Ч.Лодойсамбуу: Ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг

О.Шүрэнцэцэг
2024/08/15

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай ярилцлаа. 

--------------------------------------------------------------------------------------------------------

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүж, ял оноосон нь нийгэмд талцал үүсгэсэн. Саяхан тэрбээр Давж заалдах шатны шүүхэд хандсан тухай мэдээлэл гарсан байсан. Та хоригдсонооос нь хойш биечилж уулзсан уу. Энэ асуудал дээр ер нь ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь хоёр асуудал байгаа юм. Нэг нь хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой. Нөгөө нь хувь сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудал. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн  асуудал дээр нь би олон жилийн турш сайн муу, ил далд, өөрт нь гээд байр сууриудаа хэлж байсан. Харин энэ удаагийн холбогдсон хэрэг нь өнгөрсөн саруудад эхлээд таслан сэргийлсэн. Дараа нь гэрийн хорионд байлгасан гээд нийтдээ найман сарын туршид эрүүдэн шүүлээ гэж үзэж байгаагаа ч хэлсэн. Хэрэг нь огт шийдэгддэггүй. Тэгсэн хэрнээ гэрт нь хориод мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарласан.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг чинь тусгай чиг үүргийн шахуу үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Үүн дээр нь ч гэсэн би эсэргүүцэж байсан. Сэжигтэн, яллагдагч нь байна уу, байна. Хэрэг нь байна. Гэтэл найман сарын туршид хэргийг нь шийдээгүй.

-Залхаан цээрлүүлж байна гэж байсан?

-Залхаан цээрлүүлж байна. Үүнийг бусдад нь харуулах гээд байгаа юм уу гээд би эсэргүүцэж байсан. Ингэж байгаад шүүх хурал болсон. Харин үүний дараа хэргийн материалтай танилцаагүй учраас би илүү үг хэлж чадахгүй болсон. Хэргийн материалтай танилцахын тулд би нууцын баталгаанд гарын үсэг зурах шаардлагатай болно. Хэрэв ингэсэн тохиолдолд би хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар “Аа” ч гэж дуугарч чадахгүй болно. Тийм болохоор надад хэргийн материалтай танилцах эрх нь байгаа ч танилцахгүй байгаа юм.

Нөгөө талдаа өмгөөлөгчгүй шүүсэн гэдэг дээр шүүхийн гаргасан тайлбар, мэдээллийг харсан. Н.Өнөрцэцэгтэй бол би байнгын л холбоотой байж ирсэн. Сонгуулийн өмнө ч гэсэн өөртэй нь уулзаад зөвлөгөө өгч, саналаа хэлж байсан. 

Одоо нэгэнт шүүхээр явж байгаа л бол шүүхийн процессыг харна. Ямар нэгэн байдлаар шүүхийн гадаа очдог ч юм уу, тийм үйлдэл хийхийн эсрэг байгаа.

-Шалтгаан нь юу вэ?

-Одоо би чинь сэтгүүлч гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүн буюу хууль тогтоох байгууллагад ажиллаж байгаа хүн. Тийм болохоор хүнээс шаардах, биш өөрөө хийх ёстой субьект. Тэгэхээр би одоо асуудлыг Н.Өнөрцэцэг гэж харахаа больж эхэлж байгаа. Энэ чинь хувь сэтгүүлч гэхээсээ хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой юм байна. Мэдээлэл цуглуулах, олж авах, түүнийгээ хадгалах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой тогтмол үүсч байгаа асуудал юм байна. Нөгөө талдаа сэтгүүлчдэд хариуцлагын асуудал бий. Эдгээрийг цогцоор нь авч үзээд Эрүүгийн хуулиас эхлээд маш олон хуульд өөрчлөлт орох шаардлагатай. Тийм болохоор УИХ дээр ажлын хэсэг байгуулж, өөрөө ахлаад үндсэн ажлаа хийнэ. Намрын чуулганаар хэвлэлийн эрх чөлөөг эрүүгийн болон бусад хуулиудын дөнгөнөөс салгах ажлын хэсэг байгуулна. Ингээд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж, оношоо тогтоож байж хуулийн өөрчлөлтүүдийг хийнэ.

-Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн төслүүд үе, үеийн парламентаар хэлэлцэгдэж, яригдаж байсан ч батлагдаж ч а даагүй. Үүний шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Манай сэтгүүлчид өөрсдөө унагаад байдаг юм шүү дээ. Эвлэл нь өөрсдөө унагаадаг.

-Яагаад?

-Нарийн түүхчилж санахгүй байгаа ч манай сэтгүүлчид заалт заалтаар нь эсэргүүцэж байгаад л унагаачихдаг. Эрүүгийн хуульд 2002 онд гүтгэн доромжлох гэж байсан. Үүнийг илт худал мэдээлэл гэж хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож эхэлсэн нь 2017 он. Тэр үед сэтгүүлчид бидэнд өндөр торгууль ирээд байна. Тийм болохоор Эрүүгийн хуульд оруулаад хатуу шийддэг болъё гэсэн саналыг сэтгүүлчид гаргаж байсан. Тиймээс бид одоо хариуцлагаа их тодорхой болгомоор байгаа юм. Эрх чөлөөтэй ажиллана, гэхдээ дур зоргоороо биш. Нэг талдаа ёс зүй, хариуцлагатай, нөгөө талдаа эрх чөлөөтэй ажиллах юм байна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Миний хувийн байр суурь бол Ажлын хэсэг байгуулаад Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг барьж явахгүй. Харин одоо хэвлэлийн эрх чөлөөнд халтай байгаа хуулиудад өөрчлөлт оруулж, дөнгөнөөс нь салгая л гэж байгаа юм. Мөн сэтгүүлчийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Эцсийн дүндээ хүний нэр төр, алдар хүнд л яригддаг шүү дээ. Энэ нь иргэний хуулиар яваад хэрэв гүтгүүлсэн, хохирсон бол хохирлыг нь тогтоогоод үүнийг нь барагдуулдаг нөхцөл рүү явж орохоос аргагүй. Харамсалтай нь үүнээс сэтгүүлчид айдаг. Өндөр төлбөр төлөх нь, тиймээс Эрүүгийн хуулиар явъя гэдэг. Гэтэл Эрүүгийн хуулиар явахаар бага торгуулдаг байж болох ч эрүүгийн ялтай. Энэ нь нийгмийн харилцааны наад захын босго давахааргүй болгочихдог. Бидэнд одоо ганц нүүр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль байгаадаа баярлах хэрэгтэй. Манайхан болохоор маш олон эрх өгсөн заалтыг л хуульд оруулахыг хүсээд байдаг. Гэтэл эрх өгсөн заалт нэмэгдэх болгонд үүрэг хүлээсэн заалт нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй.

-Ажлын хэсэгтээ ямар, ямар хүмүүсийг оруулах вэ?

-Хууль зүйн байнгын хорооны гишүүд, манай намын бүлгийн гишүүд орно. МАН-ын бүлэгт сэтгүүлч гишүүд байвал урилга өгнө. Аль болох л тал талын санаа бодлыг тусгахыг хичээнэ. Нэгэнт л хамтарч байгаа бол хамтраад ажлаа урагшлуулахын тулд ажиллана.

-Та сэтгүүлчийн хариуцлагыг хөндөж байна. Тэгэхээр хариуцлага сул байгаа учраас нийгэмд сэтгүүлч мэргэжлийн, хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүнд унаад байна гэж ойлгох уу?

-Хаалттай нийгэмд, ялангуяа мэдээллийн технологи хөгжөөгүй, хэвлэмэл материал, нэг дэлгэцээр мэдээллээ авдаг байхад сэтгүүлчийн нэр хүнд өндөр байсан. Одоо ч хаалттай нийгэмд тийм байгаа. Гэтэл ардчилсан нийгэмд сайн сэтгүүлч муу нэртэй байдаг. Үргэлж нуусан зүйлийг нь дэлгэж тавьдаг. Эрх баригчдын дургүй хүн байдаг учраас муу нэртэй болгох бүхий л арга хэмжээг авдаг. Сүүлдээ эх орноосоо зугтдаг байдал чинь ардчилсан нийгэмд л харагддаг зүйл шүү дээ. Тиймээс сэтгүүлчийн нэр хүнд гэдэг өөрөө их харьцангуй ойлголт. Дээрээс нь сайн сэтгүүлч угаасаа л сайн нэртэй байдаг. Зарчмаа мөрддөг, хуулиа барьдаг, яах гэж ажиллаж байгаагаа мэддэг сэтгүүлчийн нэр хүнд сайн л байдаг шүү дээ.   

Эх сурвалж: "Өдрийн сонин"



0
angry
1
care
0
haha
3
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 19 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20