ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧИЙГ ДЭМЖЛЭЭ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.09.29) хуралдаан 12 цаг 12 минутад 78.9 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.


Монгол Улсын Ерөнхий сайдыг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өргөн барьсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хуралд олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралдд оруулах бүрэн эрх эдэлдэг.


Энэ дагуу зөвшилцөх саналд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан бичгээр хариу илгээсэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу албан бичигтээ "Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай" албан бичигт "Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье" гэжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар асуулт асууж тодруулсан юм.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн алба эмх цэгцтэй, зохион байгуулалттай, залгамж чанартай байх ёстой. Иймээс халаа сэлгээ хийж төрийн албыг бужигнуулахгүй. Гэхдээ хууль зөрчсөн, хээл хахууль авч ажилд орсон байж болзошгүй, төрийн ажлыг цалгардуулдаг, ёс зүйгүй хүмүүсийн толгойг илээд байхгүй. Монголын төлөө зүтгэж чадах зүрх, сэтгэлтэй хүн бидэнд хэрэгтэй байна.


Өмнөх Засгийн газрын бүтцийг хэвээр нь байлгана, харин давхар дээлийн асуудлын талаар бүлгийн хуралдаанд өөрийн тодорхой байр суурийг хэлж, одоогийн хууль эрх зүйн хүрээнд барина гэсэн бодолтой байгаа.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр цаашид хэвийн үргэлжлэх болно. Ахмадуудын тэтгэврийг нэмэхэд анхаарна, энэ асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар ажиллаж байгаа. Харин улс орны төсөв санхүү хүнд байгаа энэ үед төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломжгүйг хаана хаанаа ойлгох учиртай.

Ирэх оны эхээр төлөх бондын өрийг гадаад зах зээлд бонд гаргах замаар төлж барагдуулахаас өөр аргагүй. Энэ талаар Сангийн яам ажиллаж байгаа. Төсөв хүнд байгаа ийм үед зарлагаа танаж, орлогоо өсгөх, төсвийн алдагдлыг аль болохоор нэмэгдүүлэхгүй байх, түүхий эдээ гадагш нь ахиу үнээр борлуулахад анхаарах шаардлага тулгарч байна.

Би зөвхөн хөрөг нь хананд үлддэг биш хийж бүтээсэн юмтай Ерөнхий сайд байхыг хүсэж байгаа. Иймээс шударга ёс, ажил хэрэгч байдлыг эрхэмлэж, төрийн хуулийг дээдэлж ажиллах болно гэдгээ хэллээ.

Мөн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар үг хэлж, байр сууриа илэрхийлэн нэр дэвшигчид амжилт хүссэн юм.


Дараа нь Байнгын хорооны дарга Н.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахыг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн санал нэгтэй дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1968 онд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1975-1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургууль, 1992-1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, 2000-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1989-1990 онд Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАН-ын Төв Хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх, МАН-ын "Залуучуудын хөгжил" төвийн ерөнхий захирал, 2000-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар тус тус ажиллаж байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 20 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 1 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 21 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 21 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 22 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр