Ө.Өнөмөнх: Төрийн байгууллагуудад архидалт их байгааг хүлээн зөвшөөрнө

М.Төгөлдөр
2022/03/01

Б.ДОЛЖИНЖАВ

Сэтгэл засалч, наркологич Ө.Өнөмөнхтэй нийгмийн стресс болоод  түүний үр дагаврын талаар ярилцлаа.

-Түгжрэл, утаа, эрх баригчдын буруу үйлдлээс үүдэлтэй бухимдлыг бид нийгмийн стресс гэж ойлгодог. Мэргэжлийн үүднээс үүнийг хэрхэн тайлбарладаг юм бэ?

-Нийгмийн стресс нь тухайн хүний өөрийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас  шалтгаалдаг буюу хүнээс өөрөөс нь хамаардаг. Ингэхдээ  гэр бүлийн, улс төрийн, санхүүгийн, ажлын стресс гэсэн олон зүйл нөлөө үзүүлдэг гэж сэтгэл зүйн шинжлэх ухаанд тодорхойлсон байдаг. Нийгмийн сөрөг хандлага, харилцааг хүмүүс өөрсдөө бид бий болгодог. Стресс бол нэг хэлбэрийн сэтгэцийн өвчин юм. Стрессээс үүдэлтэй нойргүйдэл, сэтгэл гутрал нь цаашлаад амиа хорлох хүртэлх хэмжээнд хүртлээ  даамжирдаг чимээгүй тахал юм. Стрессээ тайлж чадахгүй удаан хадгалаад яваад байвал хүнд  зан төрх үйлийн эмгэг илэрдэг. Үүнийгээ хүн өөрөө анзаардаггүй. Одоогийн нийгэмд ихэнх хүн дуу чимээ багатай, ганцаараа байх орчинг хайдаг болсон нь өөртөө итгэх итгэл байхгүй болж байгааг илэрхийлж байна. Энэ нь сэтгэл гутралын асуудал юм. Хэнд хандахаа мэдэхгүй явсаар хүмүүс сэтгэцийн гүн хямралд орсон хойноо мэргэжлийн хүнд ханддаг.

-Хятад улсад боловсрол эзэмшсэн хүний тухайд Монгол болоод Хятадын нийгмийн стрессийг харьцуулахад ямар ялгаа ажиглагдсан бэ?

-Би АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, Хятадад багшийн төв сургуулийг улс  төрийн сэтгэл судлалаар төгсөж, одоо нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр докторт суралцаж байгаа. Хятад, Монгол хоёрын нийгмийн сэтгэлзүйн онцлог буюу иргэдийн стрессийн асуудал их ялгаатай байдаг.

Хятад дөрвөн жилд  тутамд иргэдийн сэтгэл зүйн байдлыг үнэлсэн, стрессийн шалтгааныг тодорхойлох судалгаа хийдэг. Үүний үр дүнд иргэдээ дэмжих чиглэлээр бодлого  хэрэгжүүлээд эхлэхээр стресс үүсгэгч гол хүчин зүйлүүдийг  устгасан. Хятадад эмнэлэг болгонд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эмчийн өрөө тасалгаа байдаг. Учир нь өвчин бүр ямар нэгэн стресс дагуулдаг.  Харин манай улсын хувьд эсрэгээрээ эдгээр хүчин зүйлүүд байдаггүй. Монгол Улсын иргэдийн стрессийн түвшин маш өндөр байдаг. Учир нь баян, ядуугийн ялгаа, биенээ ялгаварлан гадуурхах, доромжлох, дорд үзэх, хэл амаар гутаах гээд маш олон асуудал байдаг. Өдөр тутмын амьдралын асуудал нөгөө ажил, гэр бүл, найз нөхөд, хүрээлэл нь нийгмийн стрессийг үүсгэж байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсын хувьд ард иргэдийг дэмжих чиглэлийн судалгаа болон төлөвлөгөөт ажил хөтөлбөрүүд төдийлөн хэрэгжихгүй байгаа.

-Байгууллага, хамт олноороо баяр ёслолын өдрүүдийг согтууруулах ундааны зүйлс хэрэглэж  тэмдэглэдэг буруу дадал тогтоод удлаа.Үүнийгээ стрессээ тайлах арга гэж тайлбарладаг?

 -Согтууруулах ундаа болон сэтгэц идэвхэд нөлөөлдөг бодисын хор уршиг бол одоогийн нийгэмд тахал болон хувирч байна. Байгууллагуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр очиход “Манайх сардаа нэг удаа  хамт олноороо салхинд гарч, ууж идэж, шоудаад  стрессээ тайлдаг” гэж ярьдаг. Энэ бол монголчуудын стрессээ тайлдаг хамгийн мунхаг арга юм. Залуус “Архи уухгүй бол спирт дутагдаад байна” гэж ярихыг сонсож байсан. Хэзээ ч хүний бие спиртээр дутагддаггүй. Харин архи уухаар аз жаргалын даавар ялгарч, сэтгэл хөдлөлд автаж, сэтгэлээ нээж ярилцдаг. Үүнээс үүдэн хүмүүс найзуудтайгаа суугаад уухаар стрессээ тайлаад байгаа мэт мэдрэмж авдаг. Энэ нь бага багаар архинд донтож байгаагийн шинж юм. Өөрийгөө өмөөрч, архинд донтоогүй гэж хэлэх нь архинд орсны эхний шинж тэмдэг юм. “Бие өөрийн эрхгүй нэхээд байна. Баяр ёслол таарахаар архи уумаар санагдаад байна. Яаж гарах уу” гэсэн сэдэл төрөх нь архинаас гарах 50 хувиа давсан гэсэн үг юм. Донтолтын үед хүнд бие махбодын, нийгмийн, сэтгэл зүй болон оюун санааны хараат байдал үүсдэг. Донтолттой хүн хараат байдалд орсноор бие махбодь, сэтгэл зүйн тэнцвэртэй, тогтвортой байдал алдагдаж, зан үйлийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Донтолтод хүргэдэг хүчин зүйлс нь хүн бүрд харилцан адилгүй байдаг нь тэдний ярианаас ажиглагддаг. Жишээлбэл, нийгэм, ажлын хамт олон, гэр бүл, найз нөхдийн нөлөөлөл нь донтолтод асар ихээр нөлөөлж байгаа.

-Нийгмийг зөв зүг рүү чиглүүлэх ёстой хүмүүс нь төрийн албан хаагчид. Гэтэл  ажлын байран дээрээ архидсанаас амиа алдсан хэрэг хүртэл гарсан. Таныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт байхад ч архидалттай холбоотой асуудал гарч байсан?

-Төрийн байгууллагуудад архидалт их байгааг хүлээн зөвшөөрнө. НЭМГ-т ажлын байран дээрээ архидсаны улмаас халагдсан тохиолдол гарсан. Төрийн албан хаагч цар тахлын онцгой нөхцөл байдлын үед ажлын байран дээрээ архидна гэдэг асар хариуцлагагүй, буруу үйлдэл.Төрийн алба хашиж байгаа ахмадууд залуу үедээ үлгэр жишээ үзүүлж байх ёстой. Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл хариуцаж байсан мэргэжилтнүүд архи ууж байсныг би ч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан ч мэдэж  байсан. Хамт олон нь  бүгд мэдэж байхад “Биднийг архи уусан гэж гүтгэсэн. Хууль бусаар халлаа” хэмээн хэвлэлээр дэвэргэж байсан нь саяхан. Ичих нүүрэндээ элэг наах нь наркологийн хам шинж юм. Дараа дараагийн албан байгууллагын дарга нар үүнээс жишээ аваад ажлын байран дээр архидсан тохиолдолд шууд халах, арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгэмд гаараад буй энэ архидалттай хатуу тэмцэх хэрэгтэй. Бид ажилчдынхаа сэтгэл зүйг дэмжихийн тулд өглөөдөө хамт кофе уунгаа илэн далангүй ярилцдаг соёл тогтсон. Ингэснээр нэг нэгнээ ойлгож, бие биедээ урам өгч, чадахгүй зүйлд нь тусалдаг болж харилцаа, ажлын энерги эерэг болдог. Мөн баяр ёслолыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэдэг нь үлгэр жишээ гэж боддог. Нийгэм өөрчлөгдөөд эхлэхээр төрийн албан хаагчдын архидалт болон бусад асуудал арилна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 44 (6776)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 5 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 7 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 11 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 13 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 13 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 15 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр