ХҮН БАЙЯ

Б.Энхтулга
2023/06/28

Монголчууд эрт дээр үеэс буддын шашнаа шүтэж лам нарыг багшаа хэмээн хүндэлсээр ирсэн ард түмэн. Он цагийн хэлхээсэнд энэ салбар бизнес, оюуны хулгай зэрэг олон янзын хар сүүл дагуулсаар ч ирсэн. Гэхдээ л олонх нь буддын шашиндаа үнэнч учраас эдгээр зүйлсийг тоолгүй өнөөдрийг хүртэл шүтэн, биширсээр байгаа. Шашны байгууллагад хүчирхийлэл явагдсан ч шашин болон хүчирхийлэл хоёр өөр зүйл учраас шашныг нь үлдээгээд гол зүйл болох хүчирхийллийн асуудлыг нь бичээд явъя. Эмэгтэй хүнд засал хийхдээ бузрыг нь арилгана хэмээн эр эмийн ажил хийхийг санал болгон хүчирхийлдэг, хөх, бөгс зэрэг эмэгтэй хүний эмзэг газар нь дураараа хүрдэг гэхчлэн лам нартай холбоотой жигшүүртэй яриа сонсогдож явсан цаг саяхан. Гэтэл хийдэд шавилан суудаг ламхай нар хүн сонсоход бэрх хэрэг үйлдсэн мэдээлэл нийгмийг царцаагаад байна. 12-хон настай хүүг дээд насны ах нар нь орой болгон оронд нь хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, ганц энэ хүүгээр ч зогсохгүй хэд хэдэн бага насны хүү хүчирхийллийн золиос болсон. Эдгээр хүүхдүүдийн амьдралд байж болох хамгийн хар өдрүүд нь одоо ЦЕГ-т болсон явдлаа эхнээс нь ярьж байгаагаар үргэлжилж байна. Гэтэл анх энэ хэргийг хохирогч хүүгийн ээж цахим сайтад ярилцлага өгснөөр дэлгэгдэх үед Гандантэгчэнлин хийдийн лам нар нь соёлын өвийн онцгой ариун бүс учраас зүй бусаар бидний нэр хүндэд халдаж байна хэмээн ярьж байв. Зарим нэг хүмүүс Х богдтой холбон урд хөршийн явуулга ч гэж ярьж байв. Энэ мэдээллийг нь үзэхэд хүүхдийн хүчирхийллийг онцгойлж авч үзэхгүйгээр өөрсдийн нэр хүндээ тэргүүнд тавьж байгаа нь харагдсан юм. Үнэхээр л ариун дагшин шашны соёлын өв болсон газар мөн нь мөн. Гэхдээ хүнийг соён гэгээрүүлэх зорилготой энэ байгууллага хүүхдийн эрхээ, хүний эрхээ нэн түрүүнд тавих ёстой газар мөн үү гэвэл гарцаагүй мөн юм. Гэвч тэгсэнгүй. Хэвлэл мэдээллээр ил болоогүй бол нуун дарагдуулж цаашдаа ч ийм байдлыг өөгшүүлэх байсныг үгүйсгэхгүй. Монголд хүний эрх гэдэг зүйлийг ярьдаг ч үнэндээ үгнээс өөрцгүй зүйл болсон гэдгийг уншигч та ч мэдэж байгаа. Хүний эрхийн, хүүхэд, залуучуудын байгууллагууд нь зүгээр л орон тооны байгууллага болон хувирсан. Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар нь ламхай хүүхдүүдтэй хамт нэг байранд насанд хүрсэн хүн байсныг мэдсэн. Улмаар бид нэг сая төгрөгөөр торгосон, Хүний эрхийн комиссын дарга нь ийм хэрэг гарсанд үнэхээр харамсалтай байгаа холбогдох албаныхантай хамт шалгалт явуулна гэж яриад зогсож байдаг. Монголд холбогдох байгууллагууд нь үргэлж аливаа хэргийг болоод өнгөрсөн хойно нь дуугардаг. Бид ингэж ажиллана, тэгж ажиллах байсан юм гэж. Яг үнэндээ идээлсэн хойно нь биш идээлэхээс өмнө цэвэрлэх нь эдгээр байгууллагуудын бас нэг үүрэг. Ламхай нарын хэрэг яаж ч шийдэгдсэн бай нэгэнт сэтгэл зүй, бие махбодиороо хохирчихсон хүүхдүүдийн араас яаж ч ажиллаад эдгээж чадахгүй. Насан туршдаа сэтгэлдээ хар толбоо тээгээд л явах болно. Бид нийгмээ цэвэрлэж чаддаггүй юм аа гэхэд ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ хайрлан, хамгаалж яагаад болдоггүй юм бэ. Бага насны хүүхдүүдийн төлөө ажил хийхдээ ч түүнийгээ мөнгөөр үржүүлж хардаг сэтгэхүйгээс хэзээ салах юм бэ. Ариун газраас үүдэлтэй ламхай нарын хүчирхийллийн хэрэг нийгмийг сэрээж байгаа ч энэ нийтлэлийг бичиж байх зуурт ч гэсэн хаа нэгтээ бяцхан зүрх нар сийчүүлсээр байгаа. Болсон хойно нь биш болохоос нь өмнө цочдог байя хурган дарга нар аа. Иргэн та ч гэсэн хүчирхийллийг зогсоох хүчтэй. Хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлж түүнийг таслан зогсоодог зүрхэндээ гэрэлтэй зөв хүн байя. Бүх нийтээрээ болохгүй байгаа зүйлийн төлөө зогсож, дуугарч чаддаг хүчтэй байя. Эрүүл нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо хамгийн чухал. Эхлээд хүн байя тэгээд зөв нийгмийг бүтээцгээе.


3
angry
2
care
0
haha
11
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 56 минутын өмнө
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ 1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 3 цагийн өмнө
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна 6 цагийн өмнө
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ Өчигдөр
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ Өчигдөр
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай Өчигдөр
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа Өчигдөр
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно Өчигдөр
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 2025/07/04
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 2025/07/04
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 2025/07/04
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 2025/07/04
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 2025/07/04
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 2025/07/04
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 2025/07/04
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2025/07/04