Эхлээд хүнээ шүтье!

О.Шүрэнцэцэг
2024/05/18

Нэг сайн мэдээ, нэг муу мэдээ дуулгая. Нүүрсний мөнгө дагасан эдийн засгийн өсөлтийн үр дүнд Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давлаа. Ирэх оноос энэ хэмжээ 6000 ам.долларт хүрч, эдийн засаг үлэмж хэмжээгээр тэлэх тухай эрх баригчид ярьж байна. Хятадын нүүрсний хэрэгцээнээс шууд хамаарч буй ч энэ өсөлт тоон утгаараа яах аргагүй сайн мэдээ. Гэхдээ иргэндээ наалддаггүй юм бол эдийн засгийн өсөлтөөр яах ч билээ гэж нөгөө талдаа бодогдоно. Өнөөдөр Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Бас өдөр ирэх тусам дундаж давхрага хумигдаж, ядуусын эгнээ рүү гулсаж буй. Харин нийгмийн маш цөөхөн хэсэг л нийт баялгийн дийлэнх хувийг эзэмшиж, баян ядуугийн ялгаа улам бүр алсарсаар байна. Тиймээс ч дэлхий даяар “Үнэт зүйл”-ийн шинэ эрэлд гарчээ. Нэг ёсондоо үнэт зүйл гэж эдийн засгийн өсөлтийг хэлэх үү, эсвэл иргэн нь хангалуун амьдрах тэр нийгмийг хэлэх үү гэдгийг асууж байна. Харамсалтай нь, манайх зөвхөн эдийн засгийн өсөлт гэсэн нүцгэн тоогоо шүтсээр өнгөрсөн хугацаанд өөрчлөлт хийхийг огтхон ч зорьсонгүй. Түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарсан хэтэрхий савалгаатай эдийн засагтай хэрнээ олсноо шууд л тарааж, үрэхэд төрийн бодлого чиглэж ирлээ. Тэгвэл энэ асуудлыг цоо шинэ нүдээр харах шаардлагатай байгааг эрх зүйч Г.Болормаа хөндөж ярьж байна.  

Тэр эдийн засгийн өсөлтөөс чухал нь хүний хөгжил гэсэн санааг дэвшүүлээд байгаа аж. Үнэндээ ч дэлхий нийтийн үнэт зүйл үнэндээ хүн дээр суурилж байна. Манайд л хүнээ орхисон нийгмийг бүтээж буй болохоос бусад орон зөвхөн хүндээ чиглэсэн бодлогыг эдийн засгийн өсөлтөөрөө хэрэгжүүлсээр байгаа юм. Улс орныхоо үнэт зүйл болсон хүнийг тэд бүр “хэмжсэн” байна. Монголын төр ч бас хүнээ үнэлсэн гэдгийг бас энд цухас сануулъя. Харамсалтай нь, бид үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдлын аврагчийн ар гэрт хүүхдийг нь 18 нас хүртэл аавынх нь цалинг олгоно л гэж үнэлсэн  төдийхөнд байна. Энэ бол монгол хүний үнэ. Дэндүү харамсалтай.

Тэгвэл дэлхий хүнийг яаж хэмжиж байна вэ?

1.     Эрүүл хүн

2.     Боловсролтой хүн

3.     Орлоготой хүн

Маш энгийн хэрнээ амин чухал энэ үзүүлэлтийг Хүний хөгжлийн индекс гэж НҮБ 1990 оноос томъёолж, үнэлж ирсэн. Тэгвэл бид өнөөдөр амин чухал энэ үзүүлэлтээ орхичихжээ. Өнөөдрийн бидний байгаа байдал үүнийг гэрчилнэ.

Дахиад л тоо ярья. Яагаад гэвэл нүцгэн тоо худал хэлдэггүй. Хүний хөгжлийн индексээр өнөөдөр Швейцарь улс дэлхийд тэргүүлж байна. 7.5 сая хүн амтай энэ улс хамгийн түрүүнд хүндээ анхаардаг гэсэн үг. Тэгвэл эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй БНХАУ Хүний хөгжлийн индексээр 75-р байрт жагсаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг бодох ёстой. 1.4 тэрбум хүн амтай энэ улс ч бас хүндээ хэрхэн анхаарч байгаа нь дээрх байраас нь ойлгогдоно. Тэгвэл Монгол Улс хаана явна вэ?

Ердөө 3.5 сая хүн амтай манай улс 96 дугаар байрт явна. Асар их байгалийн баялаг, өргөн уудам газар нутагтай, хэтэрхий цөөхөн хүн амтай улсын хувьд энэ бол дэндүү чамлалттай үр дүн. Бид хамгийн их хоцрогдолтой, хүндээ анхаарсан нийгмийг огтхон ч байгуулаагүй, яг л нөгөө улны улс болчихжээ гэдгийг эндээс харж болно.

Өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь ердөө л энэ байж. Эрх зүйч Г.Болормаа маш сонирхолтой туршилтыг нийтийн дунд явуулахыг нь харсан юм. Эдийн засгийн өсөлт, Хүний хөгжлийн индекс хоёрыг хослуулахгүйгээр улс орон хөгжихгүй гэдгийг ойлгуулсан туршилт л даа. Таныг ч бас би энэхүү туршилтад урьж байна.

“Эдийн засгийн өсөлт” гэх бүрт Та баруун хөлөө урагш нэг алхаад үзээрэй. “Эдийн засгийн өсөлт”, “Эдийн засгийн өсөлт”, “Эдийн засгийн өсөлт”. Үнэндээ нэг хөлөөрөө урагш гурав алхах ямар ч боломжгүй.  Хүн хоёр хөлөөрөө ээлжлэн алхаж байж л урагшилна. Тэгвэл Таны зүүн хөл бол “Хүний хөгжил” юм. Энэ хоёр хосолж байж л улс орон хөгжинө гэсэн санаа.

Том зургаар нь харвал бид үнэндээ эдийн засгийн өсөлт гэдэг л бүх анхаарлаа тавиад туучихаж. Тэгсэн хэрнээ хүний хөгжлөө хойш шидчихсэн байна. Хүний хөгжлийг хэмждэг 3 нэгжээ л бодоод үзье л дээ. Өнөөдөр монгол хүн эрүүл байж чадаж байна уу. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай сайн байдаг уу? Бүгд л нэг хариулт өгнө, “Хангалтгүй” гэж.

Үнэхээр ч монголчууд бид ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийн 183 орноос 1-р байрт явж байна. Агаар, орчин, хөрс, дуу чимээний гээд бохирдлоос шалтгаалсан эрүүл мэндийн доройтлыг нэрлээд байвал цаас ч, цаг ч хүрэлцэхгүй.

Боловсролоор бид ямаршуухан байгааг ч өнгөрсөн жил Засгийн газар олон улсын PISA үнэлгээгээр үнэлүүлсэн байдаг. Монголын сурагчдын 64 хувь нь уншсан зүйлээ ухаж ойлгох чадвар сул, бусад чадвар маш сул гэж үнэлэгдсэн байдаг.

Орлогын хувьд бол бүр ч дор. Хоёр өрхийн нэг нь ядуу ангилалд багтаж, гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч, дундаж давхрага улам хумигдаж байна. 2023 оны байдлаар Монгол Улсын нийт өрийг хүн амдаа хувааж үзэхэд нэг хүнд 33 сая төгрөгийн өр ногдож байна.

Иймээс л эдийн засгийн өсөлтөөс гадна хүнээ шүтэх санааг эрх зүйч Г.Болормаа дэвшүүлээд байгаа аж.

Улам бүр даяаршиж буй энэ дэлхий ертөнцөд хиймэл оюун ухаан, цахим технологи, интернэт ашиглаад юуг л бол юуг хийж болж байна. Дэлхийн эдийн засгийн форум дээр ч ирээдүй энэ чиглэлд төвлөрөх болно гэдгийг онцолсон. Гэтэл бид өнгөрсөнтэйгөө зууралдсаар байж болохгүй.

Эрүүл мэнд, боловсрол, орлого гээд хүний хөгжлийг хэмжиж буй үндсэн гурван үзүүлэлт дээр л урд хөрш БНХАУ-ын туршлагыг харъя л даа. Жишээ нь эрүүл мэндийн хамгийн чухал гол асуудал нь урдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг байдаг. Гэтэл манайд яадаг билээ. Шинжилгээ өгч, үзүүлэх гэж хэдэн сараар хүлээдэг. Тэгвэл урд хөршид жирэмсний тест шиг хялбар технологиор шинжилгээгээ аваад эмчдээ цахимаар илгээж, цахимаар үзүүлж болдог болсон байна. Энэ бол хүнээ өвтгөхгүй, эрүүл байлгах маш хямд хялбар арга. Боловсрол дээр ч ялгаагүй. Чанартай боловсролыг эзэмшихэд хил хязгаар, орон зайнаас үл хамаардаг болчихлоо. Бид эрхзүйн орчныг өөрчилж, шинэчлэснээр ашиглахад бэлэн хүлээгдэж байгаа маш олон ололт, технологи, арга замууд байна. Үүнийг ашиглаад боловсролын ялгаатай байдлаа үгүй болгож болно. Жишээ нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын сурагчид ангидаа ирээд цахимаар хамгийн шилдэг багш нараар хичээлээ заалгах боломж байсаар байгаа юм.

Хамгийн сүүлд орлого. Манай олон зуун залуус технологийн давуу талыг ашиглан их хэмжээний орлогыг дэлхийн өнцөг булан бүрээс олж байна. Аутсорсингоор ажиллах энэ боломж цар тахлын хөл хорионы үед дэлхий нийтэд бүрэн боломжтой нь дахин батлагдсан шүү дээ.

Гол нь үүнд төрийн дэмжлэг, бас төр энэ зүйлийг олж харах нь чухал байна. Яг эрх зүйч Г.Болормаа шиг. Эдийн засгаас илүүтэй эхлээд хүнээ шүтье!

 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл

Zarig.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Шинэ мэдээ
Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна 3 цагийн өмнө
МАН-аас 1-р тойрогт нэр дэвшигчдийн Архангай дахь уулзалт Тамирын голын хөвөөнөөс эхэллээ 4 цагийн өмнө
Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна 7 цагийн өмнө
Үндэсний эвсэл : Ухаалаг хотын цогц, шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлнэ 8 цагийн өмнө
Сэлбэ гол далангаа даван үерлэж болзошгүй байна 8 цагийн өмнө
“Үндэсний Эвсэл”-ээс Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч юу хэлэв? 9 цагийн өмнө
​ "Хүннү 2222" хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг нээлээ 9 цагийн өмнө
Фэст Академи математикийн багш нарт зориулсан өвөрмөц, шинэлэг арга хэмжээ зохион байгуулах гэж байна 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Сэлбэ, Туул, Тэрэлж голууд хүчтэй үерлэж байна 10 цагийн өмнө
Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүд голын лаг хагшаасыг цэвэрлэнэ 11 цагийн өмнө
Ц.Цолмон: Уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүй 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар үргэлжилсэн аадар бороо орно 11 цагийн өмнө
​ “Юм үнэнээрээ байх сайхан” 20 цагийн өмнө
Монгол тархи Монголоо аварна 22 цагийн өмнө
"Darkhan united arena" орон нутаг дахь хамгийн том спорт цогцолбор нээлтээ хийлээ Өчигдөр
Монгол орны өнцөг булан бүрт хүрэх хаанаас ч ойрхон “ХУРДАН” цэг Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэгт үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч байна Өчигдөр
Нийслэлийн МАН-ын хорооноос орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө Өчигдөр
Нарны хорооллын 6-р байрны оршин суугчид ГЭРТЭЭ усанд автав Өчигдөр
Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ Өчигдөр