Малчдад өгөх зөвлөмж

Ц.Цэрэнбадам
2024/02/26

ХААИС-аас гаргасан мал сүргийг өл алдуулахгүй, дааруулахгүй байх зааварчилгааг хүргэж байна.

Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх: Цас ихтэй хүйтэн байгаа тул малын хот бууц хөлдөх, цантсанаас саравч, хорооны булан руу мал хэт бөөгнөрөх, тамир тэнхээ муутай хэсгээ дарах, дээр нь хэвтэж, өеөдүүлэх нь их байдаг. Тиймээс хот бууц хөлдөх, цан цохихоос сэргийлж өдөрт хотондоо утаа тавих, хотны булан тохой, гол хэсэгт дөрвөлжин нүх /1х1м ,1х0.5 м хэмжээтэй/ ухаж өтөг, бууцаар дүүргэхэд малын биеийн илчээр халж, тухайн нүхэн дэх бууц 24-48 цагийн дотор хатдаг. Өглөөд нүхтэй хэсгүүд дээр бууцаа хэсэгчлэн овоолж оройдоо тарааж хэвтүүлэх нь чухал. Мөн тамиртай, тамир муутай өргүүлийн малаа ялгаж хотлуулах, хашаагаар тусгаарлах хэрэгтэй.

Ясны шөл, цайны хандаар тамир тэтгэх: Хэт ядарч дор орсон малыг хүчтэй тэжээлээр их хэмжээгээр тэжээхээс зайлсхийж, эхлээд тэжээл боловсруулна. Ингэхдээ хүнсэнд хэрэглэсэн, халдварт өвчнөөс бусад нөхцөлөөр үхсэн адуу, үхрийн ясыг 2-3 цаг чанаж бүлээн шөлийг нь өдөрт бод малд 4-5 л, бог малд 1.5-2 л хэмжээгээр уулгана. Эсвэл ногоон цайны өтгөн ханд бэлтгэн бод малд өдөрт 8-10 л, бог малд 1.5-2 л өгнө. Хэт дор орсон нөхцөлд цайнд бага зэрэг сахар, 1 халбага шар тос хийж хутгаж уулгана. Тэжээллэг чанарыг нэмэх зорилгоор ясны шөл, цайны ханданд шар будаа, хивэг, өвсний гурил зэргийг 10 литр тутамд 1-1.2 кг хийж чанах, халуун ханданд хутгах зэргээр зутан бэлтгэн өглөө өдөр, орой бага, багаар өгч, тэжээл идэх, шингээх чадварыг тэтгэнэ. Тэжээл авч буй малын нүд сэргэн, хөдөлгөөн идэвхжээд ирэхээр хэвийн тэжээл өгөх нь тохиромжтой. Анх уулгаж буй мал уухгүй бол амаар нь цутгаж, тэжээл зуурч өгнө.

Малыг өл алдуулахгүй байлгах: Бог малд жижиг амны халбага, үхэрт том амны халбагаар өглөө, оройд нэг удаа хоолны бор давс өгөх, адуунд өглөөд нэг удаа нэг хумс саримас, нэг ширхэг ёотон өгөх зэргээр малын гүзээ ходоодыг хэвийн байлгах, тэжээл боловсруулах замын бичил биетүүд, шааханцруудын үйл ажиллагааг дэмжих нь тэжээлийг сайн шингээж, малыг энерги алдахгүй байлгахад үр дүнтэй.

Тэжээлийг урьдчилан боловсруулж тэжээх: Төрөл бүрийн тэжээлийн нөөц, тусламжаар хүрч буй төрөл бүрийн тэжээлийг гамтай, хаягдалгүй, хүртээмжтэй өгөх, гол нь хонь, ямаа, үхэрт хивлэг алдуулахгүй байх хэмжээнд өвс, ногоон тэжээлийг тооцож хоногт бог малд 0.5-1.2 кг, үхэрт 1.5-2 кг -аар багаар тогтмол цагт өгөх болбол хэрчиж өгөх, төрөл бүрийн үр тариаг бяцлаад, халуун бүлээн усанд хийж багадаа 3-4 цаг дэвтээж өгөх, бутлах, няцлах боломжгүй бол чанаж зөөлрүүлж тэжээх нь зүйтэй. Энэ нь тэжээлийн шингэцийг нэмэх төдийгүй, малын биед удаан задарч шингэдэг нэгдлийг хялбар задрах нөхцөл бүрдүүлдэг төдийгүй тэжээлийн үр ашгийг сайжруулна. Чанаж дэвтээсэн тэжээлийг тухайн өдөрт нь хэрэглэж дуусгах шаардлагатай тул тохирох хэмжээгээр бэлтгэж байх

Сүрэл, өнжмөл өвсийг хэрчих, жижиглэх, уураар боловсруулж мал тэжээх: Сүрлийн шимт чанарыг нэмэх, мал идэхэд дуртай болгох, түүнийг хэрчиж жижиглэнэ. Жижиглэсэн сүрлийг мал дуртай идэх бөгөөд түүнийг өөр аргаар боловсруулахад тохиромжтой байдаг. Хэрчиж жижиглэсэн сүрлээр мал тэжээхэд үлдэгдэл нь 20-30 хувиар багасна. Дэвтээсэн сүрэл зөөлөн, амт үнэр сайтай болж, идэмж нь нэмэгддэг. Сүрлийг давстай усаар дэвтээхийн тулд модон 1.2 шоо метр саванд 100 кг хэрчсэн сүрэл хийж 100 л халуун ус 2-3 кг давс нэмж сайн холиод 10-12 цаг дэвтээнэ.

Дэвтээсэн сүрлийг бүлээнээр нь малд өгөхөд сайн иддэг. Дэвтээсэн сүрлийг өдөрт нь багтааж хэрэглэж дуусгана. Сүрэл, өнжмөл өвсийг уураар боловсруулахад амархан зөөлөрч амт нь сайжирч, мал идэх нь дээшлэхээс гадна элдэв нян бохирдол нь устдаг сайн талтай.

Уураар боловсруулахад сүрлийг давхар ёроол бүхий модон саванд хийж, хааж битүүлээд гаднаас нь оруулсан төмөр хоолойгоор 30-40 минутын турш халуун уур оруулсны дараа 5-6 цаг битүү байлгаад гаргаж бүлээнээр нь бусад тэжээлтэй хольж, эсвэл дангаар нь өгнө. Дэвтээсэн тэжээлээр мал тэжээхдээ хэт орой өгөхөөс зайлсхийж өдөр өгөх нь зүйтэй. Хэт орой шүүст тэжээлээр тэжээхэд мал их шээж хэвтэр хөлдөх аюултай.

Тэжээлийг амтлах: Хэрчсэн сүрэл, өнжмөл өвсийг таана, агь зэрэг шимт ургамал, няцалсан үр тариа, хивгээр амтлахад үнэр, амт нь сайжирч мал идэх нь нэмэгдэхийн зэрэгцээ чанар нь дээшилдэг. Сүрлийг амтлахын тулд 100 кг хэрчсэн сүрлийг 5-10 кг үр тариа, шимт чанар сайтай ургамлыг нэмж өгнө.

Үр тариаг жижиглэж, нунтаглах: Yp тариаг жижиглэхэд шимт бодис нь тэжээл боловсруулах эрхтний шүүсэнд амархан боловсорч, биед шингэх нь дээшилдэг. Бусад тэжээлтэй холиход тохиромжтой болно. Yp тариаг тээрэмдэж жижиглэхдээ, үхэр хонинд 1.5-2 мм, адуунд бүхлээр буюу томоор буталж өгөх нь тохиромжтой. Тослог ихтэй үр тариаг жижиглэхэд амархан хурших тул хошуу будаа, эрдэнэ шишийг нунтаглаад 10-аас дээш хоног хадгалах нь тохиромжгүй.  Жижиглэсэн үр тариаг бодод 1.0-2.5 кг, бог малд 200-400 г оногдохоор тооцож бусад тэжээлтэй хольж хэрэглэнэ.

Үр тариаг хуурах: Үр тариа хатуу хальстай учир заримдаа боловсорч шингэхдээ удаан байдаг. Төл малыг тэжээхэд зориулан үр тариаг хуурч хэрэглэнэ. Ингэхэд үнэр амт сайжирч, цардуулын шингэх байдал дээшилнэ. Будааг усанд дэвтээсний дараа тогоонд жигд цайвар хүрэн өнгөтэй болтол хуурч, төл малд 100-150 г өгнө.

Үр тарианы зутан бэлтгэх: Yр тариа, ялангуяа хошуу будааг няцалж нунтаглаад зутан хийж төл малд өгөхөд төлийн биед амархан шингэж, өсөлт торнилтыг сайжруулахаас гадна турж доройтсон малыг тэнхрүүлдэг. Зутан бэлтгэхдээ нэг кг хошуу будааг няцалж нунтаглаад 2.5 л буцлам халуун усанд хийж хутган, 1 цагийн дараа шүүж өтгөн хэсгийг давс, хужраар амталж малд өгнө. Шүүж авсан шингэний нэг литр тутамд 5 г давс хийж буцалган, зутан бэлтгэж тугалд 0.7-1.5 л, бог малын төлд 300-400 г өгөхөөс гадна хурга, ишгэнд сүүтэй хольж дээрх хэмжээгээр угжина.

Осгож, даарсан малыг арчлах: Цас их орсноор мал хотондоо цасанд дарагдах нь их байдаг. Даарч осгосон бог малд шар тосыг халааж амны халбагаар өгөөд, илүү гэр, пүнзэнд хийх, боломжгүй бол дулаан хучлагаар хучихад хурдан сэргэнэ. Мөн цасанд дарагдсан үхэр, адууг голд нь орсон хүйтнийг гаргахаар нарийн элсийг тогоонд хийж хууран 3-5 кг орчмоор савлан зоо нуруунд нь бүлээн жин тавих, боломжгүй бол бог малд 50-100 мл, бод малд 200-300 мл архийг амаар нь цутгахад осголтоос хурдан гаргадаг аж. 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:432e:d500:59e6:e842:7682
2024/02/26
1
0
Хаана тийм үр тариа байна аа. Сэлэнгэ Булганд уу Гурилаа худалдаж авч чадахгүй малчид малаа рестронд оруулахнээ.
Хариулах
Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 17 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан 2024/09/07
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2024/09/06
​“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”-ыг цогцлоох ард түмний багийг танилцуулж байна 2024/09/06