Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж ажиллана

О.Шүрэнцэцэг
2023/07/07

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр (2023.07.07) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь “оюун санааны” нандин хэлхээ холбоон дээр үндэслэж, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөгжиж буйг харилцан илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” гэдгийг онцлоод, Монгол Улсын 3.5 сая иргэний нэрийн өмнөөс болон хувиасаа Энэтхэгийн 1.4 тэрбум иргэнд сайн сайхныг хүсэн ерөөв. Тэрбээр, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн айлчлал хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулах, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж буйг тэмдэглэлээ.


Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, дээд түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Энэтхэг, Монгол хоёр орны түүхэн харилцаа орчин үеийн харилцан өндөр түвшний айлчлалаар улам баяжиж, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, батлан хамгаалах гээд бүхий л салбарт эрчимтэй үргэлжилж байна. Энэтхэг улс дэлхийн хамгийн том ардчилсан улсын хувьд хууль тогтоох үйл ажиллагаандаа онцгой анхаарал хандуулдаг болохыг тэрбээр дурдаад хууль тогтоох байгууллага хоорондын харилцан айлчлал, ажил хэрэгч уулзалтуудыг зохион байгуулах, туршлага мэдээлэл солилцохын чухлыг тэмдэглэсэн юм. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 75 жилийн ойг угтан Энэтхэгийн парламент нь эртний архитекторын хэв шинжийг агуулсан, орчин үеийн дэвшилтэт ногоон технологи бүхий Парламентын шинэ ордонтой болсонд баяр хүргээд Энэтхэгийн парламент ард түмнийхээ эрх ашигт нийцсэн төдийгүй дэлхий дахин дахь парламентын ардчиллыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах түүхэн шийдвэрүүдийг гаргах болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүд ажил хэрэг болж, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг талууд санал нэгтэй илэрхийлэв. Хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад парламентуудаас хүчин чармайлт гарган, бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан нотлов. Тодруулбал, төслийн нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд 3 дэд гэрээ байгуулах, ашиглагдаагүй байгаа зээлийн эргэн төлөлтийн хугацааг 5 жилээр сунгах асуудлыг шийдэхээр болов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай экспортыг дэмжих хүрээнд Энэтхэг Улсад коксжих нүүрс экспортлох асуудалд монголын тал онцгой анхаарч байгааг дурдав. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны бэлгэдэл болсон Монгол-Энэтхэгийн найрамдалт ерөнхий боловсролын сургуулийг манай улсад байгуулахаар болсонд талархал илэрхийлсэн юм.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж, хамтран ажиллаж ирсэн уламжлалаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа Улсын Их Хурлын дарга хэлээд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилсан Олон улсын нарны холбооны гишүүн улс болох хүрээнд “Олон улсын нарны холбоог байгуулах тухай суурь хэлэлцээр”-ийг соёрхон батлахтай холбогдуулан дотоодын процедурыг эхлүүлснийг сонордуулав. Мөн тус улсын санаачилсан ховор амьтдыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой “Муурын төрлийн амьтдын олон улсын эвсэл”-ийг монголын тал дэмжиж буйгаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй саналууд нь харилцан ашигтай, нөөц боломжтой салбарууд байна гээд худалдаа, эдийн засаг, боловсрол, эрчим хүч, батлан хамгаалах салбарын харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2021 онд тус улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан хоёр улсын тээврийн салбарын асуудлыг нааштайгаар шийдэж байгааг дуулгав.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй илэрхийллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирлагийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 16 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20