Цэргийн сургуулийн танкист захирал

О.Шүрэнцэцэг
2019/12/02

Ч.ҮЛ-ОЛДОХ

Цэргийнхнээс үг унагаж ярилцлага авах амаргүй юм. Нэг тийм даруу, бас хатуу. Хийсэн бүтээсэн нь сонирхол татаад асуугаад байхад ч тэр. Тэгээд "Мөрөөрөө ажлаа хийж яваа хүн сонин хэвлэлд гарч яах юм бэ" гэнэ. Ингээд удтал хөөцөлдөх хэрэг гарна. Нийтлэлийн маань зочин ийм нэгэн ажээ. Заавал түүнтэй ярилцах гэж хөөцөлдсөн маань учиртай. Тэрээр Монголын зэвсэгт хүчний салбарт олон шинэчлэл авчирсан шинийг санаачлагч бас олон анхдагчийн эзэн. Ганц жишээ хэлэхэд, олон жил ярьж саяхнаас ажил хэрэг болоод буй төмөр замыг цэргийн хүчээр барих ажлыг тэрээр аль эрт 2004 онд Увс аймгийн Цэргийн шатбын дарга байхдаа хийж, гүүр барьж ашиглалтад оруулсан нь одоо ч бий. Мөн цэргийнхэн дотроос анх удаа дипломат албанд томилогдож үүргээ хэрхэн биелүүлсэн нь түүнийг ажилласан он жилүүд дэх Монгол-Оросын харилцаанд бий болсон нааштай алхмууд, цэргийн салбарт бий болсон дэвшил, тушаал шийдвэрүүдээс тодхон харагддаг билээ. Ингээд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал, доктор, дэд профессор, хурандаа Ж.Цэрэнчимэдийн амьдралын тойргоор аялая.

Увсын "Ган бүрээ"-гээс зэвсэгт хүчний шинийг санаачлагч

Төгсөгчдийн уулзалтаар ХБНГУ-ын нисэхийн атташе, Анголын цэргийн атташе нарын хамт.

Жамсрангийн Цэрэнчимэд Увс аймгийн Тэс сумын уугуул. Гэхдээ цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Тэрээр одоогоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн суугуул. 1985 онд Улаангом хотын II арван жилийг төгсч цэргийн сургуульд орсноос хойш 34 жил зэвсэгт хүчинд зүтгэж яваа юм. Багадаа чанга дуутай цовоо хүү сургуулийнхаа "Дөл", "Шонхор" тоглолтыг командалж, аймгийн "ган хоолой" гэж нэрлэгдэж явсан түүхтэй. Дунд сургуулиа төгсөөд инженер болно гэсэн бодолтой хуваарь сонгохоор ороход нь Цэргийн хэлстийн Хасгаа, Ширэндэв, Баярмагнай тэргүүтэй дарга нар сууцгаачихсан "Хөөе, нөхөөр наашир, чи цэргийн хүн болох ёстой" гэж. Нисэхийн десант, Лениградын цэргийн холбооны сургууль гээд олон хуваарь байгааг харчихаад гарч аавтайгаа зөвлөхөд "Танкийн ангийг ав" гэжээ. "Энэ чинь тракторчин л болно гэсэн үг шүү дээ" гэж зөрөхөд аав нь "Миний хүү дараа нь энгийн болоход улс ардын аж ахуйд инженер болно шүү дээ" гэснээр Украины Киев хотын танкийн инженерийн ангид элсчээ. Тэр үед аравдугаар анги төгссөн хүүхдүүдийг армид нэг жилийн алба хаалгаад сургуульд нь явуулдаг байж. Иймд Төв аймаг дахь 256 дугаар нэгтгэлд албаа хаагаад дараа нь сургуульдаа очжээ. Хуягт танкийн инженерийн дээд сургуулийг төгсөх жил сургууль нь академи болон өргөжиж, онц төгсөгчдөд дэвшин суралцах боломж олдсоноор тэнд үлдэж хоёр жилийн дараа мастер хамгаалсан байна.Ийнхүү Монголын зэвсэгт хүчний салбар дахь анхны мастер 1991 онд эх орондоо хөл тавихад зах зээл эхэлчихсэн цаг үе тун хэцүүхэн угтав. Зүүнбаянгийн цэргийн ангийн 126 дугаар нэгтгэлийн засварын батальонд хуваарилагдаж очив. Энд тэрээр цэргийн байлдааны машины хөдөлгүүрийг сольж, хамт ажиллаж байсан ахмад Гэрэлийн хамтаар өргөлт, угсралтын механик ажиллагааг өөрчлөн цахилгаан кран хийж хамт олныхоо ажлыг хөнгөвчилсөн нь түүний анхны шинэ бүтээл, оновчтой санал / ШБОС/ байв. Дараа нь хээрийн нөхцөлд хөдөлгүүр солих төхөөрөмжтэй болгосон байна. Эндээс Танкийн хороо гэж нэрлэгддэг 138 дугаар ангийн хуягт албаны даргаар томилогдон хоёр жил гаруй ажиллаад дивизийн Хуягт албаны дарга болоод удаагүй байтал 1996 онд Цэргийн сургууль их сургууль болохын тулд магистр цолтой багш боловсон хүчин хэрэгтэй байна хэмээн төв рүү дууджээ. Ингээд дотоод шаталтат хөдөлгүүрийн онолын хичээлийн багшаас тэнхимийн эрхлэгч, эрдэм шинжилгээ хариуцсан дэд даргаар БХИС-д есөн жил ажиллаад байтал баруун хязгаар руу томилолт өгсөн байна. Ийнхүү 20 гаруй жилийн дараа 2004 онд тэрээр төрөлх нутаг Увсдаа цэргийн штабын даргаар очжээ.

Цэргийн хүчээр бүтээн байгуулалт хийж болохыг 2005 онд анх харуулав

ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөгчдийг Кремльд хүлээж авах үеэр. 2014 он.

Аймгийн цэргийн штабын дарга ямар хүн байсан, яаж ажиллаж ирснийг нь хүүхэд байхдаа Ширэндэв хэмээх нутаг орондоо хүндлэгдсэн хурандаагаас харж, цэрэг иргэний харилцаа ямар байх талаар анхны ойлголтыг авч байсан бол, түүн дээр нэмээд болзошгүй үед иргэдийг бэлэн байдалд яаж шилжүүлэх вэ, цэрэг татлагыг орон нутагт хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг бодож, тооцох вэ гээд олон ажилтай тэрээр төрөлх нутагтаа ийнхүү нүүр тулжээ.

Тэр үед зохион байгуулах, удирдах ажлаараа шалгарч байсан Сэлэнгэ аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Баттөр шиг дарга болохыг хэн хүнгүй мөрөөддөг байж. Түүний хувьд аймгийн удирдлагуудтай сайтар ойлголцон хамтарч ажилласны дүнд цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн хүчээр 25 метр урт, зургаан метрийн өргөн гүүрийг 2005 онд барьж ашиглалтад оруулсан бол 2008 онд дахин хоёр ч гүүр барьжээ. Цэргийн хүчээр бүтээн байршуулалт хийж болдог юм байна гэдгийг харуулсан тэр жишээ өнөө цагт ихээхэн сонирхол татаж байгаа юм.

Энэ тухайд тэрээр "Эхлээд гүүр барих зураг төслийг мэргэжлийн инженерүүдтэй ярилцаж гарган хэчнээн хэмжээний ямар мод орохыг тооцоолсон. Дараа нь хангайн зургаан суманд модоо бэлтгүүлэхдээ диаметрийг нэг ч мм-ээр зөрүүлж болохгүйг үүрэгдэж зохион байгуулалттай бэлтгүүлсэн. Ингээд гүүрээ бэлэн болгож, нутгийн алтан гартай мужаанаар бэхэлгээг хийлгэж, мод татахад зарцуулсан шатахуун, хоол хүнс гээд нийт өртгийг тоовцол ердөө 7.2 сая төгрөгт багтаан ашиглалтад оруулсан. Бэлтгэлийг өмнө нь сайтар базаасан учраас 2005 оны намар ердөө 14 хоногийн сургалтын үеэр зохион байгуулж чадсан. Сайн мэргэжилтэн, сайн мужаан, их төлөв баруун аймгаас ирсэн хөрөө сүхтэй харьцаж сурсан цэргүүдийн маань хамтын хүч. Бас нутагт маань том бүтээн байгуулалт хийж байна гээд биднийг сэтгэл санаагаар дэмжиж, "Хоол хүнсэндээ хэрэглэ" гээд хонь авчирч өгч байсан малчид, иргэдийн дэм тус их. Тэр ажилд гар нийлж хамтарч ажилласан нөхдүүдтэйгээ би одоо хүртэл нөхөрлөж яваа. Тэндээс эхлэн гэр бүлийн сайхан найзууд болсон хурандаа найз нар бий. Цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглах нь нэгдүгээрт, бие бүрэлдэхүүн нягтарч төлөвшихөд, нөгөө талаар нутаг орны хөгжилд их дэмтэй " хэмээн тэрээр дурсч байна. 2005 онд барьсан дээрх гүүрийг улсын комисс хүлээж авахдаа үнэлгээг 32 сая төгрөг хэмээн үнэлж бүртгэсэн байдаг. Энэ бол гүүрийг үнэлсэн цаасан дээрх бүртгэлийн үнэлгээ юм. Гэтэл мэдэхгүй зарим нь "Энэ нөхдүүд 32 сая төгрөгийн гүүрийг 7.2 сая төгрөгөөр бариад бусдыг нь халааслачихлаа" гэж хардах энүүхэнд. Ийм яриа ч тухайн үед гарч байсан гэдэг. Өдгөө Увс нутгийн иргэд, малчид 2008 онд баригдсан гүүрийг Ж.Цэрэнчимэд хурандаагийн гүүр хэмээн нэрлэх нь бий. Малчид өвөлжөө, хаваржаандаа буухад ихээхэн хэрэг болдог учраас тэгж ярих нь ч аргагүй биз.

Ийнхүү тэртээ 2000-гаад онд цэргийн хүчээр орон нутагт бүтээн байгуулалт хийж болдог юм шүү гэдгийг анх харуулжээ. Тэр жишгээр цааш явсан бол өнөөдөр Монгол орны хөгжил, бүтээн байгуулалт огт өөр болох байсан биз. Гэхдээ саяхнаас Ерөнхийлөгч энэ талаар санаачилга гарган өдгөө төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчнийхэн оролцож эхлээд байна. Энэ ажил эрчээ алдалгүй цааш явбал улс орны хөгжилд ч, цэргийн алба хааж буй залуусын төлөвшил, амьдрал ахуйд ч тун чухал алхам болох юм.

Дипломат албанд "Ногоон гэрэл" асаасан анхдагч

Гэр бүлийн хамт. Франц улс 2011 он.

Нийтлэлийн баатар маань 2009 оны намрын цэрэг татлагаар хотод ажлаар иржээ. "Цэргийн шинэ орон тоо бий болжээ, шалгалт авах гэнэ" гэж сонсоод бүртгүүлчихээд яваад өгч. 2010 онд Бөхмөрөн сумын нутагт шалгалтаар явж байтал гар утасны сүлжээ орсон газарт утас нь гэнэт дуугарчээ. "Таныг маргааш яаман дээр бэлэн бай гэсэн. Шалгалт өгөх юм байна" гэж. Шөнөжин давхисаар хотод ирэхэд тэнд бүртгүүлсэн 13 хүнээс шалгалт авахад хоёрт жагсчээ. Нэгдүгээрт нь хятад, орос хэлэнд төгс боловсорсон залуухан дэд хурандаа орсон байна. Төрийн албаны хуулиар эхэнд жагссан хоёр хүний материалыг хурлаар хэлэлцдэг. ТАЗ-өөс олон газарт ажилласан туршлагыг нь гол үзүүлэлт болгож Ж.Цэрэнчимэдийг сонгосноор тэрээр ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны цэргийн атташе, Бригадын генерал М.Хүрлээгийн туслахаар томилогджээ. Тухайн үед түүнийг "Увсын хүн, улс төрийн томилгоогоор явлаа" гэх хэл ам тойроогүй. Энэ тухай асуухад "Тийм зүйл байхгүй. Тэр үед АН эрх барьж байсан. Зэвсэгт хүчин, төрийн албаны зөвлөлийн шийдвэр тэгж гарсан" хэмээн өгүүллээ. ГААГ-т Монголоо төлөөлөн ажиллаж байсан, ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны цэргийн атташе М.Хүрлээ генерал бол манай улсын цэргийн шалгарсан удирдагчдын нэг. Түүний удирдлагад ажиллаж, мөн түүнээс суралцаж, дипломат харилцааны "А" үсгийг заалгасан тухайгаа "Би Орост төгссөн ч хэлээ хэрэглэхгүй удахаар мартчихдаг учир эхний гурван сар өдөр, шөнөгүй суусан. Явц дунд сураад, ажиллаад явахаас өөр сонголт байгаагүй" хэмээн нийтлэлийн баатар маань даруухан дурсч байна. Гэсэн ч түүнийг тэнд ажиллсан он жилүүдэд Монгол-Оросын харилцаанд, тэр тусмаа зэвсэгт хүчин, хилийн цэрэг гээд батлан хамгаалах салбарт нааштай алхмууд, 2006 оноос хойш гарсан бодлого шийдвэрүүдэд цагаан дээр хараар бичигдэж үлдсэн байдаг юм билээ. Ялангуяа зэвсэг техник, хоёр улсын ахмадууд, соёлын харилцааны чиглэлд олон дэвшил бий болсон. Нэг жишээ хэлэхэд, тухайн үед манай улсаас цэргийн чиглэлээр 80 орчим хүн хойно сурч байсан бол энэ тоог 500 гаруй болтол нэмэгдүүлж, сургалтын төлбөрөөс эхлээд, өртөг өндөртэй хотуудад цэргийн ховор мэргэжлээр суралцагчдын байр хоолны зардлыг тусламж, дэмжлэгээр шийдүүлэх боломжийг бүрдүүлж чадсан байдаг. ГХЯ-ны архивын болон БХЯ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдээс энэ мэт тоо, баримтыг харж болох тул энд түр орхиё. Харин Ж.Цэрэнчимэд хурандаагийн өөрийнх нь төлөвшил, хүнийх нь үндсэн характер, ОХУ-д суралцаж төгссөн нэг ёсондоо тэндхийн "бүтээгдэхүүн"-ий дээр, академи төгссөн цэргийн нөхөдтэйгээ сайхан үерхэж явсны, хувь хүмүүсийн хооронд бий болгосон сайхан нөхөрлөлийнх нь үр шим хоёр улсын харилцаанд ихээхэн эерэг зүйлүүд авчирч, цэргийн салбарын хөгжилд ч том дэм тус болж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Сайн танил байна гэдэг улс орны хоорондын харилцаа, албан ажилд "ногоон гэрэл" асааж, ямар нэг хүнд суртал хийгээд үл итгэх, эсвэл их гүрний үл ойшоох явдлыг арилгаж чаддагийг тэрээр харуулж чадсан гэдгийг мэдэх хүмүүс хэлж байхыг бид нэг бус удаа сонсч байсан билээ.

Танкист УДИРДАГЧ

Тэрээр 2013 оныг дуустал дипломат албанд ажиллаад тайлангаа тавьж ажлаа хүлээлгэж өгсний дараа ОХУ-д Жанжин штабын академид суралцсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа докторын зэрэг хамгаалах бүтээлээ бараг л бичээд дуусгачихсан байсан гэдэг. Тухайн үед өглөөний 04:00 цагт босч суугаад эхлээд судалгаа шинжилгээний болон бодож тооцоолох ажлуудаа хийж, дараа нь бичиж эхэлдэг байж. Энэ үед бий болсон зарчим одоо ч түүнд бий. Өглөө эрт босоод ажлаа хийхэд урамтай, толгой ч сийрэг байдаг. Дээр нь аливаа ажлыг зургаан сараар, цаашлаад бүтэн жилээр урьдчилан төвлөвлөж хийх нь чухал хэмээн тэрээр ярьсан. Үүнийгээ өөрийн хүүхдүүд шавь нар, залуу үеийнхэн, хамт олондоо хэлж захиж байдаг аж.

ОХУ-д Жанжин штабын академийг төгсч ирснийхээ дараа тэрээр БХЯ-ны эрдэм шинжилгээний төвийн даргаар ажиллаж байгаад ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирлаар томилогдсон байна. Их жанжин, Монгол түмний гарамгай удирдагч Д.Сүхбаатарын нэрэмжит 98 жилийн түүхтэй энэ сургууль ҮБХИС-ийн салбар долоон сургуулийн нэг. Үндсэндээ ҮБХИС-ийн гал голомт ч гэж болно, яагаад гэвэл өнөөдөр зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлддэг ганц сургууль нь юм. 2030 он хүртэл хөтөлбөрөө баталж судалгааны сургууль болох зорилт тавьж, багш нараа эрдэмжүүлэхээр ажиллаж буй тус хамт олон 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэгвэл энэхүү түүхтэй сургуулийг удирдаж буй захирлын үндсэн мэргэжил нь Танкийн инженер, танкист юм. Маневр хийх, тооцоолох, онилох,их бууг чиглүүлэх гэхчлэн бараг бүх мэргэжлийг, бараг сансрын нисгэгчийн чадварыг эзэмшүүлдэг гэхээр аргагүй сайн удирдагчид төрдөг биз ээ. Үүнийг онцлохын учир ҮБХИС-ийн салбар долоон сургуулийн захирал бараг бүгд танкист юм билээ.

Нийтлэлийн баатрын маань аав ээж Увс нутгийн жирийн ажилчин хүмүүс. Аав нь ус нутагтаа нэртэй, хүндтэй, урлагт дуртай, уртын дуу сайн дуулдаг, үндэсний бөхөөр барилддаг хүн байсан гэдэг. Тэрээр найман хүүхэдтэй айлын тавь дахь нь. Дээрээ дөрвөн эгчтэй, дороо хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй. Дээр өгүүлсэн цэргийн амьдралын завгүй он жилүүд, мөн хүний нутагт гүрэн дамжин одсон хүүдээ "Холоос эхнэр битгий аваарай" гэсэн аав ээжийн захиасаар 31 нас хүрч байж, ээжийнхээ нутаг Увсын Зүүнговь сумын, багш мэргэжилтэй бүсгүйтэй танилцан гэр бүлийн амьдрал зохиожээ. Өдгөө тэд гурван хүүхдийн аав ээж болж, өөр шиг нь цэргийн сургууль дамжин Баян-Өлгийд алба хааж буй хүүгийнхээ хүүхэд, өхөөрдөм ачаа өвөр дээрээ эрхлүүлсэн шигээ сууна. Увсын "Ган бүрээ" хэмээн багаасаа тодорсон цэргийн дарга, эрдмийг эрхэмлэсэн захирлын ажил, амьдралын тойргоор аялахад ийм байлаа. Намтрын шинэ хуудаст цааш юу бичигдэх нь таашгүй билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2019.12.2 ДАВАА №238 (6205)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 9 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 11 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 11 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 12 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 12 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 13 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 17 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 18 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 18 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр