Хонконгийн цагдаа нар ням гарагийн орой болсон жагсаалыг тараахын тулд анх удаа ус шүршигч тусгай машин ашигласан тухай орон нутгийн ТВ сувгууд мэдээлсэн байна. Жагсагчид эрх баригчдын зөвшөөрсөн чиглэлээс гарч, гудамжийг хааж хаалт босгон цагдаа нарын эсрэг шатах шингэнтэй лонх шидэж эхлэхэд цагдаа нар арга буюу ус шүршигч тусгай машин хэрэглэсэн аж. Нэг бүр нь 24 тонн жинтэй, 15 усны буугаар зэвсэглэсэн, шаардлагатай үед жагсагчид руу арилдаггүй будгаар шүршин тэмдэг тавих чадвартай "Mercedes-Benz" загварын тусгай машиныг өнгөрсөн жилийн тавдугаар сард Германаас худалдан авсан байна. Нийт гурван машиныг 2 сая доллараар авсан аж. Жагсагчдын эсрэг ашиглаж байгаа машинууд эхний ээлжид өндөр даралттай усаар шүршин гудамж хааж босгосон хаалтыг зайлуулаад, дараа жагсагчдыг усаар шүршиж эхэлжээ. Цагдаа нарыг ингэж шуурхай арга хэмжээ авч эхлэхэд жагсагчид тарж, гэртээ харьцгаажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна