Төгрөгийн ханш ба эх оронч бус баячууд?


Ам.доллартай харьцах Монгол төгрөгийн ханш 3.3% суларсныг статистик тоо харуулж байна. 

Монголбанкнаас тооцож зарладаг албан ханш оны эхэнд 2849.34 байсан бол 3-р сарын 31-ны өдрийн байдлаар 2944.60 болж 95 төгрөгөөр нэмэгджээ. Үүнтэй харьцуулахад хөгжиж буй орнуудын валютын ханш дэлхий нийтийг хамарсан цар тахал болон Орос-Украины хямрал давхцсан энэ үед дунджаар 6% суларсан байна. Дэлхийн голлох валютуудаас евро, фунт стерлинг, йен нь ам.долларын эсрэг 2%-4% суларсан бол эдийн засгийн хямралтай байгаа Туркийн лир 8%, Оросын рубль 30% сулраад буй. Төгрөгийн хувьд, ханшийн сулралтыг өдөөж буй нэг шалтгаан нь “хиймэл эрэлт” буюу “хөөс” гэж дүгнэж болохыг өөр нэг статистик тоо баримт харуулна.

 Монголчууд бид “импортын” эдийн засагтай орон, түүнийхээ төлбөр тооцоог ам.доллараар хийдэг улс. Тухайлбал, хүнс хувцас зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн (хэрэглээний сагс)-ийхээ 50%-ийг; электрон бараа, машин тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд 100% гаднаас авдаг бөгөөд гадаад төлбөр тооцооны 90%-ийг ам.доллараар хийдэг байна. Иймд импортын төлбөрт шаардлагатай ам.доллар буюу “бодит эрэлт хэрэгцээ” хэр их байгааг төлбөрийн тэнцлийн статистикаас харж болно гэсэн үг юм.

 Улсын хэмжээнд валютын орлого, зарлагыг харуулдаг төлбөрийн тэнцлийн нийт дүн 2021 онд -214  сая ам.доллар, 2022 оны эхний сард -340 сая ам.долларын алдагдалтай байв. Үүний гол шалтгаан нь цар тахал болон дайны нөлөөгөөр манай экспортын валютын орлого тодорхой хэмжээнд хязгаарлагдсан, мөн шатахуун, хүнс, барилгын материал гээд импортын үнэ өссөн зэргээр голлон тайлбарлагдана. Гэхдээ энэ алдагдлыг Монгол Улс валютын нөөцөөрөө санхүүжүүлэх бүрэн боломжтой учраас ханшид том нөлөө үзүүлэхээргүй дүн юм. Валютын нөөц 2021 оны эцэст 4.4 тэрбум ам.доллар буюу төлбөрийн тэнцлийн 200-300 сая ам.долларын алдагдлыг санхүүжүүлэхэд асуудалгүй, хангалттай түвшинд байсан. Тэгэхээр ханшийн өсөлтийн шалтгааныг импортын төлбөрт шаардлагатай ам.долларын “бодит эрэлт”-ийн үр дүн бус харин зарим талаар хиймэл “хөөс” гэж дүгнэх боломжтой байна. 

 Хадгаламжийн төвлөрөл ба хөрвөлт

 Ханш бол валютын үнэ гэдэг утгаараа зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтээс ихээхэн хамаардаг зүйл юм. Дотоодын зах зээл дээрх валют нийлүүлэлтийн гол эх үүсвэр нь манай экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадны зээл (бонд) тусламж зэрэг орох урсгалууд байдаг. Эдгээр орох урсгал сайн үед Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, улмаар ханшийн гэнэтийн доргио, чичиргээг Төв банкнаас интервенц хийж зөөлрүүлэх нөөц боломж ч дээшилдэг.

 Харин ам.долларын эрэлтийг 2 зүйл бүрдүүлнэ. Нэгт, импортын төлбөр тооцоонд зарцуулагдах валютын “бодит хэрэгцээ” нь зах дээр ам.долларын бодит эрэлтийг үүсгэх нь ойлгомжтой. Хоёрт, хадгаламж, хөрөнгө оруулалтын зориулалтаар валют цуглуулах сонирхолтой хүмүүсийн “хиймэл хэрэгцээ” нь долларын эрэлтийг нэмэгдүүлнэ. Ханшийн зөрүүнээс ашиг хийх сонирхолтой мөнгөний хөрвөлт энэхүү хиймэл хэрэгцээг нэмэгдүүлж, “ханшийн хөөс”-ийг бий болгодог байна. Эндээс “ханшийн хөөсийг хэн бий болгодог вэ?” гэдэг асуулт урган гарна. Хариулт нь ч хялбар юм.

