Соёлын өв бол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгаа, үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг болох учир нийгмийн хөгжил, дэвшилд чухал үүрэгтэй гэж нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон нь бий. Тиймээс ч 2020 онд Соёлын яамыг шинээр байгуулсан байдаг. Тэгвэл Соёлын яам шинээр байгуулан ажилласан энэ хугацаанд олон ажил хийгдсэний нэг нь хууль бусаар хил давсан олдворуудаа эх орондоо буцаан авч ирэх, Франц улсад "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн"-г нээсэн зэрэг сонин содон үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.
Ноён уулын олдворууд ба ЮНЕСКО
ХХ зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтэд тооцогдож ирсэн Ноён уулын малтлагаар Хүннүгийн үед хамаарах олон мянган түүхэн олдворууд гарсан ч сэргээн засварлах, шинжлэн судлах зорилгоор Зөвлөлт холбоот улсын археологичид авч яваад буцаж ирэлгүй 100 жил болж буй. Түүхийн энэхүү хосгүй олдворуудаа эх орондоо буцаан авах хүсэлтийг Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын талд тавьсан нь одоо ч дэлхийн анхаарлыг татсан асуудал хэвээр байна.
Түүх сөхвөл, 1924-1925 онд ОХУ-ын археологич П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн хамтарсан шинжилгээний анги Ноён ууланд малтлага хийснээр Хүннүгийн үеийн хаад ноёдын булш бунхныг илрүүлсэн байдаг. Энэхүү булш бунхан нь 2200 жилийн өмнөх Хүннү гүрний түүхийг хадгалсан ховор олдворууд бөгөөд 3600 гаруй олдворыг Монголын талд эргүүлэн өгөх нөхцөлтэйгээр Судар бичгийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, гаалийн бичиг үйлдэн, ОХУ-руу гаргажээ. Харамсалтай нь, эргэн эх орондоо ирэлгүй Эрмитажийн үнэт үзмэр болон үлдсэн юм.
Эрмитажийн үзмэр болж, олон сая жуулчдын нүдийг хужирласаар байгаа Монголын хоёр дахь үнэт олдвор нь Хархорум хотын тууриас гарсан түүхэн олдворууд болно. Гачлантай нь, энэхүү олдворуудыг Монголын хилээр гарч явсныг гэрчлэх баримт маш ховор. Гэсэн ч Соёлын яам бие даан байгуулагдсан үеэс хил давж гарсан олдворуудынхаа жагсаалтыг гаргах чиглэлээр эрэмтэн судлаачидтайгаа хамтран хоёр жил шахам судалгаа хийснээр баталгаажуулж авч чаджээ. Эл судалгаа нь зөвхөн ОХУ-аар тогтохгүй дэлхийн 40 гаруй оронд буй Монголын түүхэн олдворуудыг нэгтгэсэн дөрвөн боть бүтээл болсон байна.
Хил давж гарсан олдворуудаа мухарлах ажил судалгааны бүтээл гаргаснаар зогссонгүй. ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2023 оны арваннэгдүгээр сард товлогдсон байсан Олон улсын соёлын форумд оролцохдоо Соёлын сайд Ч.Номин дэлхийн олон оронд гарсан Монголын үнэт олдворуудыг эргүүлэн авах хүсэлтэйгээ илэрхийлсэн явдал байв.
Тэрбээр “Барууны орнууд болон Хятад, Орос улс Монголд хүндлэл үзүүлж, үнэлж баршгүй эд зүйлсийг буцааж өгөх хэрэгтэй байна. Үүнд Тайванийн эзэмшилд байсан Чингис хааны цор ганц хөрөг, Эдинбургийн их сургуульд хадгалагдаж байсан 13-р зууны Перс-Монголын төрийн зүтгэлтэн Рашид ад-дины чимэглэсэн чимэглэл, Британийн номын санд хадгалагдаж буй 1911 оны тусгаар тогтнолын тунхаг. 100 жилийн өмнө судалж, сэргээн засварлах зорилгоор ОХУ-д илгээсэн Ноён уулын булшнаас олдсон Хүннү гүрний үеийн олдворууд багтана” гэж тодорхой байр суурь илэрхийлсэн нь Монгол Улсын Засгийн газар дэлхийд гарсан үнэт олдвор, өвүүдээ эх оронд нь эргүүлэн авч ирэх талд тодорхой ажлууд хийж буйг сануулсан явдал болсон юм. Нөгөөтэйгүүр, эдгээр олдворууд Монголын ард түмний хувьд эрхэм өв болохыг сануулсан чухал байр суурь болсныг судлаачид онцолдог.
Соёлын сайд мөн энэхүү олон улсын форумд оролцохдоо ЮНЕСКО-гийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах" конвенцод үндэслэн “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай ЮНЕСКО-гийн конвенцийн дагуу хамтран ажиллахыг дэлхийн 40 гаруй улсын Соёлын сайд нарт уриалсан юм.
Дэлхийн улс орнуудад гарсан Монголын түүхэн олдворуудыг буцаан авч ирэх асуудал амаргүй уур амьсгал дунд болж өнгөрснийг Соёлын сайд Ч.Номин хожим хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий. Тухайлбал, Эрмитажид хадгалагдаж байгаа Ноён уулын олдворуудыг буцаан авах асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Евсиковтой уулзаж ярилцах үед ахиц гараагүй. Гэсэн ч тууштай асуудлыг тавьж, Олон улсын Соёлын форумд оролцохдоо байр сууриа тодорхой илэрхийлж, мөн ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимоватай уулзах үеэрээ Ноён уулын булшнаас олдсон олдворуудыг Монгол Улсад гэрээ ёсоор эргүүлэн авчрах чиглэлээр хамтран ажиллах, ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж буй Ноён уулын олдворуудыг судлах, эдгээр олдворуудаар тус музейд болон Монголд үзэсгэлэн дэлгэх, хадгалагдаж буй үзмэрүүдийн А хуулбарыг авах зэрэг асуудлыг тавьсан нь өнөөдөр хоёр талаас ажлын хэсэг гарч ажиллах эхлэлийг тавьжээ.
“Welcome home” ба Батаар
Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд эхний гуравт багтдаг ч хууль бусаар хил давуулан алдсан гашуун сургамжууд олон бий. Соёлын яам эл асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллах болсноор өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд АНУ-д хууль бусаар худалдахаар бэлтгэж байсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирж чадсан юм.
Сэтгэгдэл (2)