АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросыг хоёрдугаар сарын 16-нд Украйн руу дайрна гэж мэдэгдсэний дараанаас тус улсын баячууд, парламентын гишүүд хувийн онгоц хөлслөн баруун руу зугтаж эхэлсэн байна.
Даатгалын компаниуд хоёр долоо хоногийн хугацаанд Украйны агаарын орон зайд даатгал үйлчлэхгүй гэж мэдэгдсэнээс болоод иргэний агаарын тээврийн онгоцнууд тус улс руу нислэг хийхээ больсон. Гэвч Украйны олигархууд, баячууд, парламентын гишүүд хувийн онгоцоороо эсвэл тусгай нислэг захиалан гэр бүлээрээ баруун руу зугтаад эхэлжээ. Тухайлбал, Украйны парламент болох Дээд Рада 450 гишүүнтэй бөгөөд хуралдаан нь хүчин төгөлдөр болохын тулд ирц нь хамгийн цөөндөө 226 гишүүн байх ёстой. Гэтэл Байденыг Оросын дайралт эхлэх өдрийг зарласны маргааш хуралдах гэтэл ердөө 24 гишүүн хуралд суужээ. Бусад гишүүд яагаад хуралдаанд суухгүй байгаа талаар тодруулахад дийлэнх нь корона вирусээр өвдсөн гэж хариулсан ч бодит байдал дээр тусгай нислэг захиалаад эмчилгээ хийлгэх нэрийдлээр баруун руу ниссэн болж таарчээ. Иймд Ерөнхийлөгч Зеленский арга буюу парламентын гишүүдийг гадаад руу гарахыг хориглосон тусгай шийдвэр гаргасан төдийгүй гадаад руу зугтаж амжсан гишүүдийг нэн даруй улсдаа буцаж ирэх шаардлага хүргүүлсэн байна. Гадаад руу онгоц хөлөглөн зугтсан гишүүд нь парламент дотроо ашиг орлогоороо хамгийн баянд тооцогддог хүмүүс байгааг Украйны хэвлэлүүд онцолжээ.
Дайны сургаар эх орноосоо зугтсан дараагийн бүлэг хүмүүс нь олигархууд, тэрбумтнууд байжээ. Сүүлд ирсэн мэдээгээр “Forbes” сэтгүүлээс Украйны хамгийн 100 хүний жагсаалтад багтсан эрхмүүдийн дийлэнх нь баруун руу зугтан гарч. Тэд гадаад руу яаралтай нисэх болсноо тайлбарлахдаа баруунд байгаа бизнес түншүүдтэйгээ яаралтай хэлэлцээ, уулзалт хийх шаардлагатай болсон, уулзалтаа дуусгаад эргээд ирнэ гэсэн тайлбар өгцгөөжээ.
Өөрөөр хэлбэл эд баялгийг нь ашиглах, шим шүүсийг нь сорох болохоор нэгд жагсаад, эх орноо гаднын дайралтаас хамгаалах болохоор “Уучлаарай” гэдэг хүмүүс бол Украйны олигархууд, тэрбумтнууд бас парламентын гишүүд. Улсынх нь бизнес ба улс төрийн элитүүд ийм авир гаргаж байгаа нь жирийн иргэдийн сэтгэл санаанд сайнаар нөлөөлөхгүй байгаа нь ойлгомжтой. Жишээлбэл, хараат бус эх сурвалжууд салан тусгаарлагчдын эсрэг фронтын шугам дээр байрласан цэргийн албан хаагчдаас санаа бодлыг нь асуухад тун таагүй хариулт авчээ. Тэдний бодлоор эрх баригчдын зүгээс Майдан хувьсгалаас хойш хийж, хэрэгжүүлж байгаа болгон ямар ч байсан Украйны зүүн нутгийн оршин суугчдын уур бухимдал, дургүйцлийг туйлд нь хүргээд байгаа учир оросууд дайрвал нутгийн иргэдийн дийлэнх нь тэднийг цэцэг барьж угтана уу гэхээс өөдөөс нь буудахгүй лавтай гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна