МЭДЭГДЭЛ
Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж “Шүүхийн ерөнхий зөвлөл”-өөс прокурорын байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу түүнийг яллагдагчаар татаж, өчигдөр /2023.11.29/ хилийн хориг тавих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан нь “Монгол Улсын Үндсэн хууль” болон “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-д нийцэхгүй байгаа тул Зариг.мн сайтын редакциас МЭДЭГДЭЛ гаргаж байна.
1. Зариг.мн сайт “Найман ишигний” хэргийг сурвалжлахдаа талуудын байр суурийг тэнцвэртэйгээр мэдээлсэн.Гэтэл бидний мэдээллийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаарт, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах” гэж заасан байдаг. Энэ хүрээнд бид мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн.
2. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудастаа “...80 настай хөгшнийг цус харватал шүүж байна....” гэсэн пост бичсэн. Үүнийх нь төлөө түүнийг шүүхийн нэр төрд халдсан гэж Шүүхийн ерөнхий зөвлөл гомдол гаргасан байдаг. Энэ нь иргэн Н.Өнөрцэцэгийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16 дугаар зүйлд хүн бүр “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан.
3. Нүүрсний хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ойрын хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан нь тогтоогдсон” гэж Н.Өнөрцэцэгийг бусдаас онцлон мэдээлсэн юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудад нийцэхгүй байна гэж үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 14-ийн 2 дугаар зүйлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, 16 дугаар зүйлийн 3 дугаарт, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж тус бүр заажээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Өнөрцэцэгт хилээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь дээрх хуулийн зүйл заалтуудад нийцэхгүй байгаа тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс Зариг.мн сайтын редакц болон иргэн Н.Өнөрцэцэгийн зүгээс Үндсэн хуулийн цэц, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Улсын Дээд Шүүхэд гомдол гаргахаа үүгээр мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (34)