Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс 2026 оны зургаадугаар сарын 13-ны өдөр гаргасан мэдээллээр улаанбурхан өвчний батлагдсан нийт тохиолдол 15,404-д хүрээд байна. Үүнээс 12,314 нь нийслэлд, 3,090 нь орон нутагт бүртгэгджээ. Нийтдээ 20 хүн уг өвчний улмаас нас барсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 4 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд нийслэл хотод илэрчээ. Орон нутагт шинээр тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нас баралт гараагүй байна.
Одоогоор 67 хүн эмчилгээ, хяналтад байгаа бөгөөд үүнээс 57 нь эмнэлэгт, 10 нь гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 40 нь нийслэлд, 17 нь орон нутагт байгаа бөгөөд ихэнх нь дунд зэргийн хүндрэлийн зэрэгтэй байна.
Насны бүлгээр авч үзвэл 10–14 насны хүүхдүүд хамгийн өндөр өвчлөлтэй буюу 5,481 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 0–4 насны хүүхдүүдийн дунд 3,884, 5–9 насныханд 1,999 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчний дэгдэлт улсын хэмжээнд 472 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нийт 5 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтад хамрагдах, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна