У.Хүрэлсүх: Ойрын 10 жил шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байх болно

М.Төгөлдөр
2023/09/17

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МИГЕЛЬ ДИАЗ-КАНЕЛ БЕРМУДЕЗИЙН УРИЛГААР ХАВАНА ХОТНОО БОЛЖ БАЙГАА ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд дээрх чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Энэ удаагийн дээд түвшний уулзалтад дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцож байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Мигель Диас-Канел Бермудез,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хурлын дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалтыг амжилттай даргалж буй Бүгд Найрамдах Куба Улсын удирдагчид болон Кубын ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Хөгжлийн хурдасгуур болсон шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлыг хэлэлцэж буй энэхүү дээд түвшний уулзалтыг нарлаг Хавана хотноо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт хурлын дарга аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.

Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.

СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН, ТЭР ДУНДАА ХӨГЖИЖ БУЙ УЛС ОРНУУДАД ИЛҮҮ ХҮНДЭЭР ТУСАЖ БАЙГАА ЦАР ТАХАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ГЕОПОЛИТИКИЙН ЗӨРЧИЛ, САНХҮҮ БОЛОН ӨРИЙН АСУУДАЛ, ЯДУУРАЛ, ӨЛСГӨЛӨН ЗЭРЭГ ХӨГЖЛИЙН ХУРДЫГ СААРУУЛСАН СОРИЛТ, БЭРХШЭЭЛҮҮДИЙГ ХАМТДАА ДАВАН ТУУЛАХЫН ТУЛД НҮБ ДАХЬ ХАМГИЙН ТОМ БҮЛЭГ БОЛОХ 77-ГИЙН БҮЛЭГ ЭВ САНААГАА УЛАМ НЭГТГЭН, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ИЛҮҮ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА.

Гэвч дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.

Энэхүү дэлхий нийтийн хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, түүний дотор хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол арга хэрэгслүүдийн нэг нь шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх явдал юм.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд  байхаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол улс сүүлийн жилүүдэд цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим хөгжлийн багц хуулиудыг батлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулан, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, авлига, хүнд суртлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор E-Mongolia системийг улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн бөгөөд 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр байгуулан Цахим үндэстэн болохоор зорин ажиллаж байна.

Мөн шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж, Шинжлэх ухаан, технологийн паркийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж байна.

ЦААШИД МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУДЫГ ХАНГАН ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ ХУВААЛЦАХ, ИННОВАЦЫГ ДЭМЖИХ, БҮС НУТГИЙН ТУЛГАМДСАН СОРИЛТУУДЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ЧИГЛЭГДСЭН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗЭРГЭЭР ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ БҮЛГИЙН ГИШҮҮН УЛСУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА.

Эрхэм хурлын дарга аа,

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаан, технологи, инновац, түүний дотор  мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, хэрэглээ нь дэлхийн зах зээлд нэвтрэх шинэ боломжуудыг нээхэд чухал үүрэгтэй юм.

Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй улсуудын алслагдмал байршлын сул талыг бууруулж, уялдаа холбоог сайжруулах, ялангуяа худалдаа, тээвэр, транзит, харилцаа холбоо, гамшгийн эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдол бүхий олон асуудлаар бодлогын судалгааг өндөр түвшинд хийж гүйцэтгэснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэхүү судалгааны төвийн шугамаар хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гуравласан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

ЭХ ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВАН, ХҮН ТӨРӨЛХТНИЙ САЙН САЙХАН, УЛС ОРНУУДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ОЛОЛТ АМЖИЛТ  ЗОРИУЛАГДАХ УЧИРТАЙ.

“Нийтлэг боловч ялгаатай үүрэг хариуцлага” хүлээх, хөгжлийн албан ёсны тусламж болон уур амьсгалын санхүүжилтэд авсан үүрэг амлалтаа биелүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл, хөтөлбөрт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг хөгжиж буй орнуудын нөхцөл байдалд тохируулан хөнгөлөлттэй, уян хатан нөхцөлөөр шилжүүлэх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хөгжингүй улс орнууд болон хөгжиж буй орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал юм.

Хөгжиж буй орнуудын бүлэг дуу хоолойгоо нэгтгэн, ашиг сонирхлоо хамгаалах яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлж чадваас Умард ба Өрнөдийн орнуудын стратегийн түншлэл бэхжиж, мэдлэг, технологи, инновац хуваалцах үйл явц үр дүнтэй, эрчимтэй хэрэгжих нь дамжиггүй юм.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээнд хэлэлцэж буй “Даян дэлхийн цахим гэрээ” нь бүх нийтийн нээлттэй, ил тод, аюулгүй цахим орчныг бий болгоход чухал түлхэц болно гэж бид үзэж байна.

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний энэхүү уулзалтын үр дүн хөгжиж буй орнуудын хөгжлийг тэтгэх, “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийн хэрэгжилтэд шинжлэх, ухаан, технологи, инновацын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.


0
angry
2
care
2
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20