Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт энэ сарын 4-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл Зариг.мн сайтыг хаасан болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал нь хүний эрхийн зөрчил байсан эсэх талаар ХЭҮК-оос мэдээлэл өгөв.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудлаар ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо дүгнэлт гаргажээ.
"Цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй очиж уулзсан. Нийтийн эрх ашгийн төлөө, нөхцөл байдлын бодит мэдээллүүдийг өгдөг сэтгүүлчид Хүний эрхийг хамгаалагч гэсэн бүрэлдэхүүнд ордог. Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон Хүний эрхийн түгээмэл фактад, НҮБ-ын гаргасан зөвлөмжүүдэд сэтгүүлчдийн эрхийг хүндэтгэх ёстой, тэд олон нийтийн мэдэх эрхийг хангасны төлөө ямар нэгэн хариуцлага оногдуулахгүй байх, Эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд аль болох цагдан хорихгүй байх тал дээр анхаарах ёстой гэсэн удаа дараагийн зөвлөмж, дүгнэлтүүд гарсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд олон нийтэд танигдсан, мөн Зариг.мн сайт нь олон нийтийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүл зүйн салбарын чухал нэг хэсэг нь.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэрэгт шалгагдаж байх үеэр Зариг.мн сайтын үйл ажиллагааг хязгаарласан нь буруу үйл ажиллагаа юм. Тухайн хэрэгт холбогдуулан сэтгүүлчээ шалгахгүй олон нийтийн мэдэх эрхэд халдсан үйлдэл болсон. Мөн дүгнэлтэд тусгаж олон асуудал оруулсан. Ихэнх асуудлууд нь хувь хүнтэй холбоотой мэдээлэл байгаа. Бидний гаргасан дүгнэлт нь ямар хүчин чадалтай, эрх зүйн ямар үр дагавартай вэ гэвэл тухайн гомдол гаргагч нь өөрөө шаардлагатай гэж үзвэл шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх боломжтой" гэлээ.
Сэтгэгдэл (27)