Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: ГАДААД ӨР ТӨЛБӨРҮҮДЭЭ АМЖИЛТТАЙ ШИЙДВЭРЛЭСЭН НЬ ТӨГРӨГТ ИТГЭХ ИТГЭЛД ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Admin
Өчигдөр

Монгол Улс олон улсын зах зээл дээрээс 5.625 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 800 сая ам.долларын бонд босгосон тухай мэдээ цахим орчимд хүчтэй тарж байна. Эдийн засагт энэ нь ямар нөлөөтэй байх талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.

800 сая ам.долларын "Гэрэгэ" бонд бослоо гэдэг мэдээ шуугиан тарьж байна. Энэ бонд эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Хамгийн гол нь зах зээл дээрх тодорхой бус байдлыг бууруулж эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Ирэх оны 1-р сард Чингис бондыг хэрхэн төлөх вэ гэдэг тулгамдсан асуудал болж байсан шүү дээ. Одоо энэ асуудал шийдвэрлэгдсэнээр олон эргэлзээ зэрэг тайлагдаж байна. Монголбанк валютын нөөцөөрөө энэ өрийг төлөхөөргүй боллоо. Монгол Улс 2021 он хүртэл гадаад өрийн дефолтын асуудлаас ангижирлаа. Монголд урьд нь орж ирсэн санхүүжилтүүд эргэж татагдах эрсдэлгүй боллоо. Тэгээд мэдээж улсын зээлжих зэрэглэл, гадаад болон дотоод хөрөнгө оруулагчдын хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэх болов уу. Тэгэхээр, энэ бүгдийн нийлбэрт төлбөрийн тэнцэл дээр ихээхэн эерэг нөлөө бий болно гэж харж байна.

Монгол Улсын хувьд 2017 онд Евро бонд, Ардын банкны своп дээр нэмэгдээд Чингис, Димсам бондуудын эргэн төлөлтийг шийдвэрлэх нь чухал бөгөөд амаргүй сорилт байсан. Тийм ч учраас үр дүнг нь олон нийт нэлээд өөдрөгөөр хүлээж авч байна. Төлбөрийн тэнцэл, зах зээл дээрх хүлээлт ийнхүү сайжирснаар төгрөгийн ханшид эерэг нөлөөтэй гэж ойлгож болох уу?

Валютын орох урсгал нэмэгдэх нь мэдээж ханшийг тодорхойлдог суурь хүчин зүйлүүдийн тусгал болсон төлбөрийн тэнцлийг бодитоор сайжруулна. Төлбөрийн тэнцэл маань 2013 оноос хойш алдагдалтай явж ирсэн трендээсээ гарч, 8-р сарын эцэст 215 сая ам.долларын ашигтай болсон байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс руу валют цэвэр дүнгээрээ орох урсгалтай болж, валютын нөөцийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлээд эхэлсэн гэсэн үг. Харин нөгөө талаас "Монгол Улсад 800 сая доллар орж ирлээ, тулгамдсан гадаад өр төлбөрүүд амжилттай шийдвэрлэгдлээ" гэдэг эерэг мэдээ нь өөрөө зах зээлд оролцогчдын төгрөгт итгэх итгэл, хүлээлтэд ч эерэг нөлөөтэй. Энэ нь өөрөө бодит мөнгөн урсгалаар баталгаажсан хүлээлт учраас харьцангуй тогтвортой байх болов уу гэж харж байна. Тэгэхээр бусад хүчин зүйлс тогтмол үед валютын орох урсгал болон хүлээлт сайжрах нь богино хугацааны ханшийн тэнцвэрт түвшинд тодорхой нөлөө үзүүлнэ. Харин цаашид урт хугацаанд олон хүчин зүйл нөлөөтэй ч, Монголбанк валютын нөөцөө эрчимтэй нэмэгдүүлэх, засаглал институцээ сайжруулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг чиглэлүүдээр бодлогын болон суурь шинэчлэлтүүдийг хийж байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл хадгалагдахад чухал түлхэц үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл болоод хүлээлт дээр бий болсон эерэг өөрчлөлтүүд бол түр зуурын зүйл биш юм.

Өнгөрсөн оны өдийд Хөгжлийн банкны $580 саяыг хэрхэн төлөх нь тодорхойгүй үед үүний яг эсрэг процесс явагдаж, төгрөгт итгэх итгэл унаж байсан шүү дээ. Монголбанк одоо төгрөгийг үнэ цэнэтэй валют байлгахын тулд юу хийж байна вэ?

Үндэсний мөнгөн тэмдэгтийг үнэ цэнэтэй байх баталгааг бүрдүүлэхийн тулд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Монголбанк онцгой анхаарч буй. Үр дүн нь ч илэрч сүүлийн нэг жилд нөөц маань 40% нэмэгдсэн байна. Цаашид ч нэмэгдэх шаардлагатай бөгөөд, ийм боломж ч байна. Валютын нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой алт худалдан авалтыг идэвхжүүлэх аяныг орон даяар өрнүүлэх, үнийг дэлхийн жишгээр тогтоох, алт тушаагчдад таатай нөхцөлийг бий болгох зэрэг олон шинэ ажлын үр дүнд 8-р сарын эцэст зарлагдсан $1.6 тэрбумын нөөц маань оны эцэст дахиад $200-300 саяар өсөх болов уу гэсэн тооцоо бий. Дээр нь Монголбанк ч, Монгол Улсын Засгийн газар ч ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө тууштай үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа. Эхний шатны үнэлгээгээр бид бүх тоон үзүүлэлтүүдээ амжилттай хангасан. Дараагийн шатны үнэлгээний үр дүн ч амжилттай болно гэдэгт итгэж байна. Иймд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан $5.5 тэрбумын санхүүжилтийн багцаас хуваарийн дагуу Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгалууд нь төлбөрийн тэнцэл болоод валютын нөөцөд давхар том дэмжлэг болох юм.

Гадаад валютын нөөцийн өсөлт, олон улсын байгууллагууд болон донор орнуудын дэмжлэг туслалцааг олон нийт ерөнхийдөө нэлээд дэмжсэн байр суурьтай байдаг. Харин бондын хувьд, "өрийг өрөөр дарлаа" гэдэг шүүмжлэл байдаг шүү дээ?

Бонд гэдэг нь өөрөө нэг л төрлийн санхүүгийн хэрэгсэл шүү дээ. Тэгэхээр энэ хэрэгсэл нь өөрөө сайн эсвэл муу гэж тайлбарлахаас илүүтэйгээр энэхүү хэрэгслээр юу хийж байна вэ гэдэгт анхаарах нь зүйтэй болов уу. Яг л галаар хоол хийх үү, байшингаа шатаах уу гэдэг шиг. Энэ удаагийн бондын хувьд хугацаа, хүү нь харьцангуй боломжийн нөхцөлтэй харагдаж байна. Нэг талаас эдийн засаг маань сэргэж эхэлж байгаа ч, хараахан бүрэн тогтворжоогүй эмзэг байдалтай, гадаад ертөнцөөс харахад эрсдэлтэй хэвээр байгаа. Тэгэхээр бондын хүү 5% орчим гэдэг бол боломжийн үнэ. Харин нөгөө талаас 9-р сараас хойш дэлхийн зах зээл дээрх санхүүжилтийн цаашдын нөхцөл байдал нэлээд өөрчлөгдөх хүлээлт үүслээ. Энэ нь голлох төв банкууд хүүгээ өсгөх, балансаа багасгах чиглэлд хөдлөх хүчтэй дохио өгөөд эхэлсэнтэй холбоотой. Энэ нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх хүү нэмэгдэх, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд санхүүжилт босгох боломжийг хумих эрсдэлтэй. Тэгэхээр, энэ эгзэгтэй цаг мөчид тулгамдаад байсан гадаад өр төлбөрийн асуудлаа боломжийн нөхцөлөөр шийдвэрлэчихлээ гэдэг бол чухал үр дүн. Ингэснээр эдийн засагт бий болсон эерэг үр дүнгүүдээ бэхжүүлэх, цаашид урт хугацаанд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгож байна.

Ярилцсанд баярлалаа!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө 10 минутын өмнө
Талын Монгол брэнд хэрэглэгчиддээ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР бэлэг барьж байна 21 минутын өмнө
Ховд аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 45 минутын өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлөг анхны нислэгээ Ховд чиглэлд үйлдлээ 59 минутын өмнө
“Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээлээ 1 цагийн өмнө
Балетын урлагаар сурагчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргалаа 1 цагийн өмнө
Нийслэлд 8 градус дулаан 5 цагийн өмнө
Шинэ залуу багш нарыг ахмад багш нарт дагалдуулан сургана 19 цагийн өмнө
"Mongolia fashion week 2024" эхлэхэд нэг хоног үлдлээ 19 цагийн өмнө
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ Өчигдөр
Хэтрүүлэн барьсан хашааг татуулж, зам тавихад бэлэн боллоо Өчигдөр
Нийслэлд 8 градус дулаан байна Өчигдөр
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсэд МАН-ын томчуудыг амалж авч, өрсөлдөх сурагтай Өчигдөр
Э.Цэцэгсайхан О.Батнайрамдалаас хэвлэлийн цагаа хуваалцаач хэмээн тусламж хүслээ Өчигдөр
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
Д.Сумъяабазар: МАН-ын үнэт зүйл нь эв нэгдэл, зохион байгуулалт, хариуцлага юм Өчигдөр
Э.Батшугар:Зээлдэгчийн онооны системийг нэвтрүүлснээр зээлийн хүү, барьцаа хөрөнгийн шаардлага багасна Өчигдөр
И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна Өчигдөр
“Хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй” Өчигдөр
2022 онд эрт илрүүлэгт орсон иргэд ирэх сараас дахин хамрагдах боломжтой Өчигдөр