Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр ажлын байран дээрээс нь баривчлан цагдан хорьсноос хойш 30 гаруй хоног болж байна. Түүнийг худал мэдээлэл тараасан гэх гомдлоор цагдан хорьсон.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорихгүйгээр гадуур шалгахыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, сэтгүүлчид болон Олон улсын сэтгүүлчдийн байгууллагууд удаа дараа шаардсаар байгаа билээ.
Тухайлбал, олон улсын ”IFEX” Олон улсын байгууллага, Олон улсын сэтгүүлчдийн холбоо(IFJ) , Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага мөн VOA-гаас гаргасан мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө ажилладаг ”IFEX” Олон улсын байгууллага Н.Өнөрцэцэгийн асуудлаар шаардлага, мэдэгдэл гаргав
”IFEX” Олон улсын байгууллага Н.Өнөрцэцэгийн асуудлаар шаардлага, мэдэгдэл гаргаснаар Н.Өнөрцэцэгийн асуудал эрх нь зөрчигдсөн ОУ-ын сэтгүүлчдийн мэдээллийн санд бүртгэв.
IFEX хэлэхдээ: "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл боллоо. Сэтгүүл зүйн үйл ажиллагааг цензургүй явуулахыг бид шаардаж байна" гэсэн юм.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө ажилладаг ”IFEX” Олон улсын байгууллагад "Глоб интернэшнл" төвөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар хандсан. ”IFEX” байгууллага нь дэлхийн 70 оронд 100 гаруй гишүүнчлэлтэй.
Олон улсын сэтгүүлчдийн холбоо(IFJ) – Монголын эрх баригчдыг Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриалав
Олон улсын сэтгүүлчдийн холбоо(IFJ) – Монголын эрх баригчдыг Н.Өнөрцэцэгийг нэн даруй суллахыг уриалж, Монголын сэтгүүлчдэд саадгүй ажлаа гүйцэтгэх боломж олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг хангахыг уриалав. Тус байгууллага нь өөрийн Монгол дахь хамтрагч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ -ээр дамжуулан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудалд анхаарал хандуулж хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас Монголын эрх баригчдад хандан сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийг суллахыг шаардлаа
RSF хэлэхдээ: “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс эрх, эрх чөлөөний зарчим, хэвлэл мэдээллийн олон ургалч байдлыг сахихад илт хүчин чармайлт гаргасан учир санаанд оромгүй явдал боллоо. Худал мэдээлэлтэй тэмцэх нэрийдлээр олон нийтийн сүлжээнд шүүхийн тогтолцоог шүүмжилсэн сэтгүүлчийн эрх чөлөөг хасах нь илт зүй бус үйлдэл юм. Нарангийн Өнөрцэцэгийн эсрэг ажиллагааг зогсоож, түүнийг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж байна.”
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллага нь жил бүр дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдалд үнэлгээ хийдэг байгууллага юм.
"Нөлөө бүхий сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан нь Монголын хэвлэлийнхнийг цочирдуулж байна" гэж VOA news мэдээллээ
Тус нийтлэлд Н.Өнөрцэцэг нь томоохон албан тушаалтнуудын араас хөөцөлдөхөөс эмээдэггүй сурвалжлагч гэдгээрээ Монголд нэр хүндтэй сэтгүүлч юм. “Зариг” мэдээллийн сайтын ерөнхий редакторын хувьд тэрээр сүүлийн таван жилийн хугацаанд гүтгэлгийн хэргээр арав гаруй удаа байцаагдаж байжээ. Одоо Н.Өнөрцэцэг өөрийг нь буруутгаж буй хэргүүдийг үгүйсгэж байгаа аж. Иймд Олон улсын болон Монголын хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд тус баривчилгааг улс төрийн зорилготой гэж буруушааж байна гэсэн байна.
Сэтгэгдэл (60)