүүлэх тал дээр маш их хугацаа алдсан.

Хуулийн төсөл хэлэлцэх процедурын тухайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Хууль санаачлагч энэ хуульд заасан зарчим, журмын дагуу боловсруулсан төслөө ... УИХ-д өргөн мэдүүлнэ.", 11.2-т "УИХ төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ." гэж заасан.

Бодит байдал дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа байдал илт байна.

Хоёр. Ард нийтийн санал асуулга товлон зарлах хуулийн хугацаа нэгэнт дууссан.

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д "Санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана." гэж заасан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар УИХ ард нийтийн санал асуулга товлон зарлах боломжгүй. Хуульд заасан хугацаа нэгэнт дууссан болно. УИХ нь баталсан хуулиа чанд мөрдөн хэрэгжүүлж ажиллах нь нэн тэргүүний үүрэг, гэтэл санал асуулга товлон зарлах хуулийн хугацаа дуусаад 20 гаруй хоног өнгөрсөн байхад дур зоргоороо хуулийн хугацааг өөртөө зориулж өөрчлөхөөр зүтгэж байгаа нь ёс зүйгүй алхам төдийгүй энэ нь Үндсэн хуулийн дархлаа, халдашгүй байдалд эрсдэл бий болгож байна.

Зөвхөн энэ удаа ард нийтийн санал асуулга зохион байгуулж явуулахын тулд сонгуулийн хуулийн хугацаатай уялдсан энэ хугацааг багасгах нь олон сөрөг үр дагавартай. Сонгуулийн тухай хуулиар ээлжит сонгуулийг товлон зарлах хугацаа мөн адил санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байдаг. Энэ хугацаа ард нийтийн санал асуулгын тухай хуультайгаа уялдаж Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар мөн 65-аас доошгүй хоногийн өмнө санал асуулгыг товлон зарлахаар хуульчилсан. Хуульд заасан ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуультай хамтатган явуулах санал асуулгыг товлон зарлах хугацаа адил байдаг. Энэ хугацааг дур зоргоороо өөрчлөх нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын гавъяат хуульч Б.Чимид агсан "Хууль дээдлэх ёс гэдэг бол засаг төр барих урлаг" гэж хэлсэн байдаг юм.

Гурав. Ард нийтийн санал асуулга явуулбал Үндсэн хууль зөрчинө.

Монгол Улсын Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3-т "УИХ ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно." гэж заасан нь өргөн агуулгатай юм. Аливаа улс төрийн сонгуулийн цаг үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар парламент хэлэлцэх нь улс төрийн маргаан тэмцэл, үл ойлголцолд хүргэх, олон нийтийг талцуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах, Үндсэн хуульт байгуулалд халдах зэрэг сөрөг үр дагавар үүсгэж болзошгүй байдаг. Тийм ч учраас Үндсэн хуульд зохих хязгаарлалтыг хийж өгсөн байна. Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь заалт бол сонгууль явуулахын өмнөх 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар явуулах Ард нийтийн санал асуулгад мөн адил хамаарна. Түүнчлэн Үндсэн хуульд тодорхой хязгаарлалтыг заасан байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэх нь ч Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулна. Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ард нийтийн санал асуулга явуулахаар болвол Үндсэн хуулийн зөрчил үүснэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас бусад асуудлаар сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулж болно. Харин сонгуультай хамтатган Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3 дахь заалтад бүрэн нийцэхгүй байна.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байгаа нь эрх баригч нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн сурталчилгаа, амлалт болгож ашиглах далд зорилготой холбоотой. Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тусгайлсан бие даасан хуультай, харин цаашид Үндсэн хуулийн дархлаа, халдашгүй байдлыг хангах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах бие даасан хуультай болох хэрэгцээ шаардлага үүсч байна.

Дөрөв. Зөвлөлдөх санал асуулгын дүн, зөвлөмж бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл биш.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т зааснаар Үндсэн хуулийн зөвхөн 4 зүйл, хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах ёстой байсан. Гэтэл зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэгдсэн 6 бүлэг асуудлын 3 асуудал нь Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах хуулийн заалтад хамаарахгүй, хууль зөрчиж захиалгаар буюу үзэмжээрээ оруулсан сэдэв юм. Мөн Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн гэх 4 бүлэг асуудлын 3 нь (Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах; Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх; Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;) өмнө дурдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зөвлөлдөх санал асуулга явуулах асуудал биш болно. Иймд зөвлөлдөх санал, асуулгын дүн, зөвлөмж нь хуульд бүрэн нийцээгүй.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-д "Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах"-аар тов тодорхой заасан. Энэ нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна", Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална", Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн", Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна" гэсэн заалт юм. Гэтэл УИХ-ын 2017 оны 24 дүгээр тогтоолоор зөвлөлдөх санал асуулгад хамаарахгүй 3 бүлэг асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зөвлөлдөх санал асуулга явуулж хууль зөрчжээ.

Тав. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн санаачилга Үндсэн хуульт байгуулалд эрсдэл учруулж байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-д "Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ." гэж заасан. Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг "саад тээг" гэж харж байна. Тийм ч учраас уг хуулийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэхгүй байна. Уг хуулиас "зугтах" сонирхол, хандлага илт давамгай харагдана. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хуулийн төсөл, саналд өндөр шалгуур, шаардлагад тавьдаг, энэ хууль бол Үндсэн хуулийн "цоож" гэсэн үг. Гэтэл энэ хуулиас "гадуур" тусдаа нэг "гарц" нээсэн нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль юм. Журмын тухай хууль өндөр босго, шалгууртай тул Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны 2 дугаар сард баталж, Зөвлөлдөх санал асуулга явуулж, журмын тухай хуулиас "гадуур" ажлын хэсэг байгуулсан нь өнөөдрийн зөрчилтэй байдлын үндэс суурийг бүрдүүлсэн юм.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлагдаж, улмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь ард олны хэлж заншсанаар томоохон "хуулийн цоорхой" бий болгож, Үндсэн хуулийн дархлаа, халдашгүй байдалд бодитой аюул занал учруулаад байна. Тухайлбал,

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4-д "Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах." гэж нэмэлтээр оруулсан. Энэ нь зөвлөлдөх санал асуулга нэрийн дор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг УИХ шууд авч хэлэлцэх ноцтой үр дагавар бий болгоод байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бол ердийн хуулийн асуудал биш, тулгуур хуультай холбоотой олон арван жилийн хугацаанд үйлчлэх асуудлыг хөндөж байгаа тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэг журмын дагуу зөв журмаар явах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэх, олон нийтийн өргөн хэлэлцүүлэг хийж, итгэлийг олж хийх ажил юм. Иймд зохих шаардлага, бэлтгэл бүрэн хангаж чадаагүй тул түр хойшлуулах хэрэгтэй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгааг олон нийт, улс төр, хууль зүйн салбарын хүрээнд ч нэгэнт хүлээн зөвшөөрч байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 16 минутын өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 1 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 2 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 2 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 2 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 3 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 3 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 4 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 5 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 5 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 6 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 6 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 6 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 7 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 7 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 7 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 7 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 8 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 20 цагийн өмнө