Ж.Мөнхбат: ҮХЦ хүний эрх, үнэт зүйлсийг хамгаалахад онцгой нөлөө үзүүлж байна

Л.Бямбажав
2022/08/18

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал өнөөдөр (2022.08.18) Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн их хурал “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн чиг хандлага” үндсэн сэдвийн дор цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүхүүдийн Дэлхийн Бага Хурлын болон Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Евразийн нийгэмлэгийн гишүүн, мөн Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч гишүүний нэг юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийг 2021-2023 онд даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд тус нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлыг эх орондоо зохион байгуулж байна.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлын оролцогчдод зориулсан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын илгээсэн мэндчилгээг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уншиж танилцууллаа.

Тэрбээр мэндчилгээнд, “Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль монголын ард түмний сонгосон ардчилсан, эрх зүйт төрийн тогтолцооны үндэс суурийг тавьсан юм. Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн гол ололтуудын нэг бол Үндсэн хуулийг хамгаалах, чандлан сахиулах нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг институтийн бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, зарчмыг тогтоон баталгаажуулсан явдал билээ. Монгол Улсад Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага болох Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” хэмээн түүний хараат бус байдлыг баталгаажуулснаар Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй биелүүлэх гол механизмын хувьд төрийн эрх бүхий байгууллага, хүний эрхийн харилцааг зохицуулахад Үндсэн хуулийн цэцийн үүрэг онцгой ач холбогдолтой болохыг өнгөрсөн жилүүдийн туршлага харуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа, шийдвэр нь Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, ялангуяа Монгол Улсын иргэн бүрд Үндсэн хуульд ёсны суурь үзэл баримтлалыг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход баримталдаг томоохон хүчин зүйл болсоор ирлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрүүдэд хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох маргаан олон байгаа нь нь хүний эрх, эрх чөлөө Цэцийн анхаарлаа хандуулдаг гол цөм асуудал гэдгийг илтгэж байна. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэц ардчилсан Үндсэн хуулиар тодорхойлогдсон хүний эрх хэмээх үнэт зүйлсийг хамгаалж, түүний хөгжлийг хангахад онцгой нөлөө үзүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Их хурлыг нээж хэлсэн үгэндээ, Манай улсын Үндсэн хуулийн хяналтын онцлог нь иргэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн асуудлаар өөрийн эрх ашиг хөндөгдсөн эсэхээс үл хамааран Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нээлттэй байдаг, асуудлыг бага суудал, дунд суудал, их суудлын хуралдаанаар хэлэлцэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хэрэгжүүлдэгт оршдог. Дунд суудлын хуралдаанаас гарсан Цэцийн дүгнэлтийг УИХ-д оруулдаг зохицуулалт нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох нэг боломж нээдгээрээ давуу талтай гэж үзэж болохыг онцлов. 

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульт ёсны төлөвшилд бодитой нөлөөгөө үзүүлсээр байгааг тэмдэглээд Үндсэн хуулиа чандлан сахиж, түүний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглахад Үндсэн хуулийн цэцийн гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар нэгэнт тогтоосон Цэцийн эрх зүйн зохицуулалтын онцлогийг давуу тал болгон, цаашид улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэх шаардлага бий. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг Үндсэн хууль дээдлэх зарчим, хүний үндсэн эрх, эрх чөлөө зэрэг Үндсэн хуулийн үзэл баримтлалын үүднээс илүү чөлөөтэй, утга агуулга, уялдааг харгалзан хэрэглэх хандлагыг төлөвшүүлэх нь дэлхий нийтийн түгээмэл үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч, үндэсний түвшинд бататгах чиглэлд илүү дөхөм болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хуралд тус нийгэмлэгийн гишүүн 20 орны 30 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Юү Нам Сог, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч Зүхтү Арслан, Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга Кайрат Мами нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Уг Их Хурлын нээлтийн ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Казакстан Улсын Үндсэн хуулийн зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Кайрат Мами хэлсэн үгэндээ, “Манай нийгэмлэгийн гол зорилго нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг баталгаажуулах, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, гишүүн улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих, туршлага, мэдээлэл солилцоход оршдог. Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үүрэг оролцоо бүс нутгийн хэмжээнд улам нэмэгдэж байна” хэмээгээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бүс нутаг болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол оролцож, Үндсэн хуулийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх арга замыг тодорхойлоход идэвхтэй хамтран ажиллаж ирсэн хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал хоёр өдрийн турш үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


2
angry
0
care
6
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 5 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 7 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 11 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 13 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 13 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 14 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр