Х.БАТТУЛГА: ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАС СҮЙДСЭНД ДАХИН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ”

О.Шүрэнцэцэг
2019/10/09

Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ
Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг уриаллаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

"Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

Яагаад анх төлөвлөж байснаараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй "Энержи ресурс" ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ "Энержи ресурс" ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд "жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш" гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 1 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 3 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 3 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 4 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 5 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 5 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 5 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр