Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо байгуулагдлаа

Л.Бямбажав
2023/06/30

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн 2023 оны  зургадугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар (2023.06.29) баталлаа.

Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан тус төслийг санаачилсан гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өгөв.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу УИХ өөрөө хянан шалгах үйл ажиллагаа явуулдаг том субьект болсон. Тиймээс УИХ энэ бүрэн эрхээ эдэлж, Монгол Улсад хүний эмийн зах зээл иргэдэд хэр ээлтэй байна, тэр тусмаа төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй үнийн зайлшгүй эмийн жагсаалт зэргийг батлахдаа компаниудын нөлөөнд автагдах эрсдэлтэй юу, энэ жагсаалт дахь эм нь ард иргэдэд хүртээмжтэй, чанартай байж чадаж байна уу, үнэ нь хэт өссөн үү үгүй юу гэдгийг, өөрөөр хэлбэл ер нь асуудлыг хэрхэн зөв тогтолцоогоор шийдэж байна вэ гэдгийг тодорхойлох зорилгоор энэ Түр хороог байгуулж байгаа юм.

Шийдвэр гаргаж байгаа тогтолцоо “тунгалаг” байх ёстой. Тогтолцоо өөрөө төрөөс хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж байвал засах ёстой болохоос ганц нэг компанид хариуцлага тооцоод өнгөрөх тухай асуудал биш. Алдааг засаж чадахгүй бол төрөөс хулгай хийх нөхцөл нь байсаар байна, дарамтыг нь ард иргэд үүрсээр байх болно…

Түүнчлэн, эрүүл мэндийн салбарт мөнгөний эргэлтийн чухал байр суурийг эзэлж байгаа эмийн худалдаа, тэр тусмаа зайлшгүй эмийн жагсаалт батлах процесст монополь болон олигополи тогтолцоог дэмжсэн бүтэц байна уу гэдгийг Түр хороо судлах юм.

Зайлшгүй шаардлагатай эмийг нэг цонхоор худалдан авах, ингэснээрээ чанартай эмийг арай хямд үнээр авах ямар боломж байна вэ гэдэг тогтолцоог бий болгох зорилгоор Эмийн агентлагийг байгуулсан. Тиймээс тус агентлаг цаашдаа ямар бүтэц, тогтолцоогоор ажиллах нь чанартай эмийг иргэддээ хүртээмжтэй хүргэх боломж бололцоог бий болгох вэ гэдгийг Түр хороо мөн гаргаж ирнэ.

Түр хорооны бас нэг ажил бол улсын эмнэлгүүдийн тендерийн үйл ажиллагаа хэрхэн үнэн зөв, хуулийн дагуу бодитоор явагдаж байна вэ гэдгийг тодруулна.

Үүнээс өмнө Н.Учрал гишүүний ахалсан Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдан ажиллаж байсныг та бүхэн мэднэ. Өмнөх Түр хороо хянан шалгах үйл ажиллагааны цар хүрээний хувьд үнийн асуудал бус чанар дээр голлон ажилласан. Чанар, үнэ хоёр салшгүй холбоотой. Тиймээс энэ удаагийн Түр хороо чанараас гадна эмийн үнийн өсөлт, түүний учир шалтгааныг тогтолцооных нь хувьд тодруулахаар ажиллах юм. Тогтолцооны судалгаанд илүү их анхаарна. Гол баримталж байгаа зарчим бол ард иргэддээ чанартай, хэт өсөөгүй үнээр эмийг хүргэх.

          Дээрхээс гадна эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудал чухлаар тавигдаж байна. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачлагаар 2017 онд “Монгол улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон олон улсын Эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн. Судалгааны дүнд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6%, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2% байна. Үүнээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилгод хүрэхгүй байна. Иймд цаашид эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай.

Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарч байна.

Өмнө нь байгуулагдан ажиллаж байсан “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар” хянан шалгах түр хорооноос “хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдаалагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлд хяналт шалгалтыг цаашид үргэлжүүлэн хийх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн дагуу цаашид эмийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах шаардлагатай. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний асуудлаар шалгалт хийн, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулж байгаа юм. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 7 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 11 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 12 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 12 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20