 Монголын банкны системд буй 16 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний иргэдийн хадгаламжийн 50% буюу тэн хагасыг эзэмшдэг 20 мянган хүн зах зээл дээрх мөнгөний урсгал болон ханшийн хөдөлгөөнд гол нөлөөтэй гэдэг. Банкны салбар манай улсын санхүүгийн системийн 95%-ийг бүрдүүлдэг тул эдгээр хүмүүс л үндсэндээ эдийн засагт мөнгөний урсгалыг тодорхойлдог гэсэн үг. Тэр дундаа  нийт хадгаламжийн дүнгийн ⅓-ийг эзэмшдэг 500 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай 3000 орчим хүний үйл хөдлөл, санхүүгийн шийдвэр нь санхүүгийн захад хамгийн хүчтэй нөлөөтэй байна.

 Oлон улсын санхүүгийн захаас мөнгө татах боломж хязгаарлагдмал дотоодын банкуудын хувьд тогтвортой хадгаламж бизнесийн үйл ажиллагааных нь гол эх үүсвэр болдог тул эдгээр том дүнтэй хадгаламж эзэмшигчид бол маш чухал харилцагч юм. Чухал эдгээр харилцагчаа өрсөлдөгч банканд алдахгүй байх, мөнгийг нь аль болох урт хугацаанд татахын тулд өндөр хадгаламжийн хүү амлах, мөнгийг нь хүссэн үед нь өөр валют руу хөрвүүлэх зэрэг “тусгай эрх” эдлүүлэх нь нийтлэг үзэгдэл байсаар ирсэн.

 Эдгээр том дүнтэй хадгаламж эзэмшигчид яг энэ цаг үед мөнгөө хөрвүүлж “ханшийн хөөс” үүсгэвэл 20 сая төгрөгөөс доош хадгаламжтай, зах зээлд нөлөөлж чадахгүй жижиг 3 сая данс эзэмшигчийн мөнгийг үнэгүйдүүлэх эрсдэлтэй. Хүн мөнгөө яах нь мэдээ эрхийн асуудал боловч дэлхий нийтийг хамарсан амаргүй ийм цаг үед улс орноороо, нийгмээрээ хүнд сорилтой тулгарч байхад зөвхөн өөрийн ашиг хонжооны төлөө нийтийг хохироовол мэдээж ёс зүй, моральгүй үйлдэл болно. Их хүч чадлыг дагаад илүү хариуцлага ирэх учиртай.

 Эх оронч сэтгэхүй ба моралийн асуудал

 Цар тахал, геополитикийн асуудлуудаас үүдэлтэй эдийн засагт үүссэн чичиргээн дунд төгрөгөө ам.доллар болгон хөрвүүлж, ханшийн зөрүүнээс их ашиг хонжоо олох хамгийн боломжтой хүмүүс нь мэдээж 100 сая, 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай цөөн хүн гэдэг нь маргаангүй. Бусад улс орны жишээнээс харахад, 1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Солонгост иргэд нь эдийн засгаа аврахын тулд алт мөнгөн ээмэг бөгжөө хүртэл тайлаад улсдаа хандивт өгч байсан бодит жишээ бий. Харин манай мөнгөтэй чадалтай нийгмийн дээд давхарга, сэхээтэн баячуудад тийм эх оронч сэтгэлгээ хэр их байна вэ? Эсвэл хүнд энэ цаг үед ханшийн хөдөлгөөн үүсгэн ашиг олж зөвхөн өөрсдийн эрх ашгаа л бодох уу? Гэхдээ түр зуурын хувийн ашиг хонжоо хайсан моральгүй ийм үйлдлийн үр дүнд төгрөг үнэгүйдэх нь нийт ард иргэдэд, улс оронд, цаашлаад эргээд өөрт нь ч хохиролтой, хор хөнөөлтэй гэдгийг санах хэрэгтэй юм.

 Дан ганц ёс зүй, моральд 100 хувь  найдаад нийгмийн амьдрал сайн сайхан болсон түүх хүн төрөлхтөнд үгүй тул ханш дээр ч бас зөв сэдлийг төрүүлэх зохицуулалт шаардлагатай. Зохицуулалт гэдэг нь татварын уян хатан аргаас эхлээд түр хугацааны хориг, хязгаарлалт хүртэл байж болно.

 Шийдэл: Эдийн засгийн инсентив буюу зохицуулалт

 Эдийн засгийн ухаанд “хүн ашгийн төлөө рациональ, ухаантай үйлдэл хийдэг” гэж үздэг учраас хэн нэгэн хүн ханшийн хөдөлгөөнд өөрөө нөлөөлөөд, дундаас нь ашиг олох боломжтой хэрнээ ашиглахгүй байвал харин ч иррациональ, тэнэг хэрэг гэж үзнэ. Хэдий тийм ч хувь хүний түвшинд бус харин нийгмийг том зургаар нь бодож үзвэл арай өөр, түр зуурын ашиг хонжоо бус илүү урт хугацаанд сунгаад бодвол өөр үр дүн харагдах юм. Олон хүний хувиа хичээсэн, өөрт нь ашигтай үйлдлүүдийн нийлбэр үр дүн нь нийгэмдээ, мөн эргээд хувь хүн тус бүртээ хохиролтой байдгийг харуулах онолын баталгаа ч бий, практик жишээ ч олон бий.

 Хувьцааны үнийн уналтыг өөрсдөө бий болгоод мөнгөө алдацгааж буй хөрөнгө оруулагчид, эсвэл ханшийн өөрчлөлт дээр ашиг хийхийг оролдсон ч эцэстээ паник үүсгээд бүгд хохирцгоож буй валютын захын оролцогчид үүний нэг тод жишээ юм. Хүн сэтгэлзүйгээ үргэлж зөв удирдалгүй эмоцтоо хөтлөгддөг амьтан гэдгийг судлаачид ч хэлдэг, бид өөр дээрээ ч мэддэг зүйл юм. Санхүүгийн зах зээл ч мөн ялгаагүй хүний л сэтгэлзүйн тусгал байдаг учраас олон хүний “сүргийн авир (herding behavior)” нь үргэлж зөв тийш хөтлөх албагүй, туйлширдаг, алдах тохиолдол цөөнгүй. Тийм ч учраас чөлөөт зах зээл дээр ч оновчтой дүрэм, зохицуулалт шаардлагатай байдаг. Захыг тогтвортой байлгах, жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалахад чиглэсэн арга хэрэгсэл, зохицуулалт олон улсын жишигт түгээмэл бий. Тухайлбал:

  • Стандарт байх ёстой арга нь арилжаанаас ашиг хонжоо олсон бол “capital gain tax” буюу үнэ цэнийн өсөлтөөс олсон орлогын татвар төлөх явдал юм. Цэвэрлэгч хүн шал угааж олсон орлогоосоо татвар төлж байхад үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, валют эсвэл биткойн арилжиж олсон орлогоосоо ч татвар төлөх нь шударга ёсонд нийцнэ. Татвар нь хэмжээнээсээ хамаараад багахан ашгийн төлөө мөнгөө хөрвүүлэх сэдлийг бууруулж, ханшийн савлагааг өдөөхөөс сэргийлэх эдийн засгийн хөшүүрэг ч болно.
  • Зах зээлд нөлөөлөх боломжтой хөрөнгө оруулагчид аливаа том хэлцэл, арилжаа хийх үед тодорхой хязгаарлалтуудыг тавьж, жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалдаг. Ханшид нөлөөлөх хэмжээний арилжаа хийх тохиолдолд захад огцом савлагаа, донсолгоо үүсгэхгүйн тулд бага багаар хувааж хийснээр энэ эрсдэлийг буруулах боломжтой.
  • Хувьцааны үнийн савлагаа тодорхой интервал, хязгаарыг давах үед хөрөнгийн биржүүд дээр арилжааг түр хугацаанд зогсоодог жишиг валют арилжааны зах зээл дээр ч байх боломжтой. Өөрөөр хэлбэл, ханш огцом савлах эрсдэлтэй гэж үзсэн үед арилжааг түр хугацаагаар, тодорхой хэмжээнд хязгаарлах, эсвэл түр зогсоогоод энэ хугацаанд шийдэл эрэлхийлэх, захын сэтгэлзүйн тогтворгүй байдлыг намдаах г.м.

Цар тахал, дайн тулаантай энэ сорилтын үед баячууд маань нийгмийн хариуцлага, ёс зүйтэй харин зах маань илүү сайн зохицуулалттай бол монгол төгрөг илүү үнэ цэнэтэй, “ханшийн хөөс” үүсэхээс сэргийлэх боломжтой юм.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 13 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20