УИХ-ын гишүүд зах, худалдааны төвүүдэд ажиллаж, үнийн өсөлтийн шалтгааныг судаллаа

Ш.АДЪЯАМАА
2023/05/01

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын удирдлага, нийслэлээс сонгогдсон зарим гишүүдэд хандан өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судалж, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхийг үүрэг болгосон билээ. Өгсөн үүргийн дагуу Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн амралтын өдрүүдэд (2023.04.30) нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим зах, худалдааны төвүүдэд ажиллалаа.



Энэ хаврын нөөцийн мах чанаргүй, хэт үнэтэй гарсан гэв

Байнгын хороодын дарга, гишүүд эхлээд Чингэлтэй дүүрэг дэх “Хүчит шонхор” хүнсний захад ажиллаж, махны үнийн нөхцөл байдалтай танилцлаа. “Хүчит шонхор” зах дээр хонины ястай мах 1 кг нь 11000-13000 төгрөг, үхрийн ястай мах 1 кг нь 13000-15000 төгрөгийн хооронд борлуулагдаж байна. Махны үнийн өсөлтийн талаар худалдаа эрхлэгчид хэлэхдээ, жил бүрийн хаврын улиралд шинэ махны нийлүүлэлт эрс багасдаг учир үнэ бага зэрэг өсдөг гэлээ.


Түүнчлэн энэ жилийн хувьд өвөлжилт хүнд болсон, энэ хавар худалдаанд гарсан нөөцийн мах чанаргүйгээс гадна хэт үнэтэй, БНХАУ руу адуу, ямааны махыг их хэмжээгээр гаргаж байгаагаас хомсдол үүссэн зэрэг шалтгаануудаас үүдэн махны үнэ өсөх болсон гэлээ. Махны үнийг худалдаа эрхлэгчид тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтээсээ шууд хамаардаг гэж байв. Худалдаа эрхлэгчид малчдын гар дээрээс авсан махны кг тутамд нь 300-500 төгрөг нэмж борлуулдаг байна.

“Хүчит шонхор” захын махны нийлүүлэлт хэвийн үедээ өдөрт 100-150 тонн борлуулагддаг бол өнөөдрийн байдлаар өдөрт 20-30 тонн мах борлуулагдаж байгаа гэнэ. Энэ нь нийслэлийнхний махны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа гэсэн үг юм. Энэ хомсдолыг нөөцийн махаар нөхөх учиртай ч энэ хаврын нөөцийн махны чанарын шаардлага хангахгүйн дээр үнэтэй байгаа нь иргэдэд хүндрэл учруулаад байгаа юм. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг компаниуд намар мах нөөцлөхдөө журмын дагуу бус “Хүчит шонхор” зах дээр борлуулагдаагүй үлдсэн муу махыг авч нөөцөлдөг гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. Нийслэлийн хэмжээнд 12 аж ахуйн нэгж 8000 орчим тонн махны нөөцийг бэлтгэжээ. Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 10700, хонины ястай мах кг нь 8600 төгрөгөөр борлуулагдаж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавар бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Мах, гурил, гол нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ жил хэт өсөлттэй байгаа нь иргэдийн  амьдралд тулгамдаад байгаа гол асуудал болсон гэдгийг “Сант марал” сангийн судалгаанаас харж болно. Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Нөөцийн махыг ном журмаар нь бэлтгэж чадвал жил бүрийн хавар махны үнийг хөөргөдөлгүй барих боломжтой гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, заасан журмын дагуу ажиллуулдаг болох тал дээр анхаарал хандуулах шаардлага үүссэн байна” гэв.

Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна

Дараа нь Байнгын хороодын дарга, гишүүд Баянгол дүүрэгт байрлах “Хархорин” худалдааны төвд очиж, өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн буюу төмс, хүнсний ногоо, гурил, будааны наймаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Худалдаа эрхлэгчид хилийн цаана үнэ өссөн зүйл огт байхгүй, тээврийн зардал буурсан хэдий ч үнэ нэмэгдэж байгаа нь валютын ханш өссөнтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн олон нэр төрлийн татвар, НӨАТ нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд дарамт болдог гэлээ. Тэд валютын өсөлт дээр анхаарч тодорхой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Хүнсний ногооны хувьд үнэ харьцангуй тогтвортой, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хямд буюу үнэ буусан үзүүлэлттэй байна. “Ковид-19” цар тахлаас хойш иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалин буух өдрүүдэд худалдан авалт бага зэрэг сэргэдэг гэв. Гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд цөөн хэдэн компани монопол болсон учраас үнийг дураараа зохиож байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.

Үүний дараа гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, хүнсний дэлгүүрүүд, нөөцийн мах худалдаалж буй явуулын цэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Хүнсний дэлгүүрийн хувьд бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, иргэд зээлээр үйлчлүүлэх нь ихэссэн тухай ярилаа. Нөөцийн махны хувьд хэт туранхай, чанаргүй мах өндөр үнээр зарагдаж байна хэмээн иргэд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир “Төрөөс мах, сүү, ногооны урамшуулал олгож байгаа. Гэсэн ч эдгээр нэр төрлийн барааны үнэ өсөөд байна. Өөрөөр хэлбэл урамшуулал нүдээ олж эздэдээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдгийг эргэн харах шаардлагатай юм байна. Жижиг, дунд худалдаа эрхлэгчид татвар, НӨАТ-ын асуудлыг их хөндөж байна. Бид энэ асуудлуудыг Байнгын хороонд танилцуулж, Засгийн газар болон холбогдох яамдтай бодлогын түвшинд ярилцаж гарц гаргалгааг Улсын Их Хуралд танилцуулна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа “Мах, гурил болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс эцсийн хэрэглэгч хүртэлх олон шат дамжлагыг цөөлөх шаардлагатай гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Төрөөс зарим тал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байна” хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 8 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 9 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 9 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 9 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 10 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 10 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 23 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03