Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болжээ

М.Төгөлдөр
2023/03/02

Жендэрийн үндэсний хорооны 2023 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, тус хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож өнгөрсөн онд жендэрийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн болон энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг танилцуулж, үндэсний хорооны гишүүдэд цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөв.

Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй, 14 салбар зөвлөл, 31 салбар хороогоор дамжуулж үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд 40 ажил төлөвлөснөөс 98 хувьтай хэрэгжүүлсэн талаарх тайлан, 2023 онд  тааван зорилтын хүрээнд 65 үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг тус хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 01-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн урьдчилсан дүнгээр эрчүүдийн дунд өвчлөл, нас баралт их байгаа талаарх судалгааг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, төрийн бүх шатанд авлигыг бууруулах, үүнд эмэгтэйчүүд хэрхэн нөлөөлж болох талаарх илтгэлийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо нар энэ үеэр танилцууллаа.
Өнгөрсөн арван сарын хугацаанд 860 мянган хүн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдсаны 45 хувь нь эрчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Хамрагдсан эрчүүдийн дунд хавдар, элэг, цөс, ходоодны өвчлөл их байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд жендэр гэдэг ойлголт зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай зүйл биш, эрчүүдийн боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсныг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлов.  
Монгол Улс өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлснээр Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 улсаас 69-рт эрэмбэлэгдсэн. Гэхдээ цаашид жендэрийн эрх тэгш бус байдлыг залруулахад хэрэгжүүлэх бодлого, хийх ажил чамгүй их байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим статистик тоо баримтуудаар тодотголоо.
Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 20 хувиар өндөр. Их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, бакалаврын түвшинд суралцагчдын 40 хувь, сургууль завсардсан хүмүүсийн 72 хувь нь эрэгтэйчүүд байна. Өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд, 86 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр богино байна. Тиймээс жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх, нийгмийн харилцаанд орох, хөгжих тэгш боломжоор хангах тэнцвэртэй бодлого явуулах шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэллээ.


Тэрбээр, “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих замаар сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр 2022 онд Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван эмэгтэй сайд, гурван яамны төрийн нарийн бичгийн дарга зэрэг эмэгтэйчүүдийг дэвшүүлэн томилсон. Мөн түүхэнд анх удаа аймгийн Засаг даргаар эмэгтэй хүнийг томилсон. Гэвч энэ бол хангалттай үзүүлэлт биш. Цаашид жендэрийн талаарх хандлагын реформ хийх цаг болжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хүйсийн тэнцвэрийг хангахад анхаарах ёстой. Эрчүүдийн эрүүл мэндэд анхаармаар байна. Тэдний эрүүл мэнд, боловсролын асуудалд ч эмэгтэйчүүд эергээр нөлөөлмөөр байна. Авлигатай тэмцэх ажилд эмэгтэйчүүд манлайлж, нөлөөлж оролцох цаг болсон байна. Улс төрийн оролцоог нь сонгуулийн зөв  тогтолцоогоор хангаж өгмөөр байна. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийг дарга болгох, албан тушаалд томилох зорилготой гэж ойлгож болохгүй. Аливаа асуудалд аль нэгийг нь дэмжих бус, арга, билгийг тэнцвэржүүлбэл нийгэм хөгжинө. Тиймээс хандлагын өөрчлөлт чухал байна” гэлээ.     
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ дараах асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
-       Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх иргэнээ эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах арга хэмжээнд эрэгтэйчүүдийг ижил тэнцүү, идэвхтэй, орхигдуулахгүй хамруулах, цугларсан мэдээллийн санд үндэслэн эрүүл мэндийг нь дэмжсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх, тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллах,
-       Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5 Ш” ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, төрийн өндөр албан тушаалд томилох асуудлыг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллах,
 
-       Жендэрийн үндэсний хороо 2023 оныг “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих жил” болгож энэ чиглэлээр төр, төрийн бус, мэргэжлийн холбоод, олон улсын болон хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог хангаж, нийгэмд авлигыг үл тэвчих хандлагыг түгээхэд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх,
 
-       2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг нарийвчлан боловсруулж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.


 


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20