​Маршал Хафтарын арми Триполи хотын захиргааны хороолол руу ойртож байна

О.Шүрэнцэцэг
2019/12/18

Ливийн иргэний дайны хамгийн хүчирхэг оролцогч гэгдэж байгаа маршал Хафтарын удирдсан Ливийн үндэсний армийн хүч нийслэл Триполийн өмнөд хэсгийг эзэлсэн тухай "Afrigatenews" сайт мэдээлсэн байна. Тодруулбал, Хафтарын хүчнийхэн Триполийн өмнөд хэсгийн Абу-Слим нэртэй том дүүрэгт тулж, цаашаа захиргааны хороолол байдаг чигт давшилтаа үргэлжлүүлж байгаа аж. Мөн Sky News Arabia сувгийн мэдээлж байгаагаар Ливийн үндэсний армийн ангиуд Триполийн олон улсын нисэх буудал руу хүрдэг том замын дийлэнх хэсгийг хяналтдаа оруулжээ.

Одоогоор Ливийн иргэний дайнд ард олны сонгосон Парламент ба Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гэсэн хоёр гол хүч дайтаж байна. Парламент нь маршал Хафтарыг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар томилж, улс орныг нэгтгэн иргэний дайныг зогсоох үүргийг өгсөн. Хафтар ч энэ үүргийг амжилттай биелүүлж, одоогоор Ливийн газар нутгийн дийлэнх хэсгийг хяналтдаа оруулаад байгаа юм. Гэхдээ Ливийн парламент ба түүний талыг НҮБ, Европын холбоо гэх мэт олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрөөгүй. Харин нийслэл Триполи ба түүний ойр орчмын хэсэгхэн газрыг хянадаг Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нь Европын холбоо, НҮБ-ын дэмжлэгийг авсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээрээ давуутай.

Энэ хоёроос гадна Ливид "Лалын улс" алан хядах бүлэглэл, омог овгуудын бие даасан хүчин тус бүртээ өөрсдийн мэдлийн газар нутгаа хамгаалан өөр хоорондоо дайтахтай зэрэгцэн энэ нэр гарсан хоёр гол хүчний талд ээлжлэн орж дайтаж байна. Дэлхийн хүчирхэг улс орнууд тус бүртээ өөрийн гэсэн оролцогчдыг дэмжиж байгаа гэж шинжээчид үздэг. Жишээлбэл, Саудын Арави, ОХУ нь маршал Хафтарын армийг зэвсэг техник,мөнгөөр дэмждэг бол Турк, Европын холбоо Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг дэмждэг гэж үздэг.

Хафтарын хүч Триполийг эзлэх магадлал тун өндөр байгаа эгзэгтэй үед Турк ба Оросын Ерөнхийлөгч нар утсаар ярилцан Ливийн нөхцөл байдлын талаар санал солилцсон тухай мэдээ ирж байна. Мөн Турк нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт тусламж болгож тусгай хүчний ангиуд, байлдааны техникээ Триполи хот руу явуулсан байна. Хариуд нь маршал Хафтар Туркийн усан онгоцнуудыг живүүлэх тушаал өгсөн байна.

Туркийн хувьд Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг ялагдуулалгүй байлгах ихээхэн сонирхолтой. Кипр арлын орчмын далайн ёроолоос асар их шатдаг хийн нөөцтэй орд газар илэрсэн. Турк нь 1974 онд Кипр арлын талыг эзлэн авч, өөрсдийн мэдлийн улс байгуулан тэндхийн иргэдийг хамгаалах нэрийдлээр цэргээ байршуулсан тул одоо энэ орд газраас олборлолт хийж эхлэхийг хүсэж байгаа. Гэхдээ үүний тулд хууль эрх зүйн үндэслэлтэй болох шаардлага гарсан. Өөрсдийнх нь байгуулсан Туркийн Кипр гэгч улсыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөөгүй тул НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн нэг улстай тэнгисийн хилийн талаар гэрээ байгуулах шаардлагатай байжээ.

Иймд хэдхэн өдрийн өмнө Турк нь энэ Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газартай Газрын дундад тэнгис дэх усан хилийн зааг, түүний дотор Грекийн Крит арал ба Кипр арлыг заагладаг тэнгисийн хилийг зааглах ба цэргийн тусламж үзүүлэх гэрээ байгуулаад авсан. Ингэснээр Турк нь Кипр арлыг тойрсон далайн ёроолоос шатдаг хий олборлох эрх зүйн үндэслэлтэй болсон төдийгүй Кипр арлыг бүслэн хааж байгаа хэрэг юм байна. Европын холбоо, Грек, Кипр нь Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар ба Туркийн хооронд байгуулсан энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүйгээ мэдэгдсэн ч Ливийн Засгийн газар сайн дураар татгалзаагүй цагт гэрээ хүчин төгөлдөр хэвээр байж, Турк ч маргаантай бүс нутгаас шатдаг хий олборлох боломжтой хэвээр байх юм. Ийм ч учраас Эрдоган нь Ливийн парламент ба маршал Хафтарыг Ливийн хууль ёсны удирдлага гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ хэрэв хүчирхэг улсууд цаагуураа тохиролцон маргалдагч талуудыг эвлэрүүлж, нэгдсэн Засгийн газар байгуулахаар болгож чадвал Туркт байдал ашигтайгаар эргэх юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21