Говийн их яруу найрагч Эрэнжидийн Хархүү Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо


Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, "Зиндаа" сэтгүүлийн уран сайхны зөвлөх Эрэнжидийн Хархүү өнөөдөр /2021.06.05/ төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.

Э.Хархүү нь Бичин жил буюу 1944 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Зүүн улаан овоонд төржээ. Амьдралынхаа 30-аад жилийг ардын багшаар титэмлэж, аглагхан өмнийн говьдоо даруухан атлаа асаж дүрэлзэж, яруу найргаар хөглөгдөж яваа тэрбээр утга зохиолын алтан үеийнхэн дундаа говийн тос даасан ааруул шиг, сэвшээ хонгор салхи шиг уянга утга томсон шүлгээрээ цолгорч явсан түүхтэй. “Хайрын дулаан хорвоо”, “Би говийн хүү”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Улаан овооноос эхэлсэн зам”, “Амгалан цэнхэр тал”, “Миний сайхан хөдөө” зэрэг шүлэг найраг, өгүүллэг, хөрөг дурсамжийн 40 шахам ном эмхэтгэж өөрийн тод мөрөө тунхаглаж яваа билээ.

Уран бүтээлч хүн мөнхийн эрэл хайгуул хийж явах учиртай. Өдгөө 80 насны босго руу дөхөж яваа тэрбээр яруу найргийн номоо эмхэтгэн “Дүүрэн тэргэл” номоо өнгөрсөн онд хэвлүүлж уншигчдынхаа гарт хүргэсэн. Түүний “Тос даасан Монгол айл, “Би говийн хүү”, “Анхны хайр” зэрэг олон арван шүлгийг нь хүүхэд багачууд төдийгүй хүн зоноороо цээжилж хоор, хоороороо уншиж явсан он жилүүд саяхан. Үеийн үед үнэ цэн, утга учир, бэлгэдэл зөн, билэг ухаанаа алдахгүй бүтээл туурвина гэдэг амаргүй. Тэгвэл түүний бүтээлүүд он жил улирах тусам үнэт эрдэнэ шиг өнгөжин гялалзаж байна.

Э.Хархүү нь утга зохиолын хүрээнийхэний  сор болсон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж явжээ. Дорнын их Бэгзийн Явуухулангаас зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ гардаж авсан цагаас хойш Монголын Зохиолчдын эвлэлийн шагналтан болох  хүртлээ Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч, Тангадын Галсан, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Дөнгөтийн Цоодол, Санжийн Пүрэв, Жигжидийн Бямбаа, Заяатын Ядмаа, Хоролын Зандраабайды, Сономын Чулуун гээд олон чиг сайхан найрагчидтай найраг шүлгээ дуудаж асан.  Тэдэнтэй өмнийн шаргал говьдоо чиг, Москвад Пушкины хөшөөний өмнө чиг шүлэг найргаа асгаруулж, шүүрс алдалтаа хуваалцаж явсан.

Тэрбээр багшилж явсан хагас жарандаа 3000-аад шавьтай болжээ. Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт монгол хэл, уран зохиолын багш, сургуулийн эрхлэгчээр ажиллаж байсан ахуйдаа мянга, мянган хүүхдэд эх хэлнийхээ арвин тансаг уурхайгаас эрэл хайгуул хийж, унаган монгол хэлээр нь амлуулж өсгөсөн ач гавьяатай. Түүний гарын шавь дундаас Төрийн шагналт  зохиолч Д.Төрбатаас эхлээд алдар нэрээ дуурсгасан хүмүүс олон.

Э.Хархүү ”Оюун сэтгэлгээний ядуурал бол эд мөнгөний ядуурлаас аюултай шүү. Нүүдэлчний реализм  буюу язгуурын сэтгэлгээ гэдэг маш том философи. Хэдэн мянганы өмнөөс идээшин дасаж, гендээ бат суучихсан холч сэтгэлгээ, дотогшоо байдал, харцаараа ойлголцдог чанар, нэг үгэнд ертөнцийн ухааныг багтааж хэлдэг ухаан  бол монгол сэтгэлгээ юм. Бидний багад хоорондоо хэлэлцэх нь хүртэл яруу найраг шиг цээжний эрдэмтэй өвгөд, эмгэд олон байлаа. Монгол хэл өөрөө ямар тансаг, баян, яндашгүй арвин билээ дээ” хэмээн залуус хойчдоо сургамжилж ирсэн алтан сургаал нь өдөр ирэх тусам үнэ цэнээ хадгалж байна.

Улаанбаатар хотод шилжин ирээд тэрбээр “Улаанбаатар”, “Өдрийн сонин”, “Монголын мэдээ” сонинд ажиллаж байгаад улмаар “Зиндаа” сонин, “Хийморь” сэтгүүлд уран сайхны редактораар ажиллаж байв. Өдгөө “Зиндаа” сэтгүүлийн  зөвлөх, редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт нийгмийн түүчээ, үнэний дуу хоолой болж,  ард түмнийхээ өмнө манлайлж явсан он жилүүддээ олон арван нийтлэл, хөрөг, дурсамж, шүүмж судлалын бүтээл нийтлүүлж байсан түүхтэй. Мөн залуу яруу найрагчдын номыг редакторлах, өмнөтгөл бичих, шүүмж судлал хийх гээд түүний амьдрал бичих туурвихад л зориулагджээ.  Түүний ажилладаг “Зиндаа” сэтгүүл нь оюун санааны хувьд дээгүүр түвшний мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүсийн сонгож авч уншдаг сэтгүүл билээ. Тус сэтгүүлд 30 гаруй төрлийн нийтлэл, ярилцлага ордог бөгөөд ямар ч салбарын хүн аваад уншихад сонирхолтой, чансаатай гэдгээрээ бусдаас ялгардаг. Энэ л сэтгүүл түүний мэргэн шүүлтүүр, торгон мэдрэмжээр дамждаг гэж бодохоор ямархан нарийн ухаан, чимхлүүр ажиллагаатай хүн бэ гэдгийг нь илтгэнэ.

Төрдөө үнсүүлж гавьяат цолоор титэмлэж байгаа Эрэнжидийн Хархүүгийн өмнөөс уншигч олон тэр дундаа Өмнийн говийнхан магнайгаа хагартал баярлаж, “Мөн ч удаан хүлээлээ” хэмээн шагшран шогшрон хүлээж авлаа. Амгалан говийн тэнүүн ухаанаар аливаад атгаг сэтгэл, атаа хорслоос ангид оршсон түүнийг юу ч өөрчилж чадсангүй. Гагцхүү сайн уран бүтээл, сайхан шүлэг найргийн төлөөнөө л оюунаа ширээж, билгээ хурцалж явлаа. Ай даа, шагнал гэдэг нүдээ олох сайхан. Нүд дүүрэн, нүүр бардам, хэлэх үгтэй, хийсэн юмтай хүн гэдэг цол шагнал руу цоройж биш цолгорч авдаг ажээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 19 минутын өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 23 минутын өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 2 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 4 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 4 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 6 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 7 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 18 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 22 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 22 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 22 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? 23 цагийн өмнө
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг 23 цагийн өмнө
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн 23 цагийн өмнө
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ Өчигдөр
ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна Өчигдөр