ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВЬСАН Ш.БАТХҮҮ НАРЫН ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

-Өнгөрсөн гурван сард нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шүүх хавтаст хэргийг АТГ-т өгөлгүй хадгалсаар байгаа гэнэ

Хууль, шүүх, прокурорынхон төдийгүй ард иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, энэ УИХ, Засгийн газраас нэг зүйлийг багагүй хугацаанд харж, горьдож, хүлээж байна. Уг нь туршлагатай улстөрч Ц.Нямдорж энэ зэргийн юмыг дор нь л зүтгүүлчихдэг шударга хүн сэн.

Гэтэл тэр Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг л бат гэгч нь хав дарчихаад, "явуулдаггүй дээ". Хууль зүйн сайд тэргүүтний явуулж өгөхгүй байгаа хуулийн төслийг баталчихвал олон авлигач, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдад зохих хариуцлагыг нь ногдуулах, бусдад нь хатуу сануулга болох учиртай юм. Бүр тодруулбал, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно" гэж хуульчилсныг зүйд нийцэхээр өөрчлөн батлах шаардлага байгаа билээ.

Энэхүү хуулийн заалт нь цагаан захтнуудад ял завших таатай нөхцөл болоод байгааг олон хуульч, өмгөөлөгч, цөөнгүй улстөрч батлан ярьж буй. Гэвч хуулийн шинэчилсэн хувилбарыг эрх бүхий албан тушаалтнууд гацаанд оруулчихаад ямар нэгэн сайн цагийг хүлээгээд байх шиг таг чиг. Одоо ийм байдлаар хэдхэн хоног өнгөрөхөд л хамгийн наад зах нь "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банканд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан "Жаст"- ын Ш.Батхүү болон түүний хамсаатан хэмээн нэрлэгдээд байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, тэдэнд хамаарах хэрэг хэрэгсэхгүй болно.

Магадгүй үүний тулд л өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан бололтой. Мөн эх сурвалжууд "Эрдэнэт"-ийн хэрэгтэй холбоотой сэжигтнүүд ээлж дараалан ямар ч ач холбогдолгүй зүйлсээр удаа дараа гомдол гаргаж, мөрдөн байцаалтаа улам бүр сунжруулан, чадлынхаа хэрээр удаашруулж байгааг онцолж буй нь ч санамсаргүй хэрэг биш биз ээ. Өөрөөр хэлбэл, бүтэн таван сарын хугацаа өнгөрөөд байхад уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа гацсаар байгаа юм. Уг нь бол манай улсын мөрдөн байцаагчдад цөөнгүй жил шалгасан энэ мэт хэргийг хамгийн удаандаа гурван сарын хугацаанд шалгаад дараагийн шатанд шилжүүлчих туршлага бий

Үүнтэй холбоотойгоор цөөнгүй хуульч "Ш.Батхүү хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээж, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй саатуулах үүргийг Ц.Нямдорж хариуцаж байгаа" хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нь ч оргүй яриа биш бололтой. Ганц Ш.Батхүү ч биш өдгөө улсад их хэмжээний хохирол учруулсан цөөнгүй төрийн албан тушаалтан, авлигач хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хоног тоолон хүлээн гадуур байцаагдсан болж, хавтаст хэргүүд нь хэн нэг мөрдөгчийн ширээний нүдэнд бат найдвартай хадгалагдаж байгаа. Эдгээрийн тэргүүн эгнээнд Хөгжлийн банкны хэрэг, 60 тэрбум, ЖДҮ, офшор, АСЕМ гэх мэт дуулиантай, олон том хэрэг жагсаж буйг мартаж болохгүй. Үүнийг зарим улстөрч, УИХ-ын гишүүд, хуульчид, хэвлэлийнхэн удаа дараа сануулж, УИХ дахь нэр бүхий эрхмүүд Эрүүгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг зориуд гацааж суугааг хэлдэг ч тусыг ололгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАХ ШИЙДВЭРИЙГ ТУРШИЖ ҮЗСЭН ҮҮ

Биднийг "Энэ хуулиа өөрчлөөд өгөөч. Тийм, тийм хүмүүс ял завших гээд байна" хэмээн гуйж, гувшихаас хэтрэхгүй хүлээх зуурт хоёр жилийн өмнө Эрүүгийн тухай хуульд дээрх "но"-той заалтыг түвэггүйхэн шургуулж амжсан нэр бүхий эрх ашиг нэгтэй хүмүүс өнөөх заалтаа туршиж үзсэн шиг сууж байна гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох 700 гаруй сая төгрөгтэй холбоотой хэргийг хэлэлцээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ мэт цөөнгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан байдаг.

Хэдийгээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "МХЕГ-ын газрын дарга асан нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлнэ" хэмээн мэдэгдээд байгаа ч хуульд өөрчлөлт оруулахаас нааш энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг судлаачид хэлж байна. Нэг талаас мөрдөн байцаагчид хэргийн материалыг хангалттай бүрдүүлж хэргийг нотолдог боловч нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол ямар ч хэрэг нотлоод нэмэргүй гэсэн үг. Гэхдээ үнэн хэрэгтээ үүн ий цаана эрх ашиг бүхий албан тушаалтан, улстөрчид "Иймэрхүү хэргийг ингэж шийдвэрлэвэл олон нийт хэрхэн хүлээж авах нь вэ" хэмээн тандаж, нөгөө талаар ийм шийдвэрт ард иргэдийг дасгах бохир механизмаа хэрэгжүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Дээрх хуулийн заалтыг өөрчлөн засахгүй энэ хэвээр үлдээвэл энэ мэт эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой хэргүүдийн хэд нь "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болохыг таашгүй.

Уг нь одоогоос хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна" гэх тайлбар хэвлэлд өгсөн байдаг ч өнөөдрийг хүртэл өргөн барьсангүй.

Төгсгөлд нь дахин сануулахад, Эрүүгийн тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт орж тус хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга байхдаа өөрчлөн баталсан байдаг. Тэрбээр тус хуулийн 2 дахь хэсгийг "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно" гэж баталсан нь цагаан захтнуудын гэх авлига, албан тушаалын хэргүүдэд ял завших, хэргээс хуулийн хүрээнд цэвэрхэн мултрах боломж болоод байгаа билээ.

эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 3 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 6 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 6 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 9 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 12 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20