АНУ-ын Нью-Жерси мужийн Ист-Ратерфорд хотод болсон 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод Испанийн шигшээ баг Аргентиныг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч, дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөлөө.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг нэмэлт цагийн 106 дахь минутад Ферран Торрес оруулсан юм.
Финалын тоглолтын завсарлагаагаар энэ удаагийн ДАШТ-ий хаалтын шоу болж, дэлхийн алдартай уран бүтээлчид болох Мадонна, Шакира, Канадын поп дуучин Жастин Бибер нар тайзнаа гарчээ. Энэхүү тоглолтыг багтаахын тулд ФИФА финалын завсарлагын хугацааг уламжлалт 15 минутаас 27 минут болгон сунгасан байна.
Испани, Аргентины шигшээ багууд ДАШТ-ий түүхэнд хоёр дахь удаагаа учраа таарсан бөгөөд өмнө нь 1966 оны дэлхийн аваргын хэсгийн шатанд тоглоход Аргентин 2:1-ээр ялж байжээ.
Ингэснээр Испанийн шигшээ баг 2010 оны ДАШТ-д Нидерландыг нэмэлт цагт 1:0-ээр хожин түрүүлснээс хойш хоёр дахь удаагаа дэлхийн аварга болж байна. Испани ДАШТ-ий финалд шалгарсан хоёр тохиолдолдоо хоёуланд нь ялалт байгуулсан амжилттай үлдэв.
Харин Аргентины шигшээ баг ДАШТ-ий финалд долоо дахь удаагаа шалгарсан ч дөрөв дэх удаагаа мөнгөн медаль хүртлээ. Тэд өмнө нь 1978, 1986, 2022 онд түрүүлж, 1930, 1990, 2014, 2026 оны финалд ялагдсан түүхтэй.
2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулагдсан бөгөөд түүхэндээ анх удаа 48 шигшээ баг оролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна