МУСГЗ Б.Дашзэвэг: Нэрээ цэвэрлээд үхэх юмсан

О.Шүрэнцэцэг
2020/02/16

Хэсэг хугацааны өмнө нэгэн хачин жигтэй хэргийн сураг дуулдаж, нийгмийн сэтгэл зүйг хирд хийлгэснийг бид мартаагүй. Dzmen буюу олон улсын тоймч, сэтгүүлч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Дашзэвэг бага насны хүүхдийг хүчирхийлэх гэж байгаад баригдаж, шүүхээс 9 жилийн ял сонслоо... энэ мэдээ нэг үе цахим ертөнцөд үймээн тариж, сонин хэвлэлүүд шуугиад авсан. Дашзэвэгийг хараасан, үзэн ядсан, нулимсан, сүрдүүлсэн сэтгэгдлүүд Фэйсбүүкээр дүүрч, танидаг, мэддэг нь хүртэл нээрээ тэгсэн юм байх даа, нэг л биш байсан юм аа, сэтгэл мэдрэл нь болохоо байчихсан байж л дээ, ямар жигшүүртэй юм бэ... гэцгээж билээ. Гэтэл анх 9 жилийн хорих ял сонссон Дашзэвэг өнгөрсөн оны аравдугаар сард суллагджээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцаж, яг юу болсныг тодруулах гэж оролдсон минь энэ. Насны эрхээр сонсгол нь нэлээд муудсан түүнтэй ярилцах амаргүй байлаа. Мэргэн уншигч таны гэгээн оюун нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. Хоёулаа шууд гол яриандаа орьё.

Тэр өдөр хэдэн сарын хэдэн байсан юм бэ? яг юу болсон юм бэ?

- Тэр өдөр бол 2017 оны аравдугаар сарын 01-ны өдөр байсан юм. Манай зуслан Шадивланд байдаг. Би Олон улсын сэтгүүлч, орчуулагчдын төгөл гэдэг юмыг зуслангийнхаа хашааны нэг хэсэгт байгуулсан. Манай хашаанд маш их өвс ургана. Би хадаж чадахгүй. Тийм болохоор хашааны үүдээр явж байгаа үхэрнүүдийг хашаа руу оруулаад тэр өвсийг идүүлдэг байлаа. Харин сүйтгээд хаячихдаг болохоор нь Төгөл рүүгээ оруулахгүй харж байх хэрэгтэй байдаг байв. Тэгсэн чинь саахалтын нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй жижигхэн охинтойгоо манай хажууд байдаг худгийн дэргэд архи ууж байгаад намайг дуудсан юм. Би очсон. Дараа нь буцаж ирээд гурвуулаа үхрээ харж байлаа. Тэр хүүхэд хорвоо дээрх хамгийн өвөрдөлтэй хүүхэд. Яагаад гэхээр хоёр хөлгүй, шагайгаараа эргэчихсэн, ээж нь хоёр удаа харвалт өгөөд зөвхөн амьтай голтой төдий, аав нь ямар ч боловсролгүй, архи их уудаг тийм л хүмүүс байсан. Тэр өдөр цас бударч, хүйтэрч байлаа. Тэгсэн нөгөө хүүхэд чичирч байна. Миний хүү даарч байна уу? гэсэн чинь толгой дохиж байна. Тэгэхээр нь зуны амбаарт оруулаад өвдөгийг нь гараараа барьж дулаацуулах санаатай өмдийг нь доошлуулсан. Аав нь хажууд байсан. Гэтэл аав нь “Чи миний охины өмдийг яах гэж тайлж байна” гэсэн. Би “чи битгий дэмийр, би дулаацуулах гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд жаахан байж байгаад тэр хүн охиноо аваад явчихсан. Тэр хүнийг Б гэдэг байсан юм. Б дараа нь эргээд ирсэн. Эргэж эрээд “чи хүүхдийн хүчирхийлэл гэж орон даяар шуугиж байгааг мэдэж байна уу. Мөнгө өг” гэж хэлдэг юм байна. Би “Чамд би мөнгө өгөхдөө яадаг юм бэ, яасан гэж мөнгө өгөх юм бэ?, яв чи” гэж хэлээд хөөсөн. Би хүнд уурладаггүй хүн. Гэвч тэгэхэд уур хүрсэн л дээ. Тэгтэл Б оройхон дахин ганцаараа хүрч ирснээ “Заа энийг чинь далимдуулаад сайхан нэр хүндийг чинь гутаана” гэж дайрлаа. Тэгэхэд нь би үнэхээр их айсан. Гэхдээ шүүх, цагдаа гэж ерөөсөө бодоогүй, хэвлэл мэдээллээ л бодсон. Нээрээ нь ч энэ их бүдүүлэг хүн, хамаагүй нэр хүндийг минь гутааж мэднэ гэж бодсон. Тэгээд жаахан бодож байгаад би “Заа мөнгө өгье. Чи битгий цаашаа цуураарай” гэж хэлсэн.

Таниас хэдэн төгрөг нэхсэн юм бэ?

- Надад гурван зуун мянган төгрөг байсан, тэрийг голсон юм. Тэр нэлээдийг авах гэсэн юм шиг байна лээ. Лав сая, хоёр саяыг авахыг бодсон байх. Янз, янзын мэдээллүүд явж байсан л даа.

Тэр охин өмдөндөө шээчихсэн байсан юм уу? үгүй юу? Та үнэхээр дулаацуулахыг хүссэн юм уу?

- Өөр яахав дээ би. Би тэр жаахан охиныг диваан дээр суулгаад өвдөгийг нь бариад сайхан дулаацуулчихая л гэж бодсон. Тэгсэн чинь л мөнгө авч ир гэсэн.

Тэр хэдэн настай охин байсан юм бэ?

- Тэр долоон настай охин байсан. Одоо арваад настай болж байгаа байх.

Тэр охин ярьдаг байсан уу?

- Сайн ярьж чадахгүй ээ, хөөрхий.

Тэр хүн таны өгөх гэсэн мөнгийг голсон байна. Тэгээд юу болсон бэ?

-  Мөнгө авч ирж өгнө гэсэн баталгаа бичиж өг гэсэн.  Би юу гэж бичих юм бэ? чамд юугаа бичиж өгөх юм бэ? гэтэл “ЗАВДСАН НЬ ҮНЭН, УУЧЛААРАЙ, МӨНГӨ ӨГНӨ” гэж бич гэсэн. Би айсандаа цаасан дээр яг түүгээр нь бичиж өгсөн. Тэгээд намайг хоёр, гурав хоноод ирээрэй гэсэн. Яг тэр үеэр хятадын коммунист намын 19 дүгээр их хурал болоод, би телевиз радиогоор тайлбарлах, мэдээлэх их ажилтай болдог юм байна. Тэр ажлаа дуусгаад арав гарав хоногийн дараа ирсэн чинь аль хэдийн цагдаад өгчихсөн байсан.

Та яах гэж тийм хуурамч баталгаа бичиж өгсөн юм бэ?

- Би тэр хүнийг хэвлэл мэдээлэл, сонин радиод өгчихнө л гэж айсан. Хүмүүс тэгж байгаа юм. Ийм боловсролтой, ийм настай хүн байж бүр эхлээд тийм баталгаа бичээд өгчихдөг нь тэнэг гэж байгаа байхгүй юу. Шүүх миний бичиж өгсөн, ЗАВДСАН, ҮНЭН гэдэг бичгийг нотлох баримт болгосон. Тэр баталгаа бичүүлж авсан хүн бас өрөвдөлтэй хүн байсан юм аа. Сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, гарынхаа үсгийг ч зурж чадахгүй, боловсролгүй тийм л хүн. Тэр уг нь муу санахгүй. Тэгсэн тэр Дашзэвэг гуайгаас ийм бичиг авчихсан, мөнгө авна гэсэн чинь хамт архи уудаг хүмүүс нь “хүүе, ийм сайхан нотолгоо өгчихсөн байхад чинь наатахаасаа мөнгө авна гэж битгий хүлээ. Одоо шууд цагдаа очье” гээд л гүйцээ. Удалгүй намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт дуудсан. Яваад орсон чинь нэг өрөө дүүрэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө юм асуугаад байж байснаа бүгд намайг харсан. Би ичсэн. Байцаагч надаас асуугаад л байсан. Би голдуу толгой дохиод байсан. Тэр цагдаа надад нөгөө бичгийг үзүүлсэн. Би бичснээ хэлсэн. Миний сонсгол их муудсан юм. Би тэр цагдаагийн асуусныг сонсоогүй байж заа, заа л гээд байсан. Би энэ асуудлыг гэр бүлийн хэнээсээ, ажлын газраасаа ор тас нуусан.

Та яагаад тэр байцаагчид үнэнийг хэлээгүй юм бэ? яагаад толгой дохиод байсан юм бэ?

- Би хэлсэн. Намайг баталгаа бичиж өгөхгүй бол нэр хүндийг чинь гутаана гээд байхаар нь айгаад бичээд өгчихсөн гэдгээ хэлсэн. Үнэнийг хэлсэн. Байцаалтын дараа би мөн л гэр бүл, ажлын хамт олноосоо нуугаад байж байтал гурав дахиа намайг дуудлаа. Тэгж дуудахдаа шүүх хурал болно гэлээ. Би ерөөсөө тоохгүй, юу л болов гээд очсон. Би юу ч дуулаагүй ээ. Тэгтэл шүүх хурлын дараа надад “Таныг хорих болсон шүү” гэдэг юм байна. Би гайхаад юун хорих гэсэн чинь “Одоо цагдан хорих анги руу таныг ачна, хорино” гэж хэлэв. Би итгэхгүй, гайхтал нээрээ хорихоор болсон, тийм шийдвэр гарсан байсан.

Шүүх хурал аль дүүрэгт болсон бэ?

- Чингэлтэй дүүрэг дээр болсон. Би хүү рүүгээ утасдаад “аав нь шоронд орох гэж байна” гэсэн чинь миний хүү үнэмшихгүй “Битгий тоглоод бай” гэсэн. Тэгтэл хажууд байсан хуулийн хүн утас аваад ярьсан. Би итгээд уйлсан. Манайхан мэдээд яасан, юу болсон гээд бужигнаад эхэлсэн. Энэ шүүх хурлын дараа шийтгэх хурал болсон. Шийтгэх хурлын үеэр батлагаа бичиж авсан Б-г хайгаад олоогүй. Тэр хүн хуралд оролцоогүй, зугтчихсан. Мэдүүлэг өгөөд л тэрнээс хойш хэнтэй ч уулзаагүй. Ойд явж байсан л гэж дуулдсан. Шийтгэх хурал дээр тэр хүний том охин гэнэ үү нэг хүн ирсэн. Намайг тэр хурлаар оруулаад олон жил хорих ял оноолоо гэснийг тэр охин цаашаа очоод аавдаа хэлжээ.

Танд хэдэн жил хорих ял өгсөн бэ?  Б энэ тухай сонсоод юу гэсэн бол?

- Анхан шатны шүүх надад энгийн дэглэмтэй, нээлттэй хорих ангид 9 жил хорих ял оноосон. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг хянаад хуулийн заалтыг буруу ашигласан гэж үзээд 9 жилийн ялыг 3 жил болгосон. Тэгсэн нөгөө баталгаа бичүүлж авсан хүн энийг сонсоод гэрийнхэндээ “Дашка ах 70 хол гарчихсан хүн. Би дөчин хэдэн настай. Дашка ах яаж тийм олон жил шоронд байж чадах юм бэ? Би наана нь үхнэ гээд давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн Шадивланд гэртээ босч чаддаггүй, цус харавчихсан эхнэрийнхээ дэргэд тоононоосоо боогоод үхчихсэн байж. Би мөнгө авна л гэж бодож байснаас Дашка ахыг шоронд оруулна гэж бодоогүй гэдгээ манай хүүхдүүдэд ч дахин, дахин хэлж байж. Тэр уг нь тийм ч муу хүн биш, мөнгө л авахыг хүссэн байх. Ингээд тэр баталгаа бичүүлж авсан хүн байхгүй, 7 настай охин нь ярьж чадахгүй, бүх зүйл миний толгой дээр унасан даа.

Шүүх эмнэлэгийн шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

- Заа яахав, би нэг юм хэлмээр байна. Энэ бол нэгэнт өнгөрсөн, ул болсон зүйлээ. Хэн нэгэнд гомдож гонгиноод яах вэ? Гэхдээ нэгдүгээрт шүүх тэр худлаа баталгаа бичгийг гол болгосон, хоёрдугаарт шүүх эмнэлгээс ирүүлсэн шинжилгээний хариун дээр тэр охины биед ямарч өөрчлөлт ороогүй, эрэгтэй хүний гар хүрсэн ямарч ул мөр байхгүй гэж бичээтэй байгаа байхгүй юу. Тэрнийг яагаад анзаарсангүй вэ? Анзаарах ёстой байсан биз дээ.

Таныг хаана хорив, хоригдож байх хугацааны үйл явдлыг яриач?

- Намайг Амгалангийн нээлттэй хорих 421 дүгээр ангид хорьсон. Намайг уучлаарай. Шоронг магтах нь хаашаа юм бэ? Гэвч тэр газрын өндөр хашаагаар нь орсон чинь зөндөө олон таримал цэцэг алаглаж байлаа. Богд уул руугаа харах гэсэн чинь өндөр хашаан дээр өргөстэй тор байна. Тэнд бол арай өөр байдалтай байлаа. Би эхлээд тэндэхийн хоёр ажилтны материалыг Англи, Орос хэлнээс Монгол руу орчуулж өгсөн юм. Тэгсэн нөгөөдүүл чинь ямар сайхан орчуулдаг хүн бэ? гэж байна. Тэр үед албаны том материал Англи хэл дээр ирчихсэн байсан. Юу ирсэн гэхээр Түркийн нийслэл Истанбульд болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын гэмт хэрэг, эрүүгийн хэрэг, эрүү шүүлтийн тухай олон улсын том чуулганы протокол байлаа. Тэрнийг шоронгийн дарга орчуулж өгөх үү гэсэн. Зөндөө том хэмжээтэй материал байсан л даа. Би орчуулсан. Миний орчуулсныг үзээд их сайхан орчуулсан байна гэсэн. Би ганцхан Англи хэлтэй хүн биш, Орос, Германаас ч орчуулна. Би арай өөр байдалтай байдаг болсон. Ямар байдалтай гэхээр гадаа тоонд гараад л, халуун хүйтэнд жагсаагаагүй, намайг. Би өрөөндөө суугаад орчуулгаа л хийж байлаа. Намайг мэдлэг боловсрол минь л аварлаа. Би хүүхэд залууст хэлмээр байна. Юм сур, мэдэж ав, эрдэм номтой, мэдлэг боловсролтой бол. Тэр чинь чамайг аварна. Миний хувьд тэнд хийсэн орчуулга, бусад бичгийн ажлууд ялын хугацааг хөнгөлсөн байхгүй юу?

Та өрөөндөө хүнтэй байсан уу, яг ямар байсан. Ямар нэгэн дарамт байсан уу?

- Камертаа өөр хүнтэй байлгүй яахав. Хоригдож байгаа хүмүүс, гэмт хэрэг хийсэн хүмүүс чинь бүгдээрэй зэвэрсэн хүмүүс байдаггүй юм байна. Зарим нь их сайхан сэтгэлтэй, алдаж оносон хүмүүс байдаг юм байна. Тэнд хувийн шүлэг нэлээд бичүүлдэг юм байна. Ээжийгээ, аавыгаа, эхнэр, хүүхдээ санасан хүмүүс тэдэндээ зориулж хувийн шүлэг зөндөө бичүүлсэн. Жишээ нь дөнгөж аав болоод удаагүй байгаа хорин хэдэн настай нэг залуу надаар шүлэг бичүүлээд, би түүнийг нь уншаад өгсөн чинь уйлж байсан. Ахаа би дахиад хэзээ ч хэрэг хийж, тэднээсээ холдохгүй, андгайлж байна гээд зогсож байлаа. Би шоронд 47 ширхэг хувийн шүлэг бичиж өглөө. Орчуулга бас хийлээ. Нөгөөтэйгүүр хоригдож байгаа бүх хүмүүс ажил хийнэ. Тэнд нэг жагсаалт байдаг. Барилгачин, талбай цэвэрлэгч, нүүрс зөөгч гээд л. Тэдний дунд намайг ганцааранг нь орчуулагч гээд биччихсэн байлаа. Тэндэхийн удирдах хүмүүс надтай сайхан харьцаж байсан. Уучлаарай, би үнэнийг хэлэх ёстой. Тэр ангийн нэгдүгээр дарга нь хурандаа н.Тамир, дэд хурандаа н.Хатанбаатар гээд бүх хүмүүс намайг хугацаанаасаа өмнө суллагдах хүртэл сайхан хандсан.

Хугацаанаасаа өмнө суллагдах гэнэ ээ?

- Тийм ээ, Магадлангаар суллагдана гэсэн үг. Магадлан чинь гуйсан хүнийг гаргадаггүй, ямар ч ар, өврийн хаалгагүй, хуулийн дагуу зүйл юм. Дөрвөн дамжлагаар орж байж, хоёр удаа буцаагдаж байж би гарч ирсэн. Би хорих 421 дүгээр ангид ялын 3 жилийн хугацааны талаасаа илүүг буюу 1 жил арван сар суусан. Ялын хугацааны хэдэн сарыг орчуулга, бичгийн ажил хийж хөнгөлүүлсэн. Гарч ирээд тэнсэнгийн хугацаатай сар болгон очиж бүртгүүлж байна. Тэнсэн энэ тавдугаар сарын сүүлээр дуусах ёстой. Би энэ хэрэг цагаадаасай гэж хүсч байгаа. Гэтэл улс төрийн нэр хүндээ үргэлжлүүлэх хүсэлтэй, сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч юм уу тийм хүмүүс гол төлөв хэргийг дахин мөрдөн шалгаад цагаатгаж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг юм байна. Би 78 настай. Одоо миний эрх мэдэл, албан тушаалд сууна гэж юу байхав. Гэхдээ нэрээ цэвэрлэхийг л их хүсч байна даа.

Та их гэнэн, цагаан хүн шиг санагддаг. Энэ бүх хугацаанд таны сэтгэл зүй хүнд хэцүү байсан байх даа?

- Сэтгэлээр унасан. Их унасан, шаналсан. Энэ хар тамхи татлаа гээд байгаа хүмүүсийг цахим ертөнцөд ёстой нэг доромжилж, гутааж, сүрдүүлж байна. Миний дүү чи ахдаа үнэнийг хэлээч. Намайг бас тэгсэн үү?

-Тийм ээ...

Би тэрийг үзээгүй нь их юм даа. Үгүй бол ах нь аль хэдийн галзуураад үхчихсэн байгаа.  “Инээв”  Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсэе.

Ярилцсан: О.Цэнд-Аюуш


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 21 минутын өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 45 минутын өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 1 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 1 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 2 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 6 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа 23 цагийн өмнө
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Хүүхдийн парк ажиллаж эхэллээ Өчигдөр
Х.Булгантуяа: Нийгмийн даатгалын сайт ачааллаа дийлэхгүй гацаад байгаа, листийг нөхөж олгоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн нас барсан харамсалтай явдал болсон, шахмал түлшинд ямар ч өөрчлөлт ороогүй Өчигдөр