ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДАРГАЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ


Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар "Ажлын хэсэг байгуулах" Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэж баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар ажиллахаар болсон юм.

Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өнөөдөр (2019.07.19) хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо.

Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр үдээс өмнө Ерөнхийлөгчийн албан өрөөнд болж, хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга даргалан хуралдуулсан. Ажлын хэсэг анхны хурлаараа Ажлын хэсгээс хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан талаар Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв.

Тэрбээр Ажлын хэсгийн хуралдаан цаашид тасралтгүй үргэлжлэн явагдахын зэрэгцээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 7 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтсон. Тухайлбал, Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар, Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбогдох зүйл, хэсэг, заалтын талаар улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Дээрх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, өргөн мэдүүлсэн төсөл, саналаа танилцуулна.

Эдгээр хэлэлцүүлгүүд нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд баримтлахаар заасан үндсэн зарчмыг хангахад чиглэгдэж байгаа юм. Журмын тухай хуульд Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах; ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах; бодитой, ил тод байх үндсэн зарчмыг баримтлахаар заасан. Энэ зарчмыг хангахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах; иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгохоор заасны дагуу хэд хэдэн удаагийн ийм хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Улсын Их Хурал өчигдөр хоёр чухал шийдвэр гаргасны нэг нь "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай" тогтоол юм. Энэ тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байгаа учраас Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор зааж өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх, төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоохоор заасан байдаг.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүд энэ сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон энэ сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналуудыг иргэд олон нийтэд танилцуулж саналыг нь авах ажлыг зохион байгуулах юм. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар АН-аас өгөх саналыг ч хэлэлцүүлж, олон нийтийн саналыг авна.

Дараа нь өргөн баригдсан төслүүдийг нэгтгэх ажил хийгдэнэ. Манай намын бүлгийн хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тийм зарчмыг ч барьж ирсэн. Нөгөө талаар Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Улсын Их Хурлын 57-гоос доошгүй гишүүний дэмжлэг авч байж батлагдах учиртай. Тиймээс парламент дахь хоёр гол нам зөвшилцөлд орж, үндэсний зөвшилцлийн Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргалахаар болж байгаа учраас энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдана гэсэн итгэлтэй байгаа гэлээ.

Харин Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

-Ажлын хэсэг хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон АН-ын саналыг оролцуулж хэлэлцүүлгүүд хийхээр тогтсон. Одоо Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд авах ч юм бий, гээх ч юм бас бий. Гол нь бэлэн болоод хэлэлцэгдэж байгаа төслийн саналуудтай Ерөнхийлөгчийн төсөл болон АН-ын саналыг нэгтгэсний үндсэн дээр зөв үзэл баримтлал, зөв чиглэлтэй, өнгөрсөн хугацаанд бугшиж хуримтлагдсан гажуудлыг засаж зохицуулсан шинэ дэвшилт алхам хийгдээсэй гэдгийг л бид хүсэж байгаа.

Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн барина. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна гэлээ.

Ажлын хэсгийн гишүүд хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгах байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 14 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 14 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 14 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 16 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 17 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 19 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 19 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 20 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 20 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 21 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 21 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр