Зариг.мн сайт долоон нас хүрлээ. Ойн өдөрт зориулан Өрөг.мн сайтын “Хөрөг” буланд манай сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг уригдан оролцлоо.
Чамайг хоригдоход хэн ч байхгүй байгаа биз дээ? Энэ бол худлаа үг. Намайг хоригдоход Монголын ард түмэн миний талд байсан.
Дүүгийнхээ төрсөн өдрөөр баригдаад явсан. Дөрвөн сар хүнд байдалд байна. Яахаа мэдэхгүй. Заримдаа маш их гомдож харуусаж, тэсэрмээр дэлбэрмээр болтлоо бухимдаж байна. Зарим үед ухаарч байна. Дэгэн догонтой л байна. Эрх чөлөө гэдэг үг ус агаар, ууж идэх гээд бүх зүйлийн нэгдүгээрт тавигддаг. Хүн эрх чөлөөгүй бол хэн ч биш.
Юун дээр алдчихав аа гэхээр, тийм гэмт хэрэг хийгээд, тийм хохирол учруулаад энэ дээр алджээ гэж бодохоос илүү орчин цагаа мэдрээгүй. Ямар нийгэмд амьдраад байгаагаа, хууль хяналтын байгууллага нь ямар болсныг, улс төрчид нь ямар болсныг, сэтгүүл зүй ямар байран дээр байгаа, энэ бүхнийг тооцоолж бодож чадаагүйдээ маш их харамссан.
Н.Өнөрцэцэг гэж хэн бэ? гэдгээс шалгалтын ажиллагаа эхэлсэн. Хүнээр бол бүх хувцсыг нь тайлж байгаад шалгалаа. Ноцтой гойд юм байхгүй гэдгийг би ээж, аав, нутаг, уул ус гээд бүх нэр төрөөрөө андгайлж 200 хувь баталгаатай хэлж чадна.
Би ямар нэг гэмт хэрэг хийсэн бол өнөөдөр ингээд сууж байхгүй
Өдий зэрэгтэй яваа минь миний ээж, аавын гавьяа гэж боддог. Ээж аав минь алт эрдэнэс өгч, хүний хүүхдүүдтэй адил сургалтын төлбөрийг маань бэлдэж өгөөгүй. 120 литрийн савтай айраг өгөөд л явуулдаг байсан шүү дээ. Хувцсаа бэлд гээд л. Тэгээд би хот руу айргаа оруулж ирээд усны тэргэн дээр түрж “айраг аваарай” гээд л зардаг. Айргаа зарж дуусаад хувцсаа аваад явдаг. Жаахан байхаас эхлээд бүх зүйл дээр биеийг нь даалгачихсан.
Ажлын гараан дээр гарч ирээд би ажлаа ч цэвэрлээд, хоёр гартаа халуун савтай аарц бариад автобусанд явдаг байлаа. Ажлынхандаа нэг аяга аарц 2000 төгрөгөөр өгөөд. Эсрэг талын ажлын газарт орж зараад л бүх зүйлийг бүтээж ирсэн. Би сая бүх зүйлээ шалгуулсан гэсэн шүү дээ. Тэгэхдээ би өөрөөрөө бахархсан. Магадгүй ёс зүйн хувьд дэгэн догон бий. Би үүнийг хаана ч хэлнэ. Арван хуруу тэгш хүн байдаггүй байх. Тэрийгээ би өмгөөлөхгүй. Заримдаа үнэхээр санаандгүй алдчихдаг. Заримдаа шатаад алдчихдаг. Заримдаа эр баяртай яваа юм болохоор, хүн бүр Өнөрөө чи мундаг шүү гэж байгаа юм болохоор үүнд цадаж, шатаж алдаа гаргадаг. Олон зүйл бий. Мэдээж ёс зүйн асуудлаа зуун хувь өөгүй, өндөг шиг гэхгүй.
Хоригдох шалтгаануудын маш том үндэслэл болсон, Цэргийн албанд хүний эрхийн зөрчил байгааг. Ардын хүүхдийн асуудлыг хөндсөн тэр хэлэлцүүлэг бол нийгмийг донсолгосон.
Тэрний цохилт над дээр их томоор ирсэн. Миний хувь заяа, миний эрх чөлөө, миний бүх зүйлд том цохилт авч ирсэн ч гэсэн би тэр үед өөрөөрөө бахархсан. Одоо ч бахархал маань хэвээр.
Би хувийн амьдрал байхгүй юм шиг амьдарсан байгаа юм. Ажил дээрээ үр дүнд хүрчихээрээ бяр нь амтагдана гэдэг шиг чадчихлаа гээд өөртөө урам өгөөд явдаг.Ялангуяа зовж зүдэрсэн хүүхдийн харц өөрчлөгдөх үед Өнөрцэцэг ээ би чамаар бахархаж байна гэж өөртөө хэлдэг.
Хүмүүс янз янзаар л хэлж байна. Улс төрийн намууд санал тавьж байна. Чи одоо нэр дэвш гэх мэтээр. Ойр тойрны хүмүүс чи одоо сэтгүүлчээр ажиллаад яах юм. Дахиад даргын болохгүй бүтэхгүйг илчлэхээр дахин Хөгжлийн банкны асуудлыг хөндөхөөр 30 гишүүн чиний дайсан болно. Дахид нэг БЗС-ийн асуудлыг хөндөхөөр 40 гишүүн чиний дайсан болно. Одоо чи ажиллаад яах юм бэ гэдэг.
Унаган зан гэх юм бол би маш их хөдөлмөрч. Юуг л бол юуг хийнэ. Яаж ч бол яаж хийнэ. Зогсохгүй. Би үр хүүхдээ тэжээх тал дээр хэнээс ч илүү хөдөлмөрлөөд хаана ч миний оройн зай байгаа.
Одоо амиа бодох уу, эсвэл энэ бүхнийг туулаад мэдэрсэн хүний хувьд, би нэг мөрөөдөлтэй байсан. Тэр бол өмгөөлөгч болох.Өмгөөлөгч бол миний хийх ёстой ажил юм байна гэж бодсон. Тэр бодол маань ч байгаа. Янз янзын л бодол байна даа.
Хамт олноо бодохоор их хэцүү байдаг юм. Сүүлийн саруудад хамт олноо үнэхээр зовоочихлоо. Нэг нь ч ажлаасаа гараагүй. Яг миний үр хүүхдүүд юм шиг байсан. Зарим нь гадуурхаад л. Эрхлэгч нь гэмт хэрэг хийсэн юм шиг. Асар их сэтгэл зүйн дарамтад манай хамт олон байсан. Би өөрөө ганцаараа зовсон гэхээс илүү хүмүүсийг зовоосондоо харамсаад байдаг. Тэр хүмүүс сайхан амьдрах ёстой. Эзэн ганцаараа сайхан амьдрах биш. Тийм хүсэл тэмүүллээр би хамт олноо хайрладаг.
Хамт олондоо баярлалаа. Эрхлэгчийгээ уучлаарай. Бүгдээрээ ийм л хувь тавилантай байсан юм байлгүй. Мэдээж өнөөдөр бүгдээрээ гунигтай байгаа ч маргааш инээх өдөр ирнэ. Тэрэнд итгээрэй гэж хэлмээр байна.
Мөн бидэнд итгэдэг Монголын иргэд олон нийт бий. Та бүхэндээ Зариг.мн сайтын долоон жилийн ойн баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл (35)