Италийн эрэгт 200 гаруй цагаачдыг тээвэрлэж байсан усан онгоц сүйрчээ

О.Шүрэнцэцэг
2023/02/28

Италийн өмнөд хэсгийн далайн эрэгт 200 гаруй хүн тээвэрлэж явсан усан онгоц живсний улмаас ихэнх зорчигчид амиа алдаж, тэр дунд 13 хүүхэд байсан тухай албаныхан мэдээллэв.

Уг хөлөг онгоц 200 орчим хүн тээвэрлэж явсан гэж таамаглаж байгаа ч яг хэдэн хүн байсныг одоогоор тогтооход хүндрэлтэй байна. Зорчигчдын ихэнх нь Афганистан, Пакистан, Сомали, Сири, Ирак, Иранаас ирсэн цагаачид байжээ.

Онгоц хүрэх газраа бараг ирсэн ч Кротон хотын ойролцоо газардах гэж байгаад осолдсон аж. Калабрия мужийн ойролцоох далайн эргийн амралтын газрын эрэг арай намдуухан тул нас барсан хүмүүсийн цогцсыг тэнд уснаас гарган авчээ. Эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр 80 хүнийг эсэн мэнд олсон байна. Амьд үлдсэн нэг хүнийг цагаач худалдаалсан хэргээр баривчилсан гэж усан хилийн цагдаагийн алба мэдэгдэв. Онгоцонд байсан хүмүүсийн ихэнх нь Пакистанаас ирсэн гэж таамаглаж байгаа бөгөөд даваа гарагт тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф мэдэгдэл хийхдээ, амиа алдагсдын дунд 20 гаруй пакистанчууд байсан гэж таамаглаж буйгаа хэлсэн. 

Амьд үлдэгсдийг аварч, аюулгүй газар хүргэх, амь үрэгдсэн хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй бөгөөд Изола ди Капо Рицзуто хотын түр хүлээн авах төвд цагаачдыг байрлуулж байна. Хил хязгааргүй эмч нар (MSF) буяны байгууллагын ажилтан Сержио Ди Дато "Амьд үлдсэн хүмүүс нэлээд гэмтэж бэртсэнээс гадна зарим хүүхдүүд бүтэн өнчин хоцорлоо. Бид чадах бүхнээрээ тэдэнд туслахаар хичээж байна" гэж ярив. 

Афганистанаас ирсэн 16 настай хүү, 28 настай эгчээ алдаж, аав ээждээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа аж. Афганистанаас ирсэн 43 настай эрэгтэй, 14 настай хүүгийн хамт амьд үлдсэн ч эхнэр болон 5, 9, 13 настай хүүхдүүд нь амь үрэгдсэн байна. Өөр нэг афган эмэгтэй нулимс дуслуулан, нөхрөө алдсан далайн эргээс холдохыг хүссэнгүй. 

SOS Méditerranée төрийн бус байгууллагын ажилтан Франческо Креаззо хэлэхдээ "Энэ бол манай эргийн ойролцоо болсон эмгэнэлт явдлуудын нэг. Газар дундын тэнгис бол хэдэн арван мянган сүнстэй, асар том булш гэдгийг бидэнд сануулж байна. Энэ тэнгисийн төв хэсэгт аврах ажиллагаанд оролцож байна. 2013 онд хүмүүс Лампедузагийн бяцхан цагаан авсуудад "дахиж хэзээ ч үгүй" гэж хэлж байсан бол 2015 онд хоёр настай Сири хүүхдийн жаахан цогцсын өмнө "дахиж ийм зүйл болохгүй" гэж л байсан. Гэтэл дахиад л бяцхан хүүхдүүдийн амь нас үрэгдлээ. Энэ байдалд эцэс төгсгөл гэж үгүй бололтой” хэмээн харуусч байна. Уг эрэг орчимд 2014 оноос хойш 26 мянга гаруй цагаач иргэд амь насаа алдсан гэх тоо баримт байдаг аж. 

Эх сурвалж: BBC News

Гэрэл зураг: BBC News


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 8 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 11 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21