Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийсэн. Энэ үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
Эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай Монгол, Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн босгон дээр алтан лууны орон, үзэсгэлэнт сайхан эх орондоо найрсаг дотноор хүлээн авч буй Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Во Ван Тыөнг Танд болон Вьетнамын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс, Вьетнам Улсын харилцаа тэртээ XIII зууны үеэс Монголын Эзэнт гүрэн Их Вьет Улстай шууд хил залгах болж, Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд цэрэг, улс төрийн харилцаа тогтоосноор эхэлж байсан өнө эртний түүхтэй билээ.
Тухайн үеийн элч төлөөлөгчдийн тэмдэглэн үлдээсэн эхсурвалжууд хоёр улсын түүхэн харилцааг гэрчлэн харуулдаг билээ. Харин XX зууны эхний хагаст манай хоёр улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, хөгжил дэвшлийн шинэ эрин үетэй золгосон нь орчин цагийн харилцааны үндэс суурь болсон юм.
Улмаар Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист ВьетнамУлс 1954 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай хоёр улс “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа 70 жилийн турш өргөжүүлэн хөгжүүлж ирлээ.
Бидний өвөг дээдсийн тогтоосон буурал түүхийн нандин сэжим болсон ахан дүүсийн энэхүү уламжлалт сайхан харилцааг хадгалан хамгаалж, шинэ зуунд улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй түүхэн үүрэг Та бидэнд ногдож байна.
Өнөөдөр танай оронд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийжбуй энэхүү төрийн айлчлал нь манай хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байна.
Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр өргөжин хөгжиж, худалдаа эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хөдөлмөр, шинжлэх ухаан, аюулгүй байдал, батлан хамгаалах, аялал жуулчлал зэрэголон салбарт ахиц дэвшил гарч байна.
Айлчлалын хүрээнд Вьетнам Улсаас Монгол Улсад нийлүүлэх “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлтийн тухай” яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан зэрэг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.
Түүнчлэн “Дипломат, албан болон энгийн паспортэзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсын аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадсанд талархалтай байна.
Мөн Монгол, Вьетнамын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ амжилттай бэхжиж, бүс нутгийн хэмжээнд итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад зохих хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Үүний зэрэгцээ үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улс Вьетнам Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд энэхүү айлчлалын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдэл нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн манай хоёр улс НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан бие биенээ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид бүс нутаг, олон улсын түвшинд хамтын үйл ажиллагаагаа улам бүрэрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
Хоёр улсын Ерөнхийлөгчийн албан ёсны хэлэлцээ өндөр ачхолбогдолтой, үр дүнтэй, найрсаг дотно боллоо гэж үнэлж байна.
Өөрийн сайхан эх орондоо бид бүхнийг хүндэтгэн урьсан эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд дахин чин сэтгэлийнталархал илэрхийлье.
Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаатогтоосны түүхт 70 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд Ерөнхийлөгч Таныг манай сайхан эх оронд төрийн айлчлал хийхийг урьж байна.
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагаа үеийн үед батжин бэхжиж, “хөгжил цэцэглэлтийн амжилтын түүх”-ийг хамтдаа бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч ВоВан Тыөнг:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэйхийсэн албан ёсны хэлэлцээ маш амжилттай болж өнгөрлөө. Албан ёсны хэлэлцээ илэн далангүй, чин сэтгэлийн, найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, хоёр улсын харилцаа төдийгүй харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, олон нийтлэг ойлголцолд хүрлээ.
Өнгөрсөн хугацаанд Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засгийн салбарт шинэололт, амжилтад хүрч байгаад бид туйлын баяртай байна.
Ирэх хугацаанд хоёр улсын хамтын ажиллагааг улам үр бүтээлтэй болгохын тулд харилцааг дараах томоохон чиглэлүүдийн хүрээнд хөгжүүлэх талаар ярилцаж тохирлоо.
Үүнд, хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцануулзалт, айлчлалыг тогтмолжуулж, улмаар улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, хоёр орны дээд түвшний удирдагчдын харилцааг гүнзгийрүүлж, улам нягт хамтран ажиллахаар тохирлоо.
Мөн ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг үр дүнтэй, бодитой хэрэгжүүлэх чиглэлд хоёр тал нягт уялдаатай хамтран ажиллахаар санаачилга нэгдлээ.
Сүүлийн үед батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийнхамтын ажиллагааг хөгжүүлэхэд олсон амжилтыг сайшаан тэмдэглэж, батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг тодорхой төсөл, хөтөлбөрөөр дамжуулан эрчимжүүлэх, тэрдундаа үндэстэн дамнасан мансууруулах бодисын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр тус салбарт хамтран ажиллах, мэргэжилтэн харилцан солилцох, бэлтгэхээр тохирлоо.
Хоёр улсын худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж хоёр зуун сая ам.долларт хүргэх чиглэлд нягт хамтран ажиллаж, хоёр талын бараа, бүтээгдэхүүний импорт, экспортыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, хоёр талын стандарт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд нээлттэй нэвтрүүлэх, бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын захзээлд харилцан нэвтрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхээр тохирлоо.
Хоёр улсын иргэд хоорондын солилцоог бэхжүүлж, хоёр орны түүх, соёлын талаар сурталчлан таниулах болон өвийг нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохирлоо.
Хоёр улсын хооронд иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, улмаар хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатайнөхцөл бүрдсэн үйл явдлыг сайшаан тэмдэглэж байна.
Хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай 2017 ондбайгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахын чухлыг цохон тэмдэглэж, талуудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй салбаруудадхамтран ажиллах боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохирлоо.
Энэ ялдамд хоёр улсын холбогдох эрх бүхий байгууллагууд өргөн хүрээний асуудлыг хамарсан зургаан баримт бичиг байгуулсныг тэмдэглэж байна.
Хоёр орны сайн сайхан найрсаг харилцаанд үндэслэн ирэх жилүүдэд хамтын зөвшилцөл, тэмүүлэл, Вьетнам, Монголын харилцаа улам бэхжиж, ирж буй хугацаанд харилцааны шинэ түншлэлд хүрэхийн төлөө хөгжиж, цаашид хоёр орны ард түмний ашиг тусын тулд бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт миний бие итгэл төгс байна.
Ирэх 2024 онд тохиох Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг урьсанд талархал илэрхийлж, баяртай хүлээн авлаа” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна