Чонжү хотоос 40 минутын зайд орших Сэжун хот
Чусон улсын үеийн Сэжун хаанаар овоглосон Сэжун хот нь БНСУ-ын орчин үеийн шинэ хотуудын нэг юм. 2006 оноос эхлэн Сөүл хотын хүн амын нягтралыг бууруулж, Засгийн газрын яам, агентлагуудыг нүүлгэн шилжүүлэх зорилгоор Сэжун хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байдаг. Залуусын хот гэгдэх Сэжун хот нь өдгөө 380,000 гаруй хүн амтай бөгөөд 465км2 газар нутагтай. 2021 оны байдлаар засгийн газрын харьяа 45 төрийн захиргааны байгууллага, 20 төрийн өмчит байгууллага тус хотруу шилжин үйл ажиллагаагаа явуулж байна. Газар нутгийн байршлын хувьд Сэжун хот нь Сөүл хотоос 2 цаг, Улаанбаатараас шууд нислэгтэй Чонжү хотоос 1 цагийн зайд байрладаг.
Засаг захиргааны байгууллагууд төвлөрсөн залуу хот болох Сэжун хот нь сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбартаа түлхүү анхаарах болсон бөгөөд тус хотын төлөвлөлт, аялал жуулчлалын бүсүүдийг зорин ирэх аялагчдын тоо ч жилээс жилд нэмэгдсээр байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр дамжуулан Сэжун хотын онцлох газруудыг уншигч та бүхэнд хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АРХИВ
БНСУ-ын үе үеийн ерөнхийлөгчдийн түүх, үзэл баримтлал, хөрөг зураг, эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, дотоод гадаадаас ирсэн бэлэг дурсгалын зүйлс, ёслолын машин зэргийг энэхүү олон нийтэд нээлттэй архиваас үзэж сонирхох боломжтой. Тус архив нь ерөнхийлөгчийн билэг тэмдэг, ерөнхийлөгчийн ажил үүрэг, ерөнхийлөгчийн дурсгалын танхим, ерөнхийлөгчийн бэлэг дурсгал, хүүхдүүдэд зориулсан үзмэрийн танхим, ёслолын автомашины танхим зэрэг нийт 6 танхимаас бүрддэг байна.