ӨӨРИЙГӨӨ ГОЛОХ МЭДРЭМЖ БИДНИЙГ ЮУНД ХҮРГЭДЭГ ВЭ?

О.Шүрэнцэцэг
2019/07/15

Үе тэнгийнхэн хурдан хугацаанд их зүйл сурч, амархан шат дээшилж байгаа нь өөрийгөө бусдаас хэт их хоцрогдоод байгаа мэт, тэдний хажууд хэн ч биш мэт мэдрэмж төрүүлнэ. Бусад хүний нүдээр мундаг юм шиг харагдаж болох ч өөрийнхөө нүдээр л хамгийн чадваргүй нэгэн мэт сэтгэгдэл төрнө. Бусдад сайхан үгс хэлж чаддаг хэрнээ зөвхөн өөртөө л урмын үгс хэлж чаддаггүй. Алдаа гарах бүрт өөрийгөө л буруутгадагаас өөр нэгэнд хир халдааж байсан удаа тун бага. Бодит байдлаас нь хараад үзвэл бид хэн нэгний хувьд "Үзэсгэлэнтэй, чадварлаг, боловсролтой, сайн гэрийн эзэгтэй, бичих чадварын хувьд хэнийг ч араасаа дагуулахгүй, бусадтай гайхамшигтай сайн ойлголцож, бусдыг зөв удирдаж чаддаг, тусч өгөөмөр, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, сайхан дуулдаг, сэтгэл татам зан ааштай, мэдлэгтэй, лекц яриа хийхдээ гаргууд" гээд олон тэмдгийг зүүж бусдад хүндлэгдэж, зөв үлгэр дууриал болж чаддаг. Гэхдээ өөрийнхөө өмнө чи хэн бэ, хэн байж чаддаг вэ? гэдэг л хамгийн чухал. Энэ асуултанд итгэл бардам хариулахад тулгардаг цорын ганц бэрхшээл бол бид ямар нэг зүйлийг чадахгүй байгаад биш, чадвар мэдлэг багатайдаа ч биш харин өөрсдийгөө бодит хэмжээнээс нь доогуур үнэлдэгт, маш ихээр голдогт л хэргийн учир байгаа хэрэг. Өөрийгөө голох мэдрэмж биднийг юунд хүргэдэг гээч?

– Эхлээд сэтгэл гутралд Энэ нийтлэлийг бичин суугаа надад өөрийгөө голох мэдрэмж нэг хэсэг маш их төрж, үүнээсээ салж чадахгүй удаан явсан. "Би чадахгүй байна, бусад хүмүүс мундаг байна, би мэдэхгүй байна, бусад хүмүүс дэндүү ухаантай юм, би хэт удаан байна, харин бусад нь ажлаа хурдан хурдан гүйцэтгэж, яг од мэт гялалзаж байна, ерөөсөө би л болохгүй байна" гэдэг бодол нэг хэсэг намайг эзэмдэж, үүнээсээ болоод сэтгэлд гутралд орсон юм. Сэтгэлд гутралд "нэрвэгдсэн" хүн сайхан зүйлсийг олж харахаа больж, шаналж, сөрөг таагүй мэдрэмжиндээ дийлдэж, алхам тутамдааөөрийгөө дотроосоо мэрж эхэлнэ. Харин өөрийгөө "мэрж" эхэлсэн хүн яах вэ гэхээр зүгээр л ямар ч хүчгүй болдог. Ямар нэг зүйлийг хийх хүч, сурах хүч, урам зоригтой байх хүч, бодох ч хүч үгүй болчихдог.

– Сэтгэл хангалуун бус амьдралд Үргэлж өөрийгөө голдог хүн нэг өдрийг ч сэтгэл хангалуун, жаргалтай өнгөрөөж чаддаггүй. Өнөөх бүтэлгүй бодлууд тархийг эзэмдсээр байгаа цагт байгаа ажилдаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаандаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа алхмууддаа хэзээ ч хангалуун байж чадахгүй. Чин сэтгэлээсээ хандаж ч чадахгүй. Учир нь "би ийм юм чинь дээ" гэсэн бодол дотор хүнийг минь үгүй хийж, дутуу мэдрэмж төрүүлсээр байдаг.

– Юу ч үгүй "сорогдсон" чиний урам зориг Чи маш их урам зоригтойгоор шинэхэн ажилд орлоо гэж бодъё. Ажлаа эхэлж байгаа хэнд ч чадвар дутах олон зүйлс гарч ирнэ. Харин энэ үед "өөрийгөө голдог" хүмүүсийн толгойд юу бодогддог гээч? "Би иймхэн зүйлийг ч хийж чадахгүй байна шүү дээ, ажил олгогч минь намайг голвол яана аа, би ажлаасаа халагдвал яах вэ, би хэзээ сайжирна даа…" Угтаа бол чадахгүй, мэдэхгүй зүйлс гарч ирэх нь жам ёсны л зүйл шүү дээ. Мэддэггүй зүйлээ алдаж л мэдэж авна, хийж үзэж л сурна. Харин бид нэг жижигхэн зүйл дээр л алдсанаа хараад шууд л сэтгэлээр унаж, гутарч, өөрийгөө байж болох хамгийн муу ажилтан мэтээр бодчихдог. Анх эхлэхэд бий болсон урам зориг, үзүүлээд өгнө дөө гэсэн эрч хүч юу ч үгүй алга болж, сарын дараа гэхэд хий нь гарсан шаар шиг болж орхино. Гэхдээ мэдээж шийдэл бий Өөрийгөө голохоо боль гэж хэлэх нь шийдэл болж чадах уу гэвэл чадахгүй. Ингэж хэлээд хүн шууд л өөрийгөө голохоо больчихдог бол хорвоогийн бүх эмэгтэй өөртөө дэндүү итгэлтэй болчих байсан даа. Тиймээс бага багаар л урагшилцгаая!

– Өөрийгөө хийж, бүтээж чаддаг нэгэн гэдгийг батлах шалгаан ол Хүн бүрт өгөгдөл байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Хэн нэгний бичиж найруулах чадвар сайн байхад, нөгөөгийнх нь бусдын өмнө ярих, илтгэх чадвар илүү хөгжсөн байдаг. Нэг хэсэг нь хувцас урлаж, нэг хэсэг нь дуулж, нэг хэсэг нь өөрийн сурснаа бусадтай дуртай нь аргагүй хуваалцаж, нэг хэсэг нь хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхэд насаа зориулж түүгээрээ аз жаргалаа мэдэрдэг. Хүн бүрийн чаддаг мэддэг зүйлс ондоо, тэс өөр. Тэдэнд байгаа зүйл чамд байхгүй ч, чамд байгаа зүйл тэдэнд байхгүй байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө голж, өөрийгөө хэн ч биш болгох шалтгаан бий гэж үү? Үүний оронд, яг одоо цаас үзэг гаргаад өөрийгөө голохгүй байхад хүргэж шалтгаануудыг жагсаагаад үзээрэй.

– Дутагдлаа хүлээн зөвшөөрч, тэдгээрийг "гоё" гэж харах шалтгаан ол

Чи өөрийгөө махлаг гэж голдог байж магадгүй л дээ. Гэхдээ нөгөө талд жаахан ч гэсэн мах нэмж хэвийн жиндээ очих чин хүсэлтэй эмэгтэйчүүд байдгийг чи минь мэдэх үү? Эвгүй дуу гаргаж инээдэг чинь, хээгүй сайхан зан чинь, булцгар хацар чинь, хэт бардам эсвэл хэт хэнэггүй араншин чинь, аливаад амархан гомддог чинь, сэвхтэй төрх чинь, бамбаргар уруул чинь, эмэгтэй бүхэнд заяагаагүй өндөр сайхан нуруу чинь гээд чиний бусдаас доогуур гэж хардаг зүйлс чинь чамайг бүтээж, бусдаас харин ч онцгой болгодог гэдгийг сана. Чиний байгаа байдал чиний өөрийгөө голох шалтгаан биш, харин чиний өөрийнхөөрөө давтагдашгүй байх шалтгаан болог.

– Өөрийгөө хайрлах шалтгаан ол Өчигдөрхөн үзсэн Хюго (Hugo) гэдэг кинонд дээрээс "Чи энэ хорвоо дээр ямар нэг зүйл бүтээх гэж л ирсэн байгаа, бурхан хэн нэгнийг зүв зүгээр л энэ ертөнц дээр илгээдэггүй" гэх үгийг сонсоод өөртөө итгэх итгэл минь хэдэн хувиар нэмэгдэж, өөрийгөө илүү хайрлах сэтгэл төрсөн юм. Би ээж аавдаа энхрий үр нь болж ирсэн, хөөрхөн дүү нартаа сайн эгч нь болох гэж төрсөн, ажилдаа итгэл даах ажилтан нь байх гэж ирсэн, нөхөртөө халамжтай хань нь байж хамтдаа амьдралаа бүтээх гэж би түүнтэй учирсан. Найзуудаа жинхэнэ нөхөрлөлийг батлах гэж, өөрийнхөөрөө байж энэ хорвоог чимэх гэж бүсгүй хүн болон мэндэлсэн. Ингээд бодохоор амьдарч байгаа минь заавал ямар нэг утга учиртай л байж таарах нь. Чинийх ч бас утга учиртай чи л харж амжаагүй байхгүй юу! Тэгэхээр өөрийгөө хэн ч биш эсвэл бусдаас доогуур гэж үзэх шалтгаан бидэнд үлдэж байна уу?

"Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. "

"Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг"


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 12 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 14 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 16 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 16 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 16 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 16 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 17 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 17 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 17 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 18 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 18 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 19 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 19 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 20 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 20 цагийн өмнө