Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

О.Шүрэнцэцэг
2020/02/17

Х.Баттулга: Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм монголчууд аа,

Ард иргэд ээ,

Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.

Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.

Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.

Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.

Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.

Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.

Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.

Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.

Ард иргэд ээ,

Монголчууд аа,

Настан буурлууд аа

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.

Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 18 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 20 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21