"Хөдөөд утасны сүлжээ сайн барьдаг бол цасан шуурганд хөлдөж үхэхгүй байх байлаа"

Н.Мижидмаа
2023/11/09

Өрхийг бүтээж цэнхэр хаалгыг нь урт бор банзаар чагтлан хаасан гэр хашааны баруун үзүүрт харагдана. Харин хашааны зүүн хойно гэрэл нь асаалттай, хүмүүс бужигналдаж, тооноор нь уур савссан гэрт биднийг орохыг урьж нэг эрэгтэй гарч ирэв. 

Энэ айл бол Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин “Д”-гийнх. Гэрт ормогц “Ум мани бадмэ хум” гэдэг радиод хураасан дуу чихэнд тод сонсогдоно. Гэр тойрон суух хүмүүс "Та хэд дээшээ суу" хэмээн хүндлэн, эелдгээр хандана. Гэрийн зүүн хойморт шар дээлтэй, санчигний үс нь бууралтаж, нүдэнд нь харуусал хурсан 50 гаруй насны эрэгтэй эрхи эргүүлэн “Ум мани бадмэ хум” хэмээн аяар шивнэн, сууна. Энэ эрэгтэй бол талийгаач Б-гийн нөхөр. 

Бор цамц өмссөн алаг нүдтэй, царайлаг охин гэрээр орж, гарч байсан нь талийгаачийн охин аж. Талийгаачийнх 16 настай охин, 29 настай хүүтэй. Малчин Б бүсгүй эхээс есүүлээ, бужигналдан өсчээ. Даанч тэрээр өнгөрөгч хагас сайны өглөө найзтайгаа хамт пробокс машинаа унаж хонио эргэхээр гараад хоёулаа эргэж ирээгүй. Тэд гэрээсээ 200-хан метрийн зайд машинаа орхиод, гэрийн зүг алхсан ч  машинаасаа 800 метрийн цаана осгож, нас барсан байдалтайгаар олджээ.

Та хэдэд гомдол, санал бий юу гэхэд “Бид уг нь өглөөний 10 цагийн үед Онцгойд дуудлага өгсөн ч 14 цагийн үед ирсэн. Хөөрхий тэд бас цастайгаа зууралдсаар оройтсон байх. Хоёр талийгаач маань гэртэйгээ ойрхон ирчихлээ гэж машинаасаа буухдаа чигээ л алдчихсан юм шиг байгаа юм. Гэр нь урд зүг рүү байхад уул тал руу алхаад 800 метрийн цаанаас хоёулаа олдсон. Тэдний нас барсан газартай маш ойрхон айл байсан, жаахан л тэссэн бол..." гэж хэлээд бүгд чимээгүй болов.

Энэ зуур гэрт хүмүүс нэмэгдэн ирж, бүгд тойрон зогсоно. Талийгаач  эмэгтэйн эгч гэх намуухан хоолойтой, нүдэнд дулаахан царайтай 60 орчим насны эмэгтэй эрхи эргүүлэнгээ “Сэтгүүлч Өнөрөөг бид хэд дэмждэг, ирсэн дээр нь бидэнд хэлэх зүйл байна" гэв. 
Ар гэрийнхэнд нь эвгүй санагдсан зүйл бол "Осгоод нас барсан нь тодорхой байхад талийгаачид 24 цаг задлан шинжилгээ хийж, гэрийнхэнийг нь огт оруулаагүй. Талийгаачид задлан шинжилгээ хийсэн нь хэцүү байсан" хэмээн ярилаа. 
Удалгүй талийгаачийн ах “Манай сум утасны сүлжээ сайтай байсан бол өдийд ийм харуусал тохиолдохгүй байлаа. Сумын төвөөс 30-хан км газарт ямар ч үүрэн телефоны сүлжээ барьдаггүй. "Тагь" хайрханд нэг антенитай болчихвол Атар, Лүн, Эрдэнэсантын малчид сүлжээтэй болчихно. Дүү маань найзтайгаа хоёулаа утастай явсан ч сүлжээ байгаагүй. Утас нь сүлжээтэй байсан бол холбоо бариад л тусламж авчихна шүү дээ" гэж харамсан хэлээд биднийг үдсэн юм.


4
angry
2
care
3
haha
5
liked
9
love
103
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 5 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 6 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 6 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 7 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 8 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 8 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 8 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 8 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 10 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 12 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 13 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр