Ерөнхийлөгч Х.Баттулга УЕП-ын орлогчид СБД-ийн Ахлах прокурор А.Цэрэнсодномыг "зүтгүүлээд", нэрийг нь буцаан татсан. Буцаан татах шалтгаан нь түүний бусдыг дарамталж, мөнгө нэхч буй бичлэг дэлгэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өгсөн.
Тухайн бичлэгийн талаар прокурор А.Цэрэнсодном "Миний дуу хоолой мөн. Гэхдээ өөр асуудлаар хүнтэй маргаж байсан" гэсэн тайлбарыг манай сайтад өгч байсан юм.
Гэтэл өнөөдөр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Миний дуу хоолой биш. Эвлүүлэг" хэмээн ярьжээ. Түүний нэг асуудлаар хэдхэн хоногийн хугацаанд 2 өөрөөр тайлбар өгч, худал хэлж буйг ийнхүү баримтаар харьцуулан хүргэж байна.
"Өдрийн сонин"-ы ярилцлагын хэсгээс...
Таныг Улсын прокурорын орлогчоор нэр дэвшүүлж байна гэсэн мэдээллийн маргааш нь л нэг бичлэг цацагдсан. Та таван зуун саяыг нэг хүнээс нэхээд, загнаад байгаа тэр бичлэг ямар учиртай юм бэ?
Ерөнхийлөгч намайг нэр дэвшүүлэх санал оруулсан гэдгийг дуулсны маргааш буюу гуравдугаар сарын 26-ны өдөр зарим хэвлэлээр гарч ирсэн л дээ. Зарим сайт, болон пэйжээр гарсан. Энэ бол гүтгэлэг. Ийм бичлэгийг хэн ч хийчихдэг болсон цаг. Хэрвээ ийм зүйл байсан бол намайг нэр дэвшүүлэх гэж дуудсан Ерөнхийлөгчийн Тамгын газарт шууд л мэдэгдэнэ шүү дээ. Энэ зэргийн албан тушаал томилогдох нэр дэвшигчийг битгий хэл ердийн төрийн албан хаагчийг хүртэл судалж байж томилдог болсон үед амьдарч байна. Лавлагаа тодорхойлолтыг АТГ, Тагнуул, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас авдаг хуультай. Тэр хариуцсан газрууд нь зөрчилгүй л гэсэн бичгээ өгсөн юм билээ.
-Гэхдээ тийм барим тавим бичлэг байхад яагаад тэр байгууллагууд тийм хариу өгдөг байна аа. Аль нэг байгууллагад нь энэ бичлэг очсон л байлгүй дээ....
-Тийм бичлэг бол мэдээж хэн нэгэн эвлүүлсэн байж таарна. Хийхдээ хууль бусаар хүн гүтгэх зорилгоор. Тэр бичлэгийг манай прокурорын байгууллагаас гарсан гэж хүмүүс хэлээд байгаа. Би ч гэсэн тэгж хардаж байна. Прокурорын байгууллага чинь мөрдөн шалгах нууц ажиллагааны зөвшөөрлийг өгдөг. Тэр утгаараа прокурорын байгууллага дотроосоо хийсэн эвлүүлэг байх.
-Бичлэгт яригдаж байгаа зүйл хэр үнэн юм бэ?
-Захын хүн сонсоод монтажилж засварласныг нь мэдэх байх. Энэ бичлэг тавигдсаны дараа хувийн талаас ч судалж, холбогдох мэргэжлийн хүмүүсээс ч зөвлөгөө авч, асууж үзлээ. Ялангуяа тоонуудыг хүч оруулах гэж хийсэн юм шиг байгаа юм.
-Ингэхэд таны дуу хоолой мөн биз дээ?
-Тэр ярьж байгаа нь миний дууг сайн хуулсан байна лээ. Яг л мөн юм шиг. Би өөрөө хүртэл андуурмаар. Гэхдээ яг тэр тооны асуудал дээр миний хоолойг алдсан байсан. Тэрүүгээр нь эвлүүлэг гэдгийг нь мэргэжлийн хүмүүс, компьютерт оруулж хэлж өгсөн. Тэгээд үзэхээр ялгаа нь мэдэгдэнэ. Тэр тоо чинь хүн сонсоход гол юм болно шүү дээ. Яасан их мөнгө вэ, 500 сая асар их мөнгө гээд л, цаашлаад хуулийнхан ингэж хүнээс мөнгө нэхэж, дарамталдаг юм байна гэж ойлгуулах гэсэн зорилго бас байх шиг. Мөн 461 гэдэг тоо дээрээ ч нотлогдсон эвлүүлэг гэдэг нь.
-Ямар нэг бичлэг гарахаар л эвлүүлэг гэж нэр холбогдсон хүн бүр л хэлэх болж. Одоо бол хүмүүс эвлүүлэг гэдэгт итгэх үү?
-Миний хувьд бодит байдал тийм байна гэдгээ л хэлэхгүй бол зохиож хэлэлтэй нь биш.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна