ТОМИЛОЛТ: Ерөнхийлөгчийн Туркменистанд хийсэн айлчлалын үр дүн юу байв?

Л.Бямбажав
2024/10/15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийгээд ирлээ. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш түүхэндээ анх удаа төрийн айлчлал хэрэгжүүлсэн нь. Төв азийн цагаан сувд гэгдэх Туркменистан Улс "Стан" орнуудаас ганцаараа хаалттай үлдэж, ийн “үүдээ” нээж төрийн айлчлалаа Монгол Улсыг сонгосон нь анхаарал татна. 

Туркменистан Улсын хувьд Монголчуудад тийм ч танил биш. Тус улсад оршин сууж буй монгол иргэдийн талаар мэдээлэлгүй харин Монгол Улсад Туркменистаны таван иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 гаруй жил хоёр улс улс төрийн болон эдийн засгийн харилцаа зогсонги байдалтай байсан бол Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааныхаа салбаруудыг тодорхойллоо.

Ерөнхийлөгч айлчлалын эхний өдөр “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцож, нээлтийн үйл ажиллагаанд үг хэлсэн. Энэхүү арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистан  зэрэг улсын төрийн тэргүүн нар болон Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид мөн оролцов. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүс нутгийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын гадаад бодлогын талаар үг хэлэхдээ энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо дахин илэрхийлсэн нь "Цаашдаа Монгол Улстай Төв Азийн орнуудын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарах мессэжийг өглөө" хэмээн бусад орны Ерөнхийлөгч өндрөөр үнэлсэн юм.

- ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫХАА САЛБАРУУДЫГ ТОДОРХОЙЛСОН НЬ ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАВ-

Айчлалын хоёрдахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Хоёр талын харилцааны механизм нь зөвхөн Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт байсан бол энэхүү айлчлалаар суурь гол баримт бичгүүдээ байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааныхаа салбаруудыг тодорхойлсон нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргав.Тухайлбал,  агаарын харилцааны болон олон улсын автотээврийн тухай Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулав.

Мөн аялал жуулчлал, соёлын салбартай хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд  Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан Монгол, Туркменистаны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн.

Хоёр тал цаашид бодитой хамтын ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл аль алинд нь байгааг онцлов.

Монгол, Туркменистан улс нь далайд гарцгүй орнуудын хувьд цаашид далайд гарцгүй улс орнуудын өмнө тулгарч буй тээвэр, логистик, худалдааны саад, тотгорыг арилгах чиглэлээр олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлсэн юм. Туркменистан Улс жил бүр НҮБ-ын хүрээнд дамжин өнгөрөх тээврийн асуудлыг чухалчлан авч үздэг. Төвийг сахих гадаад бодлоготой тус улс нь олон улсын хэлэлцээрүүдэд төдийлөн нэгдэж ороод байдаггүй ч НҮБ-ын хүрээнд манай улстай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа дамжин өнгөрөх тээврийн асуудлыг идэвхтэй авч хэлэлцүүлж НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргуулсан Туркменистан Улс дотооддоо дэд бүтцээ хэдийнээ бэлдэж, Төв Азийн орнуудтай холбогдох боомтоо Каспийн тэнгист байгуулсан билээ. Өөрөөр хэлбэл, Туркменистан улс гадагшаа нээгдэж олон улсын хэмжээнд худалдаа хийхээр зэхэж буй учир олон улсын харилцааны хүрээнд хамгийн ойр дотны гэж үзэж буй уламжлалт найрсаг харилцаатай орнуудтай идэвхтэй гадаад харилцаа явуулах сонирхол байгаа нь илт.

Манай улс далайд гарцгүй орон учраас аливаа нэгэн боомтыг ашиглах нь ямар ч нөхцөлд ашигтай. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр айлын тал дээрх саналыг гаргаж Каспийн тэнгисийн боомтоо ашиглуулахаар тохиролцсон.

Товчхондоо хоёр улс бүхий л чиглэлд хамтран ажиллах харилцан сонирхлуудаа маш нарийн тодорхойлсон гэсэн үг. Ингэхийн тулд Засгийн газар хоорондын комиссыг байгуулах боллоо. Тус улсын хувьд маш цөөн улстай Засгийн газар хоорондын комисс байгуулсан байдаг аж.

Энэ удаагийн айлчлалаар  аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулсан нь Монгол, Туркменистаны ард иргэд улс орноо харилцан сурталчлан таниулах, хоёр улсын түүх, соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.

Монгол Улс Төв Азийн орнуудтай идэвхтэй харилцаагаа цэцэглүүлэн хөгжүүлэх хүрээнд явагдсан тус айлчлалаар  Монгол, Туркменистан найрамдал, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлж, харилцан бие биеэ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

  1. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  2. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”;
  3. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  4. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Туркменистан Улсын Соёлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”;
  5. “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  6. “Мал эмнэлэг, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”;
  7. “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Туркменистан Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

 Сонирхуулахад, Туркменистан улсын нийт газар нутгийн 70 хувийг Каракум буюу хар элсэн цөл бүрхдэг. Байгаль орчныг хамгаалах, үндэсний ойн иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд тус улс жилд 3 сая мод тарьж байна. Одоогоор нийт 145 сая гаруй мод, бутыг тарьжээ. Туркменистан улс нь дэлхийд нефть, байгалийн хийн нөөцөөрөө дөрөвдүгээрт ордог. 1993 оноос хойш тус улсын иргэдэд төрөөс үнэгүй цахилгаан, ус болон байгалийн хийгээр хангаж иржээ. 


 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 52 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 59 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20