Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

М.Төгөлдөр
2022/02/02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Амархан сайн байна уу?

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Эх орныхоо дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа эрхэм Монголчууд,

Энэ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс, Монгол туургатнууд аа!

Та бүхэндээ арван долдугаар жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэндийг дэвшүүлье!

Улиран одож буй үхэр жил зөвхөн Монголчууд та бидний хувьд төдийгүй, хүн төрөлхтөн Цар тахалтай хамтын хүчээр тэмцсэн цаг хугацаа байлаа.

Өнгөрсөн нэг жилд та бид вакцинжуулалтын ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж чадсаны үр дүнд өнөөдрийг хүртэл хатуу хөл хориог тогтоолгүйгээр эдийн засгаа алхам алхамаар нээж, энгийн амьдралдаа хэмнэл хэмнэлээр шилжиж, цар тахлаас улбаалж -5.3 хувь хүртэл унасан байсан эдийн засаг 3.6 хувийн өсөлттэй болж, Монгол Улсын төсвийн орлого 102.7 хувийн биелэлттэй гарч, нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 300 гаруй тэрбум төгрөгөөр давж биеллээ.

Оюутолгойн хэлэлцээрийн эхний үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дэлхий дахинд дахин сэргээж чадлаа.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол улсын Засгийн газар нэгдмэл бодлогоор нягт хамтран ажиллаж чадсаны бодит үр дүн билээ.

Эдийн засагт гарч буй эерэг үзүүлэлтүүдийн үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосны дагуу ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөг хүртэл өсгөж, 500.000-аас дээш хэмжээтэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Засгаас газраас гаргаж, Монгол Улсын Их Хурлаар батлуулан хэрэгжүүлж эхэллээ.

Эх орон, ард түмэн, үр хүүхдүүдийнхээ төлөө залуу насаа бүхэлд нь зориулсан ахмад настан, азай буурлуудын маань хувьд олон жил хүлээсэн энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадна гэдэгт итгэж байна.

Эрхэм Монгол ахан дүүсээ!

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урин хавар эх оронд маань айлчлан ирлээ. Өдрөөс өдөрт цаг дулаарч, цас хайлж, цөн түрж, ногоо соёлж, байгаль дэлхий өнгөө зассан Ирж яваа цагийн бэлгэдэл хаврын улирлыг хүн бүхэн хүсэн хүлээдэг билээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомилогдсон боомтуудаа авто зам, төмөр замаар холбох, эрчээ алдсан эрчим хүчний салбараа сэргээх, аж үйлдвэржилтийн үндэсний бодлогоо дахин сэргээх, суусан хотоо алхаатай хот болгох, цахим үндэстэн болж, авилга, хүнд суртлыг бууруулан, шударга ёсыг бэхжүүлж, төрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн их бүтээн байгуулалт энэ хавар эхлэх болно.

Цар тахлын эдийн засгийн хүндрэл, тээвэр логисктикийн хямралт байдал, түүнээс үүдсэн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэргийг бид гагцхүү эдийн засгийн эрчимтэй өсөлтөөр л даван туулах боломжтой билээ.

Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх их үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье!

Эрхэм Монголчууд аа,

Хэдийгээр хоёр жилийн дараа та бид Сар шинийн уламжлалт баяраа хатуу хөл хориогүйгээр тэмдэглэж байгаа ч халдварын эрсдлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, цахимаар золгож, гаднаас бараа таваар худалдан авахаас илүүтэйгээр Үндэсний мөнгөн тэмдэгтээ бие биедээ бэлэглэж, улсын валютын нөөцөө хамгаалж, эдийн засаг хүнд үед эх оронч байхыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн уриалж байна. 

Учран золгож буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд хүн төрөлхтөн аюулт цар тахлыг ялан дийлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 2 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 2 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 2 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 4 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 4 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 5 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 6 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 6 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 6 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 7 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 7 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 8 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 9 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 18 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